Дэлхийн хүн амын 80 хувийг бүрдүүлж буй 134 орны өндөр түвшний албан тушаалтан, 30 орны төрийн тэргүүн оролцож буй “77-ийн бүлэг”-ийн уулзалт Куба улсын нийслэл Хавана хотод Куба улсын цагаар 9-р сарын 15-нд эхэллээ. Хуралд манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Куба улсын Ерөнхийлөгчийн урилгаар оролцож байгаа ба илтгэл тавьсан юм. Түүний тавьсан илтгэлээс онцлох санааг тоймлон хүргэе.
Тэрээр илтгэлийнхээ эхэнд хурал даргалж буй оронд, Куба улсын ард түмэнд, хуралд оролцож буй хүмүүст амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүлэв.
ИЛТГЭЛЭЭС ОНЦЛОХ НЬ… НЭГ
Илтгэлийн эхэнд “Улс үндэстнүүд бид үндэс угсаа, арьс өнгө, нас, хүйс, шашин шүтлэг, соёлын ялгаанаас үл хамааран эх дэлхийдээ бүгд эрх тэгш, амар амгалан амьдрах учиртай. Гэвч бидний дэвшүүлсэн “хөгжлөөс хэнийг ч үл орхигдуулах” зарчим өнөөг хүртэл бүрэн биеллээ олж чадалгүй, улс орнуудын хөгжлийн түвшин, хүмүүсийн амьдрах орчин, нөхцөл байдал харилцан адилгүй хэвээр байна” гэж хэлсэн нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутеррешийн илтгэлийн үзэл санаатай агуулгын хувьд уялдаж байв. Гутеррешийн хувьд олон туйлт тогтолцоо буюу "тэгш дэлхий" гэх үзэл санааг их ярьдаг ба манай улсын Ерөнхийлөгчийн хувьд зүүний үзэл баримтлалтай намаас сонгогдсон учраас Гутеррешийн зүүний үзэл баримтлалтай ижил төстэй агуулгаар илтгэлээ эхэлсэн нь анхаарал татав.
ИЛТГЭЛЭЭС ОНЦЛОХ НЬ… ХОЁР
“Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан, тэр дундаа хөгжиж буй улс орнуудад илүү хүндээр тусч байгаа цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн зөрчил, санхүү болон өрийн асуудал, ядуурал, өлсгөлөн зэрэг хөгжлийн хурдыг сааруулсан сорилт, бэрхшээлүүдийг хамтдаа даван туулахын тулд НҮБ дахь хамгийн том бүлэг болох 77-гийн бүлэг эв санаагаа улам нэгтгэн, хамтын ажиллагаагаа илүү эрчимжүүлэх нь нэн чухал байна. Гэвч дэлхий нийтийн итгэлцэл, эв нэгдэл, хөгжил дэвшлийн замын зураглал болсон тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжих хугацааны тал нь өнгөрөөд байхад бидний дэвшүүлсэн тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт 12 хувь нь хангалттай, 50 хувь нь сул, 30 хувь нь хэрэгжээгүй талаар НҮБ-ын 2023 оны тайлан илтгэлд дурджээ” гэсэн нь НҮБ-ын хөгжлийн зорилтууд ахицтай урагшлахгүй байгааг шүүмжлэн, хөгжиж буй орнуудад эдийн засаг амаргүй байгаа тул улам эвтэй, нягт хамтран ажиллах хэрэгцээ байгааг илэрхийлсэн мессеж болов.
ИЛТГЭЛЭЭС ОНЦЛОХ НЬ… ГУРАВ
“Энэхүү дэлхий нийтийн хөгжил дэвшлийн замын зураглал болсон тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, улс, үндэстнүүдийн тэгш байдлыг хангах, түүний дотор хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах гол арга хэрэгслүүдийн нэг нь шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх явдал юм” хэмээн илтгэлдээ улс орнуудын хөгжилд шинжлэх ухаан, технологи, иннвоци чухал байгаатай санал нийлж байгаагаа илэрхийлээд, Монгол улс ч үүний дагуу хөгжлийн “Алсын хараа-2050” хэмээх хөтөлбөртэй болж, Цахим хөгжлийн яам байгуулан, үндэстнээрээ цахимжихаар E Mongolia системийг улс орон даяар амжилттай нэвтрүүлснээ онцлов. Мөн цаашид Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилгуудыг ханган хэрэгжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухаан, технологийн дэвшлийг хуваалцах, инновацыг дэмжиж төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх зэрэгт нээлттэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа дуулгалаа.
ИЛТГЭЛЭЭС ОНЦЛОХ НЬ… ДӨРӨВ
Монгол улсад Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв ажилладаг ба энэ төв олон сайн судалгаа шинжилгээ хийснийг онцлоод, энэ олон улсын байгууллагын гишүүн 30-аад орны хамтын ажиллагаа, үр өгөөжийг нь улам нэмэх нь зүйтэйг илтгэлдээ хэлэв. Энэхүү далайд гарцгүй орнуудыг хөгжүүлэх ОУ-ын судалгааны төв байгуулах санаачилгыг Монгол улс гаргаж байсан тул илтгэлдээ энэ тухай онцолсон нь "санаачилгатай", хөгжихийн тулд хичээж буйгаа илэрхийлсэн өгүүлбэр байв уу гэж дүгнэхээр байна аа.
"Их долоогийн бүлэг", "20-ийн уулзалт" зэрэг дэлхийн улс орнууд үзэл баримтлал, санхүү эдийн засаг гэх мэт төстэй зүйлсээрээ нэгдэн уулзаж, хөгжлийн төлөө ярилцдаг. Хөтөлбөр, ажил хийж хэрэгжүүлдэг. Яг үүнтэй адил 1964 онд долоон улсын санаачилгаар 77 орон нэгдэж бүлэг байгуулсан ба энэ бүлэг өргөжин өнөөдөр 134 орныг эгнээндээ нэгтгээд байна. Түүхэн ач холбогдлоо бодолцож анхны нэрээ хэвээр нь үлдээсэн түүхтэй. Энэ удаагийн "77-ийн бүлгийн" уулзалтад хөгжиж буй 134 орноос гадна Хятад улс оролцож байгаагаараа онцлог юм аа.