2023-2024 оны хичээлийн шинэ жилд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нийслэл Хархорум” сэдэвт хичээлийг хүргэлээ.
Тэрбээр "Монголчууд бидний өвөг дээдэс эрт дээр үеэс оюун санаа, эрдэм ухааны эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, эрдмийг хичээлээр сурдаг хэмээн үр хүүхдүүддээ сургаж хүмүүжүүлж ирсэн. Эзэн Чингис хаан Их Монгол Улсаа цогцлоон байгуулаад, байгуулаагүй төрд баатар эр хэрэгтэй, байгуулан дуусваас багш мэргэн хүн хэрэгтэй хэмээн айлдаж, олон газрын эрдэмтэн мэргэдийг удам угсаа үл ялган урин залж, төр түмний их үйл хэргийг төвхнүүлэн засахад түшиг тулгуур болгож байсан түүхтэй.
Их хааны 1220 онд зарлиг болгон байгуулсан Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод олон шашны сүм хийд зэрэгцэн оршиж, эрдэмтэн мэргэд хуран чуулж, монгол хаадын ивээл дор мэдлэг оюунаа сорин мэтгэлцэж байсан түүхтэй юм" хэмээв.
Мөн "Эртний нүүдэлчдийн байгуулсан улс гүрний нийслэл хотууд сүндэрлэн байсан Орхон голын хөндийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн хороо 2004 онд хүн төрөлхтний соёлын өв болохыг хүлээн зөвшөөрч, дэлхийн өвийн жагсаалтад бүртгэж авсан билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгаж, төрт ёсныхоо үнэт өвийг бататган бэхжүүлэх, түүх соёлоо хадгалан хамгаалах, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор Их Монгол Улс, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлигийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан.
Иймд энэ удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан “Дэлхийн нийслэл Хархорум” сэдвээр бэлтгэсэн хичээлийг та бүхэн хүлээн авч сонирхоно уу.Эх орны ирээдүй болсон хүүхэд залуучууд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг, эхчүүд та бүхэндээ хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэж, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе" гэлээ.
Хичээлийн агуулгад суурин соёлгүй нүүдэлчид том хотууд байгуулж байсан талаар мөн Хархорум хот дэлхийн нийслэл байсан гэгдэх шалтгаан, яагаад Хархорум хотыг сэргээн босгох болсон талаар багтжээ.