Бид энэ удаад 2011 оноос хойш тасралтгүй улирал бүр Монголоор аялж буй БНСУ-ын гэрэл зурагчин Сунхо Чой-той ярилцлаа. Тэрээр өөрийгөө “Би Монголоор өвчилсөн хүн” гэж тодорхойлон, Монголын байгаль, өв соёл, ёс заншил гээд бүх зүйлд хайртай талаараа бидэнд хуваалцсан юм. Сунхо Чой Монгол улсыг БНСУ-д таниулахад чухал нөлөө үзүүлсэн төдийгүй орчин үеийн Монголын тухай ном бичиж байгаа аж.
Сунхо Чо 2011 оноос хойш нэг ч жил алгасалгүй, бүх улиралд Монголд ирж байгаа аж. Тэрээр анхны аяллынхаа тухай ярихдаа “Би хамгийн анх аяллаар ирэхдээ Монголын талаар юу ч мэддэггүй байсан. Ирээд, Ч.Ганжавхлантай уулзаж, Монголын талаар анхны ойлголтоо авч байсан. Тэр цагаас хойш Ч.Ганжавхлан миний аяллын бүх зүйлийг хариуцаж, зохион байгуулдаг болсон” гэсэн юм.
МОНГОЛД ИРЭЭД Ч.ГАНЖАВХЛАНТАЙ УУЛЗСАН НЬ МОНГОЛД ДУРЛАХ ШАЛТГААН БОЛСОН
Тэрээр үргэлжлүүлэн “Би өөрийгөө Монголд яагаад ингэж их дурлаж, хайрласан юм бол гэж их боддог. Үүнийхээ хариултыг сая ном бичих явцдаа олсон. Хариулт нь Ч.Ганжавхлан юм.
Ямар нэгэн улсад очиход хамгийн эхлээд ямар хүнтэй уулзана, тэр хүн улсаа 100 хувь төлөөлдөг юм байна гэдгийг ойлголоо. Анх Ч.Ганжавхлантай уулзаж, тэр надад Монголыг нээж өгөөгүй бол, энэ хүний заасан замаар явж, энэ хүний нүдээр хараагүй бол бусад аялагчид шиг л ирээд буцах байсан. Дэлхийн бүх улс үзэсгэлэнтэй байгальтай. Гэхдээ Ч.Ганжавхлан шиг танилцуулж, мэдрүүлж, өөрөөр харах өнцөг гаргаж өгөх нь ховор. Түүнтэй уулзсанаар миний аялал илүү утга учиртай болсон. Ч.Ганжавхлан миний Монголыг хайрлах шалтгаан болсон.
Товчхондоо би Монгол гэдэ өвчнөөр өвчилсөн хүн. Над шиг ингэж олон удаа Монголд ирсэн солонгос хүн ховор шүү” гэв.
ЮУ Ч БАЙХГҮЙ, ХООСОН ОРОН ЗАЙГ ХАЙЖ, ТҮҮНИЙГЭЭ МОНГОЛООС ОЛСОН
Би их хэцүү, адал явдалтай, сонирхолтой аяллыг хайж явдаг. Бэрхшээлтэй, хэцүү байх тусмаа миний аяллыг утга учиртай болгодог. Тийм аяллыг хайж, албаар зовдог төрлийн хүн.
Би аяллаараа юу хайдаг вэ гэвэл би байхгүйг хайдаг. Жишээлбэл, би Улаанбаатар хот шиг орчин үеийн том хотод төрсөн. Бүх зүйл ойрхон, шамбааралдсан, бужигнасан байдаг.
Харин Монголд юу ч байхгүй зүйл их байна. Жишээлбэл, юу ч үгүй тал байна. Хэчнээн ч километр явсан хүнтэй уулзахгүй байх тохиолдол байна. Эдгээр нь Солонгост боломжгүй зүйл. Би байхгүйг, хоосон орон зайг хайж байна. Түүнийгээ Монголоос олж байна.
МОНГОЛД ИРСНЭЭСЭЭ ХОЙШ ӨӨР УЛСААР АЯЛАХАА БОЛЬСОН
Тэр Монголын 15 аймгаар аялсан. Түүнд хамгийн таалагдсан аймаг нь Өвөрхангай аймаг гэв. Тэрээр “Би нүдээ аниад Монголын үзэсгэлэнт байгаль, тал нутгийг төсөөлбөл хамгийн түрүүнд Өвөрхангай аймгийн үзэсгэлэнтэй газрууд толгойд бууж, нүдэнд харагддаг.
Монголд нэг удаа очиж үзсэнээ мэддэг гэж хэлж болохооргүй маш баялаг улс. Би 2019 онд баруун таван аймгаар явж, аялсан. Надад үнэхээр гоё санагдсан. Би тэр үед байгалийн үзэсгэлэнг өөрийн хүссэн хэмжээгээрээ хальсандаа буулгаж чадаагүй гэж бодож, харамсдаг. Дахиж баруун аймгууд руу явж, зураг дарахыг хүсэж байна.
Би уг нь олон их олон улсаар явж, гэрэл зураг авдаг байсан. Монголд ирснээсээ хойш өөр улсаар аялахаа больсон. Тухайлбал, Монголд ирэхийн өмнө АНУ-ын хамгийн гоё газруудаар яваад, үнэхээр биширч байсан. Монголд ирснийхээ дараа дахиад тэр газруудаараа явахад надад харьцуулагдаад гоё санагдаагүй. Би тийшээ аяллынхаа майхан, хэрэгслийг авч явсан ч огт дэлгээгүй хүрээд ирсэн. Ийм л хэмжээнд Монголд их дуртай болсон байна".
