“Миний ажлын үр дүн бол зөвхөн минийх биш. Баг хамт олны л хүч шүү дээ. Сурах юм их байна” хэмээн байн байн ярих даруухан яриатай залуухан эмчийг П.Отгонбаяр гэдэг. 2013 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын эмнэлгээс ажлын гараагаа эхэлсэн тэрээр ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн их эмчээр тав дахь жилдээ ажиллаж байна. Шинэ хүнээ өлгийдөж, амсхийх чөлөөгүй бужигнах их ажлынхаа дундуур бидэнд цаг гаргасан юм. “Би өнөөдөр амбулаторийн үзлэгийн жижүүрийн ээлжтэй. Нэмэлт цаг авсан хүмүүс удахгүй ирнэ. Оройн 18 цаг өнгөртөл ЭХО үзлэгтэй. Нэг их удахгүй байх, тийм үү” гэсээр ярилцлагаа эхэллээ. Орой болсон ч “Эх нялхас”-ынхны ажил ундраастай байх ажээ.
“ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛДЭЭ ХӨТЛӨГДӨЖ ЭМЧ БОЛОХООР ЗҮТГЭСЭН”
П.Отгонбаяр эмч нийтдээ 11 жил ажиллаж, сурч байж Эх барих, эмэгтэйчүүдийн эмч хэмээх нарийн мэргэжлийг эзэмшжээ. Одоогоос 10 жилийн өмнө анагаахын сургууль төгссөн оюутан резидентэд сурахын тулд эхлээд анхан шатны нэгжид багадаа хоёр жил ажиллахыг шаарддаг байсан тул 2013-2016 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд очиж ажилласан байна. Тэрээр эмч болохоор зориг шулуудсан талаар ярихдаа “Би айлын отгон хүүхэд. 10 жилээсээ л эмч болно гэдэг сонголтоо хийчихсэн байсан. Бас эмч болчихвол ээждээ илүү их санаа тавьж, эмчилж, түшиг тулгуур болж чадах юм байна” гэсэн итгэл, хүсэл тэмүүллээр мэргэжлээ эргэлзэхгүй сонгосон. 2016-2018 онд ЭХЭМҮТ-дөө резидентээр сурч төгсөөд, үүнээс хойш үндсэн эмчээр тасралтгүй ажиллаж байна.
Эх барих, эмэгтэйчүүдийн эмч гэдэг хамгийн гоё мэргэжил гэж боддог. Хэдийгээр эрсдэл өндөртэй ч гэсэн эмнэлгийн олон чиглэлийн ажлыг хавсарч хийдэг. Эх барьж авна. Эх барихын хавсарсан оноштой ээжүүдийг үзэж, оношилж, эмчилж байна. Ингэснээрээ давхар дотрын эмчээ ч хийчхэж байна гэсэн үг. ЭХО-д харж, дүрс оношилгооны эмчийн үүрэг гүйцэтгэнэ. Эмэгтэйчүүдийн мэс заслаа ч хийнэ гээд хөрвөж ажилладаг нь сайхан байдаг" гэсэн юм.
ГЭР БҮЛ, ХАМТ ОЛНЫ МИНЬ ДЭМЖЛЭГ ХАМГИЙН ТОМ ХҮЧ БАЙДАГ
Анх ЭХЭМҮТ-д ажилд орох үедээ Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникд хуваарилагдаж, нэг жил ажилласан. Эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийг хянадаг байсан юм. Сандарч тэвдэх үе бишгүй л гарна. Гэхдээ миний хажууд олон жил ажилласан эмч, багш нар маань байсан учраас, тэр хүмүүсийн ачаар ихийг сурсан. Одоо ч гэсэн суралцаж л байна. Эрүүл мэндийн салбар бол багаар ажилладаг салбар. Ганц би байгаад бүхнийг даван туулж чадахгүй. Эмч, сувилагч бүгд нийлж, хамтдаа хичээж байж л эцсийн үр дүнг үздэг. Бас, гэр бүлийн дэмжлэг их чухал байдаг. Гэртээ очоод л ядарснаа мэдэрдэг. Тэр бүхэнд эхнэр маань ажлын маань онцлогийг их ойлгож дэмждэг.
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗҮҮЛЭЛТЭЭ ХЯНАЖ БАЙЖ ЖИРЭМСЛЭХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ”
Эрүүл эцэг эхээс эрүүл хүүхэд төрнө. Тиймээс жирэмслэхээр төлөвлөж байгаа залуу хосууд урьдчилж үзлэг шинжилгээнд орж “Би эрүүл үү, жирэмсэлж болох уу” гэдгээ үзүүлэх, эрүүл гэдгээ баталгаажуулах чухал. Удамд нь даралт ихэсдэг хүн байсан уу, өөрийнх нь даралт ихэсдэг үү гэх мэт зүйлсийг мэддэг байх ёстой. Даралт нь ихэсдэг гэдгээ жирэмсэлнийхээ хойно мэдэх тохиолдлууд бий. Энэ тохиолдолд жирэмсний хугацаанд суурь хүндрэл бий болдог. Үүн шиг эрсдэлүүдийг жирэмслэхээсээ өмнө тооцдог байх хэрэгтэй.
