Хөгжиж буй орнуудын “77”-ийн бүлгийн дээд түвшний уулзалт Куба улсад эхэллээ. Энэ үеэр олон улс судлаач Р.Нямдаваатай ярилцлаа.
Тэрээр "G77 бол 134 улстай бүлэг. 134 гэдэг тоо яагаад том бэ гэдгийг ойлгохын тулд НҮБ 193 гишүүнтэйг санах хэрэгтэй. Энэ өнцгөөс харвал дэлхийн улс орнуудын гуравны хоёр нь энэ бүлэгт багтаж байна. Манай урд хөрш БНХАУ, энэ бүлэгт оройлох үүрэгтэй оролцдог. Энэ жилийн уулзалт “G77+ Хятад” гэсэн хүрээнд явагдаж байна. Цаашлаад Энэтхэг, Бразил, Саудын араб гээд дэлхийн том эдийн засагтай улсууд багтана. Эндээс харвал энэ бүлэг бол ач холбогдолтой гэдгийг ойлгож болно.
Олон талт уулзалт гэдэг манайх шиг жижиг улсад ямар боломжийг бий болгодог вэ гэдгийг тайлбарлая. Энэ үеэр Монголыг таниулах, хоёр талт харилцааг бэхжүүлэх зорилготой жижиг, хавсарга уулзалтууд болдог. Ингэснээр дипломат ажиллагааны хувьд маш том боломжийг авч ирдэг. Тэр утгаараа манайд ашигтай. Бид зөвхөн том улсуудтай харилцаа холбоо тогтоодог биш, жижиг улсуудын дунд ажилладаг, маневр хийдэг байх ёстой. Яагаад гэвэл, энэ нь улс орны имижийн асуудалтай холбоотой. Дандаа том улсуудыг дагаснаар имижийн хувьд сайхан харагдахгүй. Хоёрдугаарт, жижиг улсууд руу хандах нь маш чухал. Куба улсын хувьд авч үзье. Монгол бол Куба улсыг анх хүлээн зөвшөөрсөн орнуудын нэг. Өнөөдөр Куба улс хуучны манай тогтолцоо шиг, социалист тогтолцоогоо хадгалж үлдсэн байна. Тиймээс манайх зөвхөн ардчилсан улсуудтайгаа харилцана гэж туйлширч болохгүй.
Манай улс G77-ийн уулзалтад төрийн тэргүүний түвшинд оролцож байна гэдэг чухал. Иймээс ч таатай, чухалчилж хүлээж авч байна. Хоёрдугаарт, бид хоёр улсын харилцааг дурдах ёстой. Бид 1990 онд ардчиллын замыг сонгохдоо социализмийн үед нөхөрлөж байсан улсуудаасаа зайгаа барья гэдэг бодлого бариагүй. Зөвхөн Куба гэлтгүй Ардчилсан Солонгос гэх мэт олон улс бий. Манай улсын гадаад харилцааны бодлого бол олон тулгууртай. Хоёр хөршөөсөө гадна, гуравдагч хөршүүдтэйгээ ч найрсаг харилцаатай” гэлээ.
Видеог дээрээс үзнэ үү.