Г.Пэрлимаа гэх 71 настай Арвайхээрт амьдардаг, Монголын католик шашинтай эмэгтэйг Ройтерс агентлаг онцолжээ. Г.Пэрлимаа гуай католик шашинтай болоод 18 жил болж буй. Тэрбээр Монгол ёс уламжлалын дагуу өглөө бүр цайныхаа дээжийг хангай дэлхийдээ өргөдөг ба үүнийхээ дараа залбирлаа үйлддэг аж.
Монголд 1450 гаруй католик шашинтан байдаг гэх тооцоолол бий. Өглөө бүрийнхээ уламжлалынхаа талаар Г.Пэрлимаа гуай “Би соёл уламжлалаа алдахгүйгээр эзэн бурхандаа залбирдаг” гэж тайлбарлажээ. Ингэснээр итгэл үнэмшлийнхээ зэрэгцээ уламжлалаа ч хадгална гэж боддог талаараа хуваалцсан байна.
Түүнчлэн үр ачдаа ч Монгол соёл уламжлалаа алдахгүйгээр итгэл үнэмшлээ тээж явахыг зааж сургадаг байна. Г.Пэрлимаа гуай болон хэсэг итгэгч нар Ромын пап Францисын айлчлалыг чих тавин хүлээж байсан бөгөөд есдүгээр сарын 4-нд түүний айлчлал дуусах хүртэл дагах хүсэлтэй гэнэ. Монгол дахь католик шашинтнууд Ромын папын айлчлалыг хүлээж, түүнтэй биеэр уулзахыг хүсэж байгааг мөн онцолжээ. Нэгэн цагт социалист нийгмийн үед орон нутгийн засаг захиргаанд ажиллаж байсан түүний хөл бэртсэнээс хойш их эзэнд итгэж эхэлсэн талаараа илэн далангүй хуваалцжээ. Хожим нь нөхөр болон гэр бүл нь түүнийг дагажээ.
Г.Пэрлимаа гуай шиг католик шашинтнуудын хувьд Ромын папын айлчлал маш гэнэтийн мэдээ болсон байна.
3.3 сая орчим хүн амтай манай улс Ватикан католик шашинтнуудын нөхцөл байдлыг сайжруулахыг хичээж байгаа Хятадтай ойр оршдог учраас Ромын Католик Сүмийн хувьд стратегийн ач холбогдолтой гэж Ройтерс агентлаг онцолсон байна.
Түүнчлэн Монголчуудын нүүдэлчин амьдралын хэв маяг нь санваартнуудад сүм хийдүүдтэй харилцаа холбоо тогтооход хүндрэлтэй болгодог гэжээ.
Монголчуудын 60 орчим хувь нь шашин шүтлэгтэй гэгддэг. Үүнээс буддын шашинтнууд 87.1 хувь, мусульманчууд 5.4 хувь, бөө мөргөлийн 4.2 хувь, христийн шашинтнууд 2.2 хувь, бусад шашин шүтдэг хүмүүс 1.1 хувь байна гэж АНУ-ын Төрийн департаментаас мэдээлсэн байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.
Эх сурвалж: REUTERS