Есдүгээр сарын 1-нд хүүхдүүдээ угтаж буй бичлэг нь цахим орчинд түгж эерэг сэтгэгдэлд “дарагдсан” Дархан-Уул аймгийн 15-р сургуулийн багш М.Мөнхжаргалтай бид утсаар холбогдон ярилцлаа. Тэрээр “Шавь нар минь бусдаас эерэг сайхан талыг нь олж хардаг нүдтэй, сайхан үгс хэлдэг амтай, эерэг хандлагатай, зөв хүн болж хүмүүжээсэй” гэж хүсэж, тийм хүмүүжил олгохын тулд хичээн ажилладаг" хэмээсэн юм.
М.Мөнхжаргал Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын 15-р сургуульд бага боловсролын багшаар тав дахь жилдээ ажиллаж байгаа ба есдүгээр сарын 1-нд хүүхдүүдээ угтаж буй бичлэгийнхээ санааг өнгөрсөн жил фэйсбүүкээс харжээ.
Тэрээр “Нэг гадаад багш хүүхдүүдтэйгээ мэндчилээд, их хөөрхөн угтаж авч байсныг харсан. Сая есдүгээр сарын 1-нд хүүхдүүдээ баярлуулах зүйл хайж, гарын бэлэг өгөх үү эсвэл хүүхдүүддээ чин сэтгэлийн мэндчилгээ бичиж өгөх үү гээд олон зүйл бодож байгаад тэр бичлэг гэнэт санаанд орсон. Тэгээд л хүүхдүүдээ тэгж угтаж авсан.
Бичлэг хийсэн учир нь гэвэл эцэг эхчүүддээ харуулах зорилготой. Би ч гэсэн ээж хүн. Хүүхэд сургуулийн орчиндоо, цэцэрлэгтээ юу хийж өнгөрүүлдгийг эцэг эхчүүд бид харах дуртай байдаг. Ингэж бодоод ангийнхаа хүүхдүүдийн бичлэг хийж, зургийг нь авч сурагчдынхаа эцэг, эхчүүдийн групптээ их оруулдаг. Харин бусдыг уриалан дуудсан иймэрхүү бичлэгээ эцэг эхчүүдээсээ зөвшөөрөл аваад өөрийн цахим хуудастаа оруулдаг” гэсэн юм.
АНГИДАА ШИНЭ, СОНИРХОЛТОЙ ЗҮЙЛС ХИЙХ НЬ ХҮҮХДҮҮДИЙГ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ
М.Мөнхжаргал багш цахим хуудаснаа идэвхтэй нэгэн. Өнгөрсөн хавар өөрийн хуудаснаа ангидаа “Цүнхгүй нэг өдөр” зохион байгуулж буй бичлэгээ цацаж байсан. Энэ тухайгаа “Өмнө нь манай ангийнхан хичээл тарах үеэр цүнхгүй нэг өдрийг зохион байгуулж байсан. Тэр үед ч хүүхдүүд маань их хөөрхөн байсан. Ямар нэгэн шинэ зүйл хийхэд тэр өдрийн уур амьсгал их гоё болдог. Тиймээс байнга биш ч тодорхой хугацаанд нэг өдөр сонгоод, сонирхолтой шинэ зүйлс хийхийг хичээдэг” гэсэн юм.
…“Хүүхдүүд маань зөвхөн миний зааж байгаа хичээлийг сурахаас гадна илүү эерэг хандлагатай, зөв хүн болоосой гэж хүсдэг”…
ОЛОН ХҮНЭЭС УРМЫН ҮГ СОНСОЖ, ИЛҮҮ ИХ ХАРИУЦЛАГА МЭДЭРСЭН
Тэрээр “Есдүгээр сарын 1-ний бичлэг олон хүнд хүрсэн. Би эхлээд юу ч мэдээгүй байсан. Өөрийн цахим хуудастаа олон нийтэд нээлттэй тохиргоотой оруулчхаад, хичээлээ орж дуусаад хартал маш олон хүмүүс үзэж, олон эерэг сэтгэгдэлтэй болсон байсан. Би одоо ч бичлэгнийхээ сэтгэгдэлийг дуустал нь уншиж амжаагүй байна. Бас маш олон мессеж, найзын хүсэлтүүд ирсэн байсан.
Хичээлийн шинэ жилтэй зэрэгцээд энэ бичлэгээрээ олон хүнээс урмын үг авсан. Миний энэ жилийн саад, бартаа бүрийг өнгөлж өгсөн юм шиг санагдсан. 2023-2024 оны хичээлийн жил хэзээ ч мартагдахааргүй эхэлж байна. Үүний зэрэгцээ маш их хариуцлага мэдэрсэн. Зүгээр л ангидаа хичээл заахдаа мэдэрдэг хариуцлагаас илүү их хариуцлагатай байх ёстой юм байна гэдэг бодол төрсөн” гэж өөрийн сэтггэгдлийг хуваалцсан юм.
ХИЧЭЭЛЭЭ ЗААХ ЭВЭЭ ОЛОХГҮЙ УЙЛАХ ҮЕ ОЛОН БАЙСАН Ч ХҮҮХДҮҮДЭЭСЭЭ УРАМ АВААД, ХИЧЭЭДЭГ
Тэрээр “Багшлах хугацаандаа шантрах үе олон байсан. Зүгээр байж байгаад нулимс урсаад, уйлах үеүд ч байдаг. Сурагчид маань сайн эсвэл муу байх надаас шалтгаалж байгаа болохоор маш их санаа зовдог.
Заримдаа хичээлээ яаж заах эвээ олохгүй “Яг юу нь болохгүй байгаа юм бол. Би яаж хийвэл болох юм бол. Ингэвэл зөв болов уу, ингэвэл буруу юм болов уу” гээд л боддог.
Би хэдий тав дахь жилдээ ажиллаж байгаа ч сургуулийнхаа ажилтнуудаас, үе тэнгийн найзуудаасаа, хамт олон, олон жил ажилласан багш нараасаа даган дуурайж, арга зүйг нь сурдаг. Гэхдээ хүний арга зүйг өөр дээрээ туршиж байж “Би болж байна уу, болохгүй байна уу” гэдгээ мэдэх учраас заримдаа болох ч зүйл байна. Заримдаа болохгүй ч зүйл байна. “Үүнийг хүүхдүүддээ яаж ойлгуулах вэ. Би яг юунд алдаад байгаа юм бол” гээд шантармаар, уйлмаар үеүд зөндөө байдаг. Гэхдээ үүний дараа хүүхдүүд маань миний шантраад байсан хичээлийг ойлгосон байгаа тэр нүднийх нь харц, өөдөөс хариулж байгаа хариултаас нь урам авдаг.
Мөн эцэг, эхчүүд маань их урамшуулдаг. Нэмээд хамт олны дэмжлэг, ажлыг маань ойлгодог гэр бүл, найзуудын дэмжлэг гээд энэ бүхнээс урам авдаг. Хэдий шантрах нэг, хоёр хоног байдаг ч буцаад маш хурдан сэргэж чаддаг” гэж өөрийн мэргэжлийн жаргал, зовлонг ярьсан юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.