Томчуудын хариуцлагагүй, ухамсаргүй үйлдлээс болж жилд олон зуун хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байгаагийн бас нэгэн жишээ болж өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт, Тахилтын тавдугаар буудал орчим зам тээврийн ноцтой осол гарлаа. Хичээлдээ явах гэж гараад л дахиж ирээгүй бяцхан охины ажил явдал болсон тэр өдөр, хамт осолдсон найз нь мөн эмнэлгийн орон дээр олон удаа хагалгаанд орж бие сэтгэлээрээ тарчилж байна.
Та бидний бодлогогүй хоромхон зуурын үйлдлээс болж энэ оны эхний зургаан сарын байдлаар 342 хүүхэд ослоос үүдэн гэмтэж, 26 хүүхэд амьдрах эрхээ хасуулжээ.
Бид хэвтэн эмчлүүлж байгаа охины биеийн байдал ямар байгаа талаар лавлахаар эмнэлэг дээр очиход охины аав, “Охин маань олон удаа хагалгаанд орсон. Өнөөдөр ч мөн хагалгаанд орж байна. Ийм байдалтай байхад ярилцлага өгөх боломжгүй” гэлээ. Ингээд бид өөд болсон охины ажил явдал дээр ирсэн юм. Ингэхэд болсон үйл явдалд итгэж чадахгүй, хүнд байдалд буй талийгч охины аав, ээж мөн бидэнд ярилцлага өгөх тэнхэлгүй байгаагаа учирласан юм. Тэр ярихдаа, “Цахим сүлжээнд бидний өөд болсон охины талаар мэдээлэл их гарч байгаа. Энэ бүхэн эргэн тойрныхон болоод найз нөхдөд нь их хүнд тусаж байгааг олон нийт ойлгохгүй юм. Охины минь зургийг дур зоргоороо нийтэлж, худлаа мэдээллүүд тарааж байгаа нь эмзэглэмээр асуудал. Эмнэлэгт байгаа найзад нь ч хүндээр тусах нь ойлгомжтой. Бид цацагдсан мэдээллүүдийг устгуулах гэж хичээж байгаа. Тэглээ гээд энэ асуудлыг зүгээр хараад суухгүй ээ. Та бүхний сурвалжилга бэлдэх гээд хичээж буй учир шалтгааныг ойлгож байна. Олон зуун хүүхдүүдийн ирээдүйн төлөө бид дуугарахаас татгалзахгүй. Одоохондоо ярилцлага мэдээлэл өгөхөд бэлэн биш байгаа. Цаг нь болохоор та бүхэнд өөрсдөө мэдээлэл өгөх болов уу гэж бодож байна” гэсэн юм.
- Хүүхдээ тоодоггүй, хүүхдийнхээ ирээдүйгээр тоглосон маш олон гашуун туршлага бидэнд бий. Эргэн сануулж дурдвал, өнгөрсөн оны 10 дугаар сард жолооч эмэгтэй мөн хоёр охиныг согтуугаар жолоо барьсан үедээ машинаараа дайрч гэмтээсэн. Энэхүү ноцтой ослын хохирог охин нь ГССҮТ-д мөн удаан хугацаанд хэвтэн эмчлүүлсэн. Ингээд хэргийг үйлдсэн эмэгтэй 1.7 сая төгрөгөөр торгуулж, гурван жил машин барих эрхээ хасуулсан юм.
- Мөн энэ оны нэгдүгээр сард эвдэрхий лифтнээс гуравхан настай хүүхэд унаж амиа алдсан. Энэ хэргийг хэн ч шийдэж чадаагүй. Буруутан ч олдоогүй. Тухайн үед байрны СӨХ-ны ажилтан оршин суугчдаа, оршин суугчид СӨХ-ны ажилтнуудаа буруутгасан. Томчуудыг мунхаг маргаан дунд гуравхан настай хүүхэд амь насаараа хохирч үлдсэн гэх мэт гашуун туршлагууд бидэнд байгаа. Гэтэл эдгээр асуудлын араас, нэг жилийн хугацаа ч өнгөрөөгүй байхад мөн л хоёр хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирсон нь бидний өөрсдөөсөө, бүтээсэн нийгмээсээ ичих асуудал мөн.
Нийгмийг дахин цочроосон энэ асуудалд Тахилт орчмын оршин суугчид ямар байр суурьтай байгаа талаар бид тодрууллаа.
