Жүжигчин Б.Барслхагва өөрийн үүсгэн байгуулсан “Bars” брэндээ албан ёсоор танилцууллаа. Түүний бизнесийн хамтрагчаар “Ninjee & Saraa's tailor”-ийн үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар ажиллажээ. Тэд 100 хувь Монгол малын арьсаар хүрэм, пальто зэрэг хувцас үйлдвэрлэж байна. “Өнгө загвар, чанарын хувьд онцгой бүтээгдэхүүн” хэмээн тэд нээлтийнхээ үеэр онцолж байлаа.
“Барс” брэндийн үүсгэн байгуулагч Б.Барслхагва “Юун түрүүнд Барс брэндээ үүсгэн байгуулсан шалтгаанаа ярих нь зөв байх. Бизнесийн хамтрагч Нинжээ маань анх надад энэ саналыг тавьсан. Ингээд бид хоёр ярилцаад, “Барс” нэртэй, цэвэр арьсан хувцасны брэнд гаргахаар төлөвлөсөн. Анхандаа зөвхөн эрэгтэй хувцас үйлдвэрлэхээр ярьж байсан боловч яваандаа эмэгтэй хувцас ч гаргасан. Бидний брэндийн хамгийн гол онцлог бол үндэсний үйлдвэрлэл. Дээрээс нь, Монголын цэвэр арьсан бүтээгдэхүүн учраас маш чанартай гэдгийг хэлмээр байна.
Үйлдвэрлэл эрхлэхэд хүн төсөөлж байснаасаа илүү давааг давдаг юм байна. Гэхдээ бид импортлогч биш, өөрсдөө үйлдвэрлэгч байж л хөгжинө. Арьсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гологдол их гардаг юм байна. Малаа нядлахдаа эсгэж зүссэн зэрэг нь асуудал болдог. Гэхдээ сорилттой ч гэсэн арьсан бүтээгдэхүүнийг гаргаж, үндэсний үйлдвэрлэгчдийн тоог нэгээр нэмж байгаадаа баяртай байна. Бид бүтээгдэхүүнээ онлайнаар худалдаална. Мөн дэлгүүрээс авах боломжтой. Манай албан ёсны хуудсуудаас мэдээллээ аваад, захиалга өгөх бүрэн боломжтой. Бид хамгийн чанартай, загварлаг хувцсыг эх орондоо гаднын зах зээлд гаргахаар ажиллаж байгаа шүү гэж хэрэгчлэгчдэдээ хэлмээр байна.
Дизайнер Г.Нинжбадгар “Бид үндэсний үйлдвэрлэлд бас нэгэн төрөл нэмж, шинэлэг уур амьсгал, шинэлэг загвар гаргахыг их хичээсэн. Үндэсний үйлдвэрлэлийн салбарт 17 жил ажиллаад, өнөөдөр цоо шинэ цэвэр арьсан эдлэл рүү хүч сорин орлоо. Ямар ч байсан брэндээ амжилттай нээлээ. Бид эрэгтэй, эмэгтэй хувцас үйлдвэрлэнэ. Эхний удаад нэг коллекц эрэгтэй 15, эмэгтэй 9 төрлийн загварыг бэлэн болголоо. Цаашид мэдээж, шинэ загваруудаа гаргаад явна.
Түүхий эд маань цэвэр, үндэсний бүтээгдэхүүн учир сэтгэл хангалуун байна. Малын арьс олон жил хаягдал болж ирлээ шүү дээ. Үүнийгээ боловсруулаад, цаашдаа олон улсад худалдаалах зорилго тавьж байгаадаа баяртай байна” гэлээ.
Видеог дээрээс үзнэ үү.