Банкууд хууль бусаар иргэдийн ипотекийн зээлийн нэг хувийг шимтгэл болгон авдаг асуудлын талаар О.Батхүү хуульчтай уулзаж тодрууллаа.
-Энэ асуудал одоо ямар шатандаа явж байгаа вэ?
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс банкууд нэг хувийн шимтгэл авах нь хууль бус юм, тийм учраас буцааж олгох ёстой гэдэг шийдвэр гарсан. Энэ шийдвэр дээр нэр бүхий 9 банк долоон сарын 6-ны өдөр Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Улсын Дээд Шүүх өнөөдрийг болтол тухайн гомдлыг хүлээж авах эсэхээ шийдээгүй, Улсын Дээд Шүүх дээрээ гацчихсан байна гэж ойлгож болно. Хуулиараа 21 хоногийн дотор гомдлыг хүлээж авах, үгүй хариугаа Улсын Дээд Шүүх өгөх ёстой. Гэтэл өгөхгүй байна. Өнгөрсөн долоо хоногт намайг очиж уулзахад манай шүүгч нар амраад явчихсан гэдэг хариу хэлсэн. Миний хувьд шүүгч амрана уу, амрахгүй байна уу асуудал биш. Хамгийн гол нь хуульд заасан хугацаандаа хариугаа өгөх ёстой гэж үзэж байгаа.
-Ипотекийн зээлээс шимтгэл авах нь ямар хуулийн заалтыг зөрчиж байгаа вэ?
1995 оны хуулиар банкууд авч болохгүй. 2021 оны хуулиар бол “банкууд шимтгэл авч болно. Гэхдээ энэ нь үндэслэл бүхий байна” гэсэн заалт байгаа. Гэтэл банкууд 2013 оноос хойш нэг хувийн шимтгэл аваад л явж байгаа. Өнөөдөр ч гэсэн авч байгаа. Энэ маргаан дээр иргэд нэг нэгээрээ яваад Иргэний шүүхэд хандахаар ялаад байдаг. Жишээлбэл, надтай ирж уулзсан нэг хүн өнгөрсөн сар 1,290,000 төгрөгөө авлаа шүү дээ. Гэтэл хүн болгон ингэж шүүхээр явж чадахгүйг банкууд мэдэж байгаа учраас өнөөдрийг хүртэл шимтгэлээ аваад байгаа юм. Энэ асуудлаар Монгол банкны ерөнхийлөгчид хандахаар “судалж байна, эргээд хариу өгье” гээд хариу өгдөггүй. ШӨХТГазар гомдол гаргасан. Тэд шалгаад хууль зөрчсөн байна гэдгийг нь дахиад л тогтоосон.
-Үндэслэл бүхий байна гэхээр ямар тохиолдолд банкууд шимтгэл авч болно гэсэн үг вэ?
Та 100 саяын зээл авахад банкаас таны зээлийг судлахад тодорхой хэмжээний зардал гарсан байх ёстой. Байр дээр нь очиж үнэлэлт хийх, НД-ын лавлагааг шалгах ч гэдэг юм уу. Гэтэл бодит амьдрал дээр иргэн бүх материалаа бүрдүүлдэг. Бүр нотариатынхаа зардлыг хүртэл төлдөг шүү дээ. Тэгэхээр банк нэг ч төгрөгний зардал гаргаагүй байж зээл олгох үедээ зээл судласан шимтгэл гээд нэг хувийг авч байгаа. Шүүх дээр банкууд ийм хэмжээний зардал гаргаснаа нотолж чаддаггүй. Тийм учраас л шүүх дээр очих болгондоо ялагдаад байна гэсэн үг.
-Энэ тогтолцоо анх яг яаж үүссэн бэ?
Банкууд үгсэн хуйвалдсан гэж бид үзэж байгаа. Хуульд банкууд хамгийн дээд тал нь нэг хувийн шимтгэл авна гэсэн байгаа. Өнөөдөр ипотекийн зээл авъя гээд 9 банк дээр очиход бүгд адилхан нэг хувь гээд тогтоочихсон. Хүнд ямар ч сонголт өгдөггүй. Хоёрдугаарт, ипотекийн зээл тийм амархан олддог зүйл биш. Гарцаагүй байдалд орсон хүнийг тулгаж байгаад 1% шимтгэл авдаг гэсэн үг.
-Энэ хэрэг дээд шүүхээр шийдэгдэж ялвал өмнө нь ипотекийн зээл авсан иргэд банкаас шимтгэлээ буцааж авна гэсэн үг үү?
2013 оноос өнөөдрийг хүртэл зээл авч, нэг хувиа суутгуулсан хүмүүс энэ мөнгөө авах хэрэгтэй. Шүүхийн шийдвэр эцэслэх л юм бол банкууд иргэдээс хууль бусаар авсан нэг хувь шимтгэлийг иргэдэд буцааж олгох ёстой.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.
Б.Аззаяа