ХҮҮХДИЙН АМЬДРАХ ЭРХИЙГ ХАССАН ЭТГЭЭДИЙН ЖОЛООДОХ ЭРХИЙГ Л ХАСДАГ НЬ ШУДАРГА БИШ
ТАХИЛТ ОРЧМЫН ОРШИН СУУГЧИД…
- Энэ асуудал дээр хүн бүр бидний үр хүүхэд байсан бол яах вэ гэж хандах хэрэгтэй. Манай Тахилтын зам маш нарийхан. Энэ асуудал ч сая болсон ноцтой асуудалд хамаатай гэж би бодож байна. Ослын хувьд хувь хүний ухамсар нөлөөлөх ч төрөөс анхаарах ажлууд ч мөн чухал. Миний хувьд зам тээврийн аюулгүй байдлын тухай хуулийг чангатгах хэрэгтэй гэж үзэж байна. Зарим жолоочид үнэхээр ууж, идээд жолоо барин, хурд хэтрүүлэн явдаг. Гүйцэт түрүүлж, үхэх гэж байгаа юм шиг хажуугаар гардаг хүмүүс олон. Тийм тохиолдолд хуулийг маш чанга байлгах хэрэгтэй. Камержуулалтаа ихэсгэдэг ч юм уу. Ач холбогдол өгч анхаарах цаг боллоо.
- Уг нь жолооч нар бага насны хүүхдүүдэд зам тавьж өгөөд гаргачихмаар юм. Архи дарс уусан үедээ машин баримааргүй л байна. Хуулийг нь чангатгаж байж анхаарах юм болов уу гэж боддог. Маш олон хүүхдүүд эндсэн мэдээлэл гарч байна. Хүүхдүүд ч гэлтгүй том хүмүүс ч гэсэн ослоос үүдэж амь насаа, эрүүл мэндээ, ирээдүйгээ алддаг. Харин осол үйлдсэн этгээд жолоодох эрхээ л алддаг. Энэ шударга бус шүү дээ.
- Ямар ч эцэг эхчүүд айдастай байна шүү дээ. Хүүхдүүдээ гадаа гаргахаас, хажуу айлынхаа хүүхэдтэй тоглуулахаас ч айж байна. Хэлэх үг олдохгүй нь.
Олон нийт согтуугаар машин барьсан, хүүхдийн эрүүл мэнд, амь насыг хохироосон этгээдэд оногдуулах шийтгэлийг чангатгаж өгөөч ээ гэх байр суурийг илэрхийлж байна. Тэгвэл бид яг өнөөдөр үйлчилж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн талаар болон хуулийг чангатгах, өөрчлөлт оруулах боломжтой эсэх, сайн хувилбар нь юу байж болох талаар хуульчаас тодрууллаа.
Энэ талаар хуульч С.Баянмөнх, “Зам тээврийн осол эндэгдлийн тухайд, “хүүхэд” гэх ойлголт байхгүй байгаа нь асуудал. Олон улсад хүүхдэд зориулсан тодорхой эрх зүйн ялгамжтай зохицуулалтууд байдаг. Энэ манайд дутагдаж байгаа юм. Мөн захиргааны зарим төрлийн арга хэмжээ зайлшгүй хэрэгтэй. Жишээ нь Япон Солонгост тухайн сургуулийн орчим нь машингүй байдаг. Ийм нөхцөлд хүүхдүүд эрүүл аюулгүй торниж чадна.
Хүний амь эрсдсэн, жолоочийн 100 хувь буруутай үйл ажиллагаа байлаа гэж бодоход 2-8 жилийн хорих ялын санкцтай. Нэг хүний амь таван жил. Хөнгөн гэмтлийн хувьд тухайн жолооч зөрчлийн хуулиар хариуцлагаа хүлээгээд, эрхээ хасуулах, торгуулах зэргээр шийдэгдээд, тухайн хүнд ойр зуурын эмчилгээний зардлыг өгөөд салж байгаа юм. Энэ хуульд нэг давуу зүйл бий болсон нь хохирогчид сэтгэл санааны хохирлоо барагдуулах боломжтой болсон. Мэдээж эрүүл мэндээ, хүнээ алдсан хүмүүсийн сэтгэл санааг мөнгөөр үнэлэх боломжгүй ч олон улсад ийм хууль үйлчилдэг. Бид энэ тал дээр нэг шат ч гэсэн ахисан.
Олон нийт зам тээврийн аюулгүй байдлын тухай хуулийг чангалъя гэдэг байр суурьтай байгаа нь анзаарагдаж байгаа. Эрүүгийн хариуцлага чангарахад мэдээж кейсүүд багасна. Гэхдээ энэ нь 100 хувь шийдэл биш гэдгийг бодолцох хэрэгтэй" гэв.