Харин ээжүүд жирэмсэн үедээ буюу ураг тээж байх хугацаандаа хэд хэдэн зүйлсийг анхаарах чухал. Нэгдүгээрт, ээжүүд жирэмсэн байх хугацаанд таргалалт явагддаг. Яагаад гэвэл, хоолны дэглэм барьдаггүй. Жирэмсэн үед бодисын солилцооны эмгэг үүсэх эрсдэлтэй байдаг. Жирэмсний сахартай болсноор урагт архаг бүтэлт үүсэж, энэ нь цаашдаа гүнзгийрэх гэх мэт. Тиймээс хоолны дэглэм барих нь чухал байдаг. Хоёрдугаарт, хорт зуршил байна. Хорт зуршлаа хаягүйгээр жирэмслэх нь ураг тээх хугацаанд ихээхэн эрсдэл дагуулдаг. Дээрээс нь, хожуу хордлого гэж бий. Энэ нь даралт ихсэх, хавагнах, шээсээр уураг хаях гэсэн гурван гол шинжээр илэрдэг. Гэхдээ үүнийг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж оношилно. Хожуу үеийн хүндрэлээс болж даралт ихсээд байна гэдгийг хүмүүс мэддэггүй. Тиймээс жирэмсний хугацаандаа эмчид маш сайн үзүүлж, даралтаа тогтмол хянуулж байх ёстой. Түүнчлэн, үрэвсэл, халдвараас болж, жирэмсэн ээжүүдийн бие хүндэрдэг. Тиймээс үзлэг шинжилгээндээ цаг тухайд нь орж, өөрчлөлттэй гарах юм бол сайн эмчлүүлэх хэрэгтэй. Хүндэрвэл амь насанд ч аюултай. Жирэмсэн үед нэг биш, хоёр хүн тэжээгдэж байгаа. Тиймээс биемахбодийн уураг багасдаг. Үүнээс шалтгаалж хавагнадаг. Гэтэл хүмүүс гэртээ хаван хөөх эм уучихлаа гээд ирэх тохиолдол ч бий. Дур мэдэж эм ууж хэрхэвч болохгүй. Эмч л үзэж, оношилно шүү гэдгийг сайтар захиж хэлмээр байна.
“ТА ХҮҮТЭЙ БОЛЛОО, ОХИНТОЙ БОЛЛОО” ГЭЖ БАЯРТ МЭДЭЭ ДУУЛГАХ МӨЧ ХАМГИЙН САЙХАН”
Эх барихын салбарт ажиллаж байгаадаа маш их баярладаг. “Та хүүтэй боллоо, охинтой боллоо. Баяр хүргэе” гээд тэр гэр бүлд хамгийн сайхан мэдээг нь дуулгахад үнэхээр сайхан мэдрэмж авдаг. Бас, нэг хүний оношийг зөв тодруулаад, эмчилгээг нь үр дүнтэй хийхэд түүнээс их урам авна. Мэдээж, гар нийлсэн хамт олныхоо дэмэнд ч их урамшдаг. Өнөөдөр би залуу, туршлага нимгэн байна. Гэхдээ ЭХЭМҮТ-ийн эмч нар маань, багш нар маань маш сайхан чиглүүлж, сургаж байдагт нь талархаж явдаг. “Та нараасаа дандаа суралцаж явдаг шүү. Хайртай шүү" гэж хэлмээр байна.
“ҮГЭЭ НУХАЦТАЙ ЦЭГНЭЖ, ШАНАЛАХ ҮЕ Ч БИЙ”
Эмч хүн баяртай мэдээг үнэхээр сайхан, нүүр бардам дуулгана. Гэтэл нөгөө талдаа амаржсан ээжийн бие хүндэрсэн тухай тааруухан мэдээг ар гэрт нь яаж дуулгах вэ гэдэг хэцүү байдаг. Эмч ч гэсэн ялгаагүй хүн л юм болохоор “Ар гэрт нь яаж энэ мэдээг нь хэлэх вэ” гэж санаа зовж, хэлэх үгээ дотроо нэлээн боддог. Ингэж байж тэр хүмүүстээ зөвөөр ойлгуулахгүй бол болохгүй шүү дээ. Ийм учраас энэ тал дээр маш их хичээдэг.
Нэг удаа эмэгтэйчүүдийн мэс засалд орсон юм. Маш том хэмжээтэй хоргүй хавдрыг авах мэс засал байсан. Гэтэл байдал бишдэж, нэлээн сандаргасан. Бүх зөвлөх эмчээ дуудаад, Эрчимтийн эмч нартайгаа хамтраад ард нь гарч байлаа. Манай зөвлөхүүд, бас “Эрчимт”-ийнхэн маш чадварлаг баг байдаг. Тухайн хүн их хэмжээгээр цус алдаж байгаа ч гэсэн бүх амин үзүүлэлтүүдийг нь хэвийн хэмжээнд бариад, эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг нь хангаад ажилладаг.
Бас, жирэмсэн ээжүүд дээр ч эрсдэл их тохиолддог. Хоёр ихэр жирэмсэн ээжийг яаралтай мэс засалд оруулсан юм. Тухайн үед жирэмсний хожуу үеийн хордлого нь хүндэрчихсэн байсан. Хүүхэд нь бүтэх гээд байсан учраас яаралтай мэс засал хийсэн. Цаг ч орой болчихсон байсан. Хэдийгээр мэс заслын бэлтгэлээ сайтар хангаж орсон ч гэсэн тааварлахын аргагүй их цус алдсан. Тэр үед маш их сандарч байсан. Цус алдалт гэдэг хэцүү шүү дээ. Хүнд хэцүү бүх зүйлийн ард бид багаараа л хамтдаа гардаг.
“ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭЛҮҮЛЭХИЙН ТУЛД ЭМЧ НАР БИД ӨӨРСДӨӨ Ч БАС ХИЧЭЭЕ”
Өнөөдөр эрүүл мэндийн салбарын нэг тулгамдсан асуудал нь цалин мөнгө. Залуус бид цалингаас цалингийн хооронд л зав чөлөөгүй л явж байдаг шүү дээ. Саяхан Засгийн газрын тогтоолоор эмч нарын цалинг нэмсэн л дээ. Цаашдаа ч төрөөсзалуу эмч нартаа илүү их боломж олгож дэмжих байх гэж найдаж байна. Дэмжүүлэхийн тулд бид нарын хичээл зүтгэл ч бас хэрэгтэй байх. Гэр бүлийнхээ төлөө, байгууллагынхаа төлөө, эрдэм мэдлэгээ сайжруулах чухал байна. Орчин үед гадаад хэлгүй бол явахгүй, хэцүү болчихлоо шүү дээ. Хэлээ сайжруулах гэх мэтээр өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй юм болов уу гэж бодож байна.
“АМЬДРАХ ТААТАЙ НӨХЦЛИЙГ НЬ БҮРДҮҮЛЧИХВЭЛ ЗАЛУУ ЭМЧ НАР АЛСЛАГДСАН СУМАНД ОЛНООР ОЧИЖ АЖИЛЛАНА”
2013-2016 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын эмчээр гурван жил ажилласан. Хөдөө орон нутаг ажиллаж амьдрах сайхан. Сумын эмнэлэгт ажиллахад бүх юмыг л гардаж хийдэг. Амбулаторийн үзлэг ч хийнэ. Хөдөө, алсын дуудлаганд ч явна. Гэмтлийн дуудлаганд ч явна, төрөх гэж байгаа ээжийг эх барьж авна гэх мэтээр хөрвөж ажиллана. Суманд тэгж ажиллахад эмч хүний клиник сэтгэлгээ сайжирдаг юм болов уу анзаарсан. Өөр дээрээ тулгарч байсан асуудлуудаасаа харахад, хотоос хөдөөд очих эмч нар хаана амьдрах вэ гэдэг асуудал байдаг юм билээ. Амьдрах орон байр тун хомс байсан. Эндээс харахад, залуус суманд очиж ажиллахад байрны асуудлыг нь шийдэж, цалин мөнгийг нь сайжруулахад анхаарчихвал тийшээ очиж ажиллах залуусын урсгал нэмэгдэх юм болов уу гэж харж байна.
“ГАДААДАД СУРСАН Ч ЭХ ОРОНДОО Л ИРЖ АЖИЛЛААСАЙ”
Би өнөөдөр ЭХЭМҮТ гэсэн том айлын нэг эд эс болж, эх, хүүхдийн төлөө ажиллаж байгаа маань эх орныхоо төлөө оруулж байгаа өчүүхэн нэг хувь нэмэр болов уу гэж боддог. Тийм учраас залуус гадагшаа мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх гэж явсан ч эх орондоо заавал буцаж ирж ажиллаасай гэж уриалмаар санагддаг. Залуус бид эх орондоо “хүчээ хаяж”, ажилласнаараа улс орны хөгжил дэвшил улам хурдацтай явагдах юм болов уу” гэж бодож байна” гэлээ.
Наран мандаж, шинэ өглөө айлсаж байна. Хорвоод шинэ хүн мэндэлж, эх үр эсэн мэнд уулзаж байна. Айдас, баяр зэрэгцэх эгзэгтэй энэ л агшинд П.Отгонбаяр эмч, түүний багийнхан амрах чөлөөгүй ажилласаар л буй.
Видео хувилбарыг дээрээс үзнэ үү.