Монголд ойролцоогоор 120 хүүхэд тутмын нэг нь ургийн гажигтай төрдөг байна. Үндэсний Статистикийн хорооны гаргасан судалгаагаар 2021 оны эхний таван сард 249, өмнөх оны эхний таван сард 272 ургийн гажигтай хүүхэд төрсөн нь нийт төрөлтийн 0.8 хувийг эзэлж байгаа юм. Ургийн гажиг түгээмэл байгаа нь бидний зайлшгүй анхаарах асуудал мөн.
Бид ургийн гажигийн талаар Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвийн “Эрсдэлтэй жирэмсэн судлалын тасаг"-ийн эмч Д.Балцэцэгтэй уулзаж ярилцлаа.
Монголчуудын хувьд ураг гажигтай төрөх нийтлэг шалтгаан байдаг уу? Хүмүүс агаарын бохирдол, чанаргүй хүнс зэргээс болж их үүсэж байна гэж хэлээд байдаг. Энэ талаар мэдээлэл өгөөч.
Ургийн гажиг бол ураг эхийн хэвлийд бүрэлдэн тогтсоноос эхлээд төрөх хугацаанд үүссэн, гадаад болон дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр үүсдэг, ургийн эрхтэн системийн эмгэгийг ургийн гажиг гэж байгаа юм. Ургийн гажиг нь гадаад орчноос нөлөөлнө л гэж байгаа болохоос шууд тийм гажиг үүсгэнэ гэсэн юм байхгүй.
Дотоод хүчин зүйл буюу ургийн хромосомын эмгэг гэж байдаг. Тэр нь удамшлын болон удамшлын бус шалтгаанаар үүсдэг.
Хромосомын эмгэгийн эрт илрүүлэг, эрхтэн тогтолцооны, эрхтэн системийн эрт илрүүлэг гээд хоёр юм яриад байгаа. Энэ хоёрын ялгаа нь юу байдаг юм бол? Яг хэдий хугацаанд хэдэн долоо хоногтойд орох ёстой байдаг вэ?
Ургийн хромосомын эмгэгийн хувьд арай эрт хугацаанд 11-13.6 долоо хоногтойд эхийн цуснаас хоёр уураг үздэг. Тухайн хоёр уураг дээр ургийг 45-84 мм-ийн хооронд байхад хэт авайн шинжилгээгээр 5-7 маркераар үнэлэлт хийгээд, өмнөх эхийн цусны шинжилгээний дүгнэлтийг тусгай программ дээр бодоод, эрсдэлийг үнэлдэг шинжилгээ бол хромосомын эмгэгийн шинжилгээ байгаа.
Манай Монголд 21,13,18-р хромосомын эрт илрүүлэгийг бүх эмэгтэйчүүдэд хийