Хэвлэл мэдээллийн найрсаг хамтын ажиллагаа аливаа улс орнуудын оюун санааны гүүр төдийгүй хоёр талыг үнэн бодит мэдээллээр хангах, ард иргэдийн харилцаа, солилцоог нэмэгдүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг том хүч юм. Үүнийг дагаад шинэ харилцааны түүх ч улам баяжиж байдаг. Тэр хэрээр хоёр улсын найрсаг хамтын ажиллагаанд түрлэг нэмэгдэх нь тодорхой буй.
Өнөөдрөөс 14 жилийн өмнө Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн анхдугаар форум “Монгол, Хятадын найрамдлыг дэмжих, олон нийтийн яриа хэлцэл, санаа бодлыг хангая” сэдвээр эхэлж байжээ. Эдүгээ 14 дэх жилдээ ӨМӨЗО-ны Улаанцав хотноо “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүч ба орчин үеийн шинэчлэл, хамтын ажиллагаа” сэдвийн дор боллоо.
Хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ийн чуулж, хэлэлцэж буй гол зорилго нь хоёр орны найрамдлыг бататган, иргэд, олон нийтэд эерэг мэдээлэл түгээх явдал юм.
Энэ удаагийн форумаар талууд хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн баталж, харилцан сурвалжилга хийх, туршлага солилцох, бүс ба зам санаачилгыг таниулах зэрэг ажлыг тусгалаа. Мөн харилцах суралцах, техник, технологийн шинэчлэлийг хамтран хийх, нийгмийн сүлжээнд хэвлэл мэдээллийн салбарын оролцоог нэмэгдүүлэх дэмжин ажиллах, орчин үеийн хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлтөд харилцан дасан зохицох зэрэг саналуудыг зөвлөлдсөн юм.
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 14 дүгээр форумд Монгол улсаас МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатараар ахлуулсан 40 хэвлэл мэдээллиийн төлөөлөл, Хятад талаас Бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны байнгын дэд Ерөнхийлөгч Лю Сыян тэргүүтэй 70 хэвлэл мэдээллийн төлөөлөгч оролцсон юм. Ирэх жил 15 дугаар форум манай улсад зохион байгуулагдана.
ХОЁР ОРНЫ ИРГЭДЭД МЭДЭЭЛЛИЙН ГҮҮР БОЛОХ ЧАДАЛ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛД БИЙ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар “Энэ 14 жилийн хугацаанд бидэнд хөндөөгүй сэдэв, ярилцаагүй салбар, зөвлөлдөөгүй зүйл гэж байхгүй. Хэвлэл мэдээллийн салбарын давуу тал нь иргэдэд зөвийг тунгаах, бурууг ойлгох, асуудлыг мэдэх боломж олгодог. Бидэнд хоёр орны иргэдэд мэдээллийг гүүр болох чадал байна” гэсэн юм.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН СОЛИЛЦООГООР МОНГОЛ, ХЯТАДЫН НАЙРАМДЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ
Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын нарийн бичгийн дарга, холбооны дэд дарга Лю Сыян “Монгол, Хятад хоёр орон уул, усаараа холбогдсон найрсаг хөршүүд бөгөөд хоёр орны харилцаа, хөгжил эрч хүчтэй хэвээр байна. Энэхүү хэвлэл мэдээллийн форум цар тахлын үед ч тасалдаагүй бөгөөд хоёр орны хэвлэл мэдээллийн салбар хүмүүнлэгийн солилцоог сайжруулахад чухал нөлөө үзүүлсэн.
Өнгөрсөн 14 жилийг эргээд харахад, бид зузаан сэтгэлээр нөхөрлөж, найрсаг харилцаа тогтоож, чанартай мэдээллүүд түгээжээ. “Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форум” гэх мод хоёр орны хэвлэл мэдээллийн ажилтнуудын усалгаа дор эрчимтэй ургаж, цэцэглэн хөгжиж, баялаг үр, жимс сууж талуудын найрамдлын хөгжил болоод бүх л салбарын ажил хэрэг, хамтын ажиллагааны гэрч болжээ” гэсэн юм.
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ЦАХИМ ШИЛЖИЛТЭД ТУЛГУУРЛАЖ БАЙНА
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 14 дүгээр форумд Монцамэ агентлагийн Дотоод мэдээний дарга Ш.Батболд “Монголын хэвлэл мэдээллийн орчин үеийн шинэчлэл, хөгжил цахим шилжилтэд тулгуурлаж байна” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Түүний илтгэлээл товчхон дурдвал “Өнөөдөр Монгол улсад албан ёсны бүртгэлтэй 450 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд Монголд цахим мэдээллийн хэрэгслийн тоо өсөж, сонин, сэтгүүл, телевиз, радиогийн тоо буурчээ. Ингэхдээ тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хаагдаж байгаа бус цаг үеийн шаардлагыг даган, цахим шилжиж байна.
Дэлхийн сэтгүүл зүйн чиг хандлага интернет сэтгүүл зүйд тулгуурлах болсонтой харьцуулахад, манай улсын сэтгүүл зүй орчин үеийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж байгаа нь таатай хэрэг. Гэхдээ цахим сэтгүүл зүйд эерэг, сөрөг талууд бий. Үүний эерэг хандлага нь:
- Мэдээлэл олон сувгаар тарж байгаа нь хэрэглэгчдэд тун хялбар болсон.
- Хэрэглэгч өөрөө мэдээлэл түгээхэд оролцох боломжтой болсон.
- Интернет сэтгүүл зүй энэ салбарт хямд зардлаар ажиллах боломж нээсэн.
Харин нөгөө талдаа:
- Мэдээлэл улам бүр ижилсэж байна.
- Бусдын мэдээлэл буюу оюуны өмчийн хулгай газар авсан.
- Сэтгүүлдийн мэргэжлийн ур чадвар суларсан зэрэг сөрөг талууд ажиглагдаж байна” гэсэн юм.
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форумд оролцсон төлөөлөгчид Шаньдүн хотын Яньтай, Чиндао хотуудаар зочилж, томоохон үйлдвэрүүд, түүхийн дурсгалт газрууд, аялал жуулчлалын бүсүүдээс сурвалжилга бэлтгэлээ.