МОНГОЛЫГ ХАМГИЙН САЙН ИЛЭРХИЙЛЖ ЧАДАХ НОМ БИЧИЖ БАЙНА
Би анхнаасаа л ном бичнэ гэж Монголд ирээгүй. Ном бичих нь аяллын хугацаанд аяндаа үүссэн зорилго. Би мэргэжлийн гэрэл зурагчин хүн. 10 гаруй жилийн турш Монголд ирж, үзэсгэлэнт байгалийн зураг авсан.
Монголын талаар янз бүрийн ном Солонгосын зах зээлд байдаг. Тэдгээрийг харахаар зарим нь их хоцрогдсон, дээр үеийн Монголыг харуулсан, 10 гаруй жилийн өмнө гарсан номууд байна. Гэтэл Монгол өөрөө маш хурдан өөрчлөгдсөн. Тиймээс Монголыг маш сайн илэрхийлж чадах, цаг үе нь тохирсон ном байхгүй байна гэдгийг анзаарсан юм.
Мөн Монголд нэг, хоёр удаа л ирсэн туршлагагүй хүмүүс өөрийн сэтгэгдлээр Монголыг бичсэн нь Монголыг бүрэн төлөөлж чадахгүй байна гэж харсан. Би 10 гаруй жилийн хугацаанд 20 гаруй удаа ирсэн учраас Монголыг хамгийн сайн илэрхийлэх ном бичих чадвартай, тэр хэмжээний туршлага хуримтлуулсан гэж өөрийгөө үзсэн. Тиймээс Монголын тухай ном бичихээр шийдсэн.
Би энэ есөн сард номын бүх ажлаа хийгээд дууссан байх ёстой. Цаашаа өрөлт, хэвлэлт рүүгээ явахад бас хугацаа шаардлагатай. Хэвлэгдээд худалдаанд гарах хугацаа нь ирэх оны эхээр гэж тооцоолж байна.
Би одоо Монголд ирсэн байгаа маань ч бичиж буй номтой холбоотой. Яг номоо дуусгах гэтэл нэг юм дутаад байсан. Тэр нь Монголын зүүн аймгууд миний номд огт ороогүй байсан. Би энэ хугацаанд зүүн аймгуудаар огт явж үзээгүй байсан. Энэ удаад Хэнтий аймаг руу Чингис хааны нутаг руу явах гэж байна. Зүүн аймгуудаар аялаад, бичихэд л миний ном 100 хувь болно.
Намайг ном бичихэд Солонгост байдаг Урангоо гээд эмэгтэй надад тусалж, зарим мэдээллийг илүү тодруулж өгч байгаа. Тэр надад их тус болж байна.
МОНГОЛ МАШ ХУРДАЦТАЙ ОРЧИН ҮЕ РҮҮ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА
Монголын соёл гээд ярихаар ихэнх хүмүүс уламжлалт ойлголтоор бүргэдээр ан хийдэг, тал нутагтай, Монгол гэрт амьдардаг зэргийг л анзаардаг, хардаг, ярьдаг байх. Гэхдээ миний анзаарснаар Монгол маш хурдан орчин үе рүү өөрчлөгдсөн. Маш хурдацтай өөрчлөгдөж буй улс.
Би өөрийн номдоо уламжлалт нүүдлийн ахуй, соёлоос илүүтэй орчин үеийн Монголын соёлыг, өөрчлөгдсөн онцлогийг харуулахыг хүссэн. Тэр ч утгаараа би дөрвөн жилийн өмнө Монголд ирэхдээ Монголын лидерүүдтэй зорьж ярилцлага хийсэн. Шинэ үеийн манлайлагч, урлаг соёлын болоод нийгэм, бизнес гээд бүх төрлийн мундаг залуустай ярилцлага хийсэн. Үүнийгээ номдоо оруулж байгаа. Би зүгээр нэг аяллын ном гэхээс илүү Монголыг илэрхийлж чадах олон өнцгийг тусгасан ном гаргана.
МОНГОЛ УЛС СОЛОНГОСЧУУДЫН СЭДЭВ БОЛСОН БАЙНА
Өмнө нь хэзээ ч түүхэнд байгаагүйгээр солонгосчууд монголыг сонирхож, зорьдог болсон. Монгол гэдэг солонгосчуудын чухал сэдэв болсон байна. Монголд аялсан 13 жилийн түүхийг дан ганц миний аялал гэхгүй би Ч.Ганжавхлантай хамтдаа хийсэн аялал гэж боддог.
Би Солонгост очоод маш олон мэдээллүүдийг сайт, телевизээр гаргаж байсан. 10 гаруй жилийн өмнөхийг яривал Монголыг ингэж их сонирхдоггүй байсан. Бидний явсан замаар солонгосчууд хана болгож явсан. Солонгосын хамгийн том хоёр телевиз болох EBS KBS-ийн найруулагчид ирж, надаас Монголын талаар мэдээлэл авч контент хийж байсан. Сүүлд солонгосын одууд ирээд байгаа “Хүргэлт ирлээ” нэвтрүүлгийн найруулагч надаас монголын талаарх мэдээллүүдийг авч, монголд хөдөө малчин айлд шууд шуудангаар хаягтай очдог хүргэлтийн систем байдаггүйг анх олж мэдэж байсан. Энэ нэвтрүүлэг хийгдэх гол зохиол гарч байсан” гэв.