Эрх баригч МАН 2020 оны сонгуулиар олон амлалт өгч, ядуурлыг бууруулах амлалт өгч байв. Гэвч өнөөдөр нөхцөл байдал улам дордсоор байна. Тэд сүүлийн 7 жил засаглахдаа яг юу хийв?
2016 оны УИХ-ын сонгуулиар МАН “21 аймагт 100 үйлдвэр байгуулна гэж амласан. Гэвч дотоод зөрчлөө дийлэхгүй, үйлдвэртэй манатай дөрвөн жилийн хугацаагаа дуусгасан. М.Энхболдыг л зайлуулж чадвал, Монголд нар мандаж, МАНАН арилна хэмээн “Шударга 5” гэдэг нэрийг өөрсдөдөө өгсөн гишүүд гарч ирж байв. Гэвч юу ч өөрчлөгдсөнгүй. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк хамтран хийсэн судалгаагаар, манай улсын нийт иргэдийн гуравны нэг буюу 30 орчим хувь нь ядууралд өртсөн гэсэн дүн гарсан байдаг. Тэгвэл ядуурлын түвшинг МАН 2024 он хүртэл хоёр дахин бууруулахаар зорилт тавьжээ. Ингэхдээ иргэдийнхээ цалин орлогыг шат дараатай нэмэгдүүлэх замаар ядуу иргэдийнхээ тоог бууруулж, хөгжилд хөтөлнө гэж амлажээ.
Бид МАН-ын амлалтыг цувралаар эргэн сануулж байна.
МАН-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС…
1.1 ОРЛОГОТОЙ ИРГЭН
1.1.1. Цалингийн бодит хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална.
1.1.2. Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулна.
1.1.3. Бага, дунд орлоготой иргэдийг дэмжих банк, санхүүгийн тогтолцоо бий болгож, иргэдэд бага хүүтэй зээл олгоно.
1.1.4. Өрхийн бичил бизнесийг дэмжиж, хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ.
1.1.5. Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй болгоно.
1.1.6. Гарааны бизнес эрхлэгч оюутан, залууст бизнесээ тэлэх, эрчимжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.
1.1.7. Гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан орчин үеийн санхүүжилтийн хэлбэрүүдийг нэвтрүүлж, санхүүгийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлнэ.
1.1.8. Орлого багатай иргэдийн цалингаас суутгах хувь хүний орлогын албан татварын хэмжээг 2 дахин бууруулна.
1.1.9. Орлого багатай өрхийн ажил эрхлээгүй насанд хүрсэн гишүүдийг мэргэшил эзэмшүүлэх, ур чадварыг нь ахиулах сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.
1.1.10. Хүүхэд бүрийг хадгаламжтай болгох “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
1.1.11. Мөнгө хүүлэлтийг таслан зогсоож, иргэдийг санхүүгийн эрсдэл, дарамтад өртөхөөс сэргийлэх үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.
1.1.12. Арилжааны банкны үйл ажиллагаанд зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлнэ.
1.1.13. Зах зээлийн ил тод, нээлттэй байдал, шударга өрсөлдөөнийг хангаж, тэгш гараанаас бизнес эрхлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
1.1.14. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төрөөс бизнес инкубацын үйлчилгээгээр бойжуулж, томруулах бодлого хэрэгжүүлж, хамгийн бага түрээс төлөх зохицуулалт хийнэ.
1.1.15. Оюу толгой, Эрдэнэт зэрэг томоохон үйлдвэрийн захиалгат ажлыг үндэсний жижиг, дунд бизнес эрхлэгчид гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлнэ.
1.1.16. Оюу толгой болон бусад уул уурхайн төслүүдээс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, бага, дунд орлоготой иргэдийг дэмжих нийгмийн хариуцлагын сан байгуулна.
1.1.17. Хот, хөдөөгийн хүн амын хөдөлмөр эрхлэх тэгш боломжийг бүрдүүлнэ.
1.1.18. Иргэдийн туршлага, ур чадвартаа түшиглэн хувиараа хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжиж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй зээл олгоно.
Дээрх амлалтууд огт хэрэгжээгүй байгааг бодит нөхцөл байдал харуулж байна. Жишээлбэл, банкны зээлийн хүү буурах нь битгий хэл, ипотекийн зээлийг эрх баригчид зогсоогоод байна. Шаардлагатай санхүүжилтийг нь баталж өгөхгүй олон сар хүлээлгэж байна. Мөн татвар бууруулна гэсэн амлалтууд нь огт хэрэгжээгүй гэх мэтээр МАН-ын амлалтууд 50 хувьдаа ч хүрч чадаагүй байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.