АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулга уулзалт болж буй. Бид уулзалтын үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай ярилсан юм. Тэрээр олон улсын банк, санхүүгийн байгууллагуудыг монголын төрд биш хувийн хэвшлийнхэнд дэмжлэг олгооч гэж санал тавьсан тухайгаа онцоллоо.
-Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн зорилтын биелэлт ямар түвшинд байгаа вэ?
-Тайлангаа бид өмнө нь танилцуулсан байгаа. Дэд хэмжээний уулзалт дээр гол яригдаж байгаа зүйл гэвэл 2030 он гэхэд тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэлхийн улс орнууд хангаж чадахааргүй болчихлоо гэдгээ ярьж байна. Тавигдсан зорилтын биелэлт 15 хувьтай л байгаа. Монгол Улсын тухайд Тогтвортой хөгжлийн зорилтын нэг үзүүлэлт ухарсан байгаа. Энэ бол ядуурал. 2030 он хүртэл нэлээн хичээж ажиллах юм бол 50 хувийн үзүүлэлтэд хүрчих байх гэсэн төлөвтэй байна. Дэлхий нийтээрээ ажиглагдаж байгаа зүйлүүд монгол ч мөн ажиглагдаж байна. Нэгдүгээрт ковидын асуудал байгаа. Хоёрдугаарт дэлхийн энэ тэнд болж буй дайн. Гуравдугаарт том гүрэн хоорондын геополитикийн зөрчилдөөн. Эдгээр нь эргээд дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд саад болж байгаа юм. Бид хоёр өдрийн турш яаж үйл ажиллагаагаа хурдасгах вэ гэдгийг ярилаа. Өнөөдрөөс эхлээд санхүүжүүлэлтүүдийг ямар хэлбэрээр босгох вэ гэх асуудлыг ярилцаж байна.
-Монгол улсын ядуурлын үзүүлэлт хэдэн хувьтай байж байгаад уруудсан үзүүлэлт гарсан бэ?
-Ковидын өмнө ядуурлын үзүүлэлт 30-аад хувьтай байж байгаад, сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Яг нарийн судалгаа гараагүй байгаа ч ойлгомжтой шүү дээ. Ард иргэдийн орлого буурч, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн гэдгийг бүгд мэдэж байгаа.
-Өнөөдөр Xөгжлийн төлөөх санхүүжилтийн дээд зэргийн хуралдаанд Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллагууд оролцлоо. Ингэхдээ тулгамдаж байгаа асуудлаа ярилцсан байх. Олон улсын банк санхүүгийн салбарт ямар асуудал тулгамдаж байна вэ?
-Улс орон болгонд гурван минутын хугацаа өгөөд тулгамдаж байгаа асуудлаа ярьж байгаа юм. Ярьж байгаа зүйл нь олон улсын банк санхүүгийн байгууллагын санхүүжилтийн схем сайн болохгүй байна гэж. Үүнтэй холбогдуулан өнөөдрийн Хөгжлийн төлөөх санхүүжилтийн асуудлаар Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Худалдааны байгууллагууд байр сууриа илэрхийллээ. Хамгийн гол нь улс орнууд эдгээр байгууллагуудад олгодог мөнгөнийхөө хэмжээг нэмээч ээ гэх хүсэлт тавьж байна. Энэ нь юу гэсэн үг гэхээр тогтвортой хөгжлийн зорилтууд дээрээ хоцорч байгаа, хөгжиж буй орнууд, далайд гарцгүй орон, Африкийн орнуудад олгодог санхүүжилтын хэмжээг нэмэх шаардлагатай гэж үзсэн хэрэг.
2030 он гэхэд дэлхийн улс орнуудын хөгжлийг хурдасгахын тулд 17 зорилт тавьсан байдаг юм. Үүний нэг нь далайтай холбоотой учраас манайд хамаагүй. Монгол Улсын хувьд боловсролын салбартаа нэн тэргүүнд анхаарах ёстой. Санхүүжилт гэхээс илүү боловсрол дээрээ анхааръя гэдэг зүйл яригдаж байгаа. Тэгэхээр үүн дээр анхаарсан хөрөнгө оруулалтуудын бодлогоо сайжруулж байж улс орон, нийтэд тулгамдаад байгаа олон асуудлыг шийдвэрлэнэ.
-Монголчуудын хувьд тогтвортой хөгжлийн зорилтын нэг үзүүлэлт ухарсан юм байна. Тэгвэл амжилттай байгаа зүйл нь юу вэ?
-Боловсролын салбар дээр гаргаж байгаа бодлогын шийдвэрүүдийг амжилттай хэрэгжиж байна гэж үзэж байгаа. Эрүүл мэндийн салбарт ч мөн адил. Чамлахаар чанга атга гэгчээр амжилттай үр дүнтэй байгаа гэж үзэж байна.
-Хуралдаанд оролцож байх явцад улс орнууд тулгамдаж буй асуудлаа хэлэлцэхийн хажуугаар нэгнээсээ туршлага судалж байгаа байх. Бидэнд дутагдаж байгаа, санаа аваад хэрэгжүүлмээр зүйлс хэр их гарч байна вэ?
-Бүх зүйлийг зээлээр хийнэ гэдэг зүйл байхгүй. Бүгдийг төр өөрөө хийнэ гэдэг нь маш буруу. Тэгэхээр хувийн хэвшлийг яаж дэмиж, хөгжлийг нь түргэсэх вэ. Гадаадаас хөрөнгө оруулалт яаж татах вэ гэдэгт л гол анхаарлаа хандуулах хэрэгтэй болж байна. Мөн макро эдийн засгийн бодлогоо зөв болгож, үндсэн үзүүлэлтүүдийг нь сайн хангаж ажиллавал Монгол Улсын зээлдэгч иргэн сайжирна. Энэ нь зээл авахад л хэрэгтэй юм биш. Гадаадын хөрөнгө оруулагчид монголд хөрөнгө оруулчхаад, эргээд энэ мөнгөө авах боломжтой юу гэдгээ харах гол үзүүлэлт нь болж өгөх юм. Ингэвэл бид илүү хурдан хөгжинө. Бидэнд хүлээгээд сууж байх цаг байхгүй гэдгийг онцолж хэлмээр байна.