Цэцэрлэгийн эрэгтэй багш улсын хэмжээнд хуруу дарам цөөн. Тэдний нэг нь өдгөө 15 дахь жилдээ багшилж байгаа Ч.Төгөлдөр. “Олон жил хүүхдийн дунд явна. Сайхан шүү дээ” хэмээн ярих түүний нэг өдрийн ажил өглөөний зургаан цагаас эхэлдэг. Хүүхдээ хүргэж өгнө, замаараа өөрийнх нь цэцэрлэгийн хүүхэд байвал дайгаад авна. Ажилдаа ирэхэд “Багш аа, багш аа” хэмээн шуугилдах нялх үрс түүнийг угтана. Түүний ажлыг сурвалжлахаар очиход зарим нь багшаасаа тасралтгүй асуулт асууж, зарим нь зүүрмэглэж, зарим нь уйлж, энэ дунд багш нь бүгдийг зохицуулахаар “гүйж” байлаа.
Тэрбээр цэцэрлэгийн багш болсон тухайгаа бидэнд ярихдаа “Анх ажилд ороход хэцүү байсан. Би өөр багшийн анги авсан юм. Тэгтэл эцэг эхчүүд нь “Эрэгтэй багшид хүүхдээ өгөхгүй” гэж хэлэхэд нь хэцүү санагдаж байлаа. Цэцэрлэгийн маань удирдлагууд ч “Та ямар ч байсан хүүхдээ өгөөд үз” гэж ятгасаар ангийг маань бүрдүүлсэн. Ингээд сар болоход манай цэцэрлэгээс ямар ч хүүхэд гараагүй. Эцэг эхчүүдийн итгэлийг нь олж чадсан.
Хүүхэд багшаараа юмыг яриулахаасаа илүү үйл хөдлөлийг нь гярхай ажиглаж байдаг. Тийм учраас үг, үйлдэл бүрээ цэгнэж явахыг хичээдэг. Эцэг эхчүүдийг ч гэсэн хүүхдэдээ зөв үлгэрлээрэй гэж захимаар санагддаг. Аав ээжүүд гэртээ байхдаа хүүхэдтэйгээ маш сайн ярилцах хэрэгтэй. Тоочвол асуудал бишгүй л бий. Гэхдээ бүгдийг нь болгохоор хичээж ажилладаг. 50 гаруй хүүхэдтэй нэг ангид ажиллана гэдэг амаргүй. Үүнийг давж гарах сэтгэлтэй хүн л багш болдог юм болов уу гэж боддог. Ер нь багш хүнийг сэтгэлтэй байгаасай гэж хүсдэг” гэсэн юм.
Ч.Төгөлдөр багш дасгал заах тамирчин, үлгэр унших үлгэрч, дуу заах хөгжмийн багш гээд олон мэргэжилд хувирна. Олон чадварыг ажил нь түүнээс шаардана. Гэхдээ юунд ч түүртэхгүй. Бас, хүүхдүүдийнхээ хамгийн сайн найз нь болж, хамт тоглоно. Биднийг ярилцах зуур “Багш аа, би өлсөөд байна. Багш аа, би тоглоомоо эвлүүлчихлээ” гээд л тал бүрээс нь тасралтгүй дуудна. Тэр болгонд Ч.Төгөлдөр багш эелдэгхэн хариулж, хүүхэд болгонтойгоо харилцаж байлаа.
Видео мэдээг дээрээс үзнэ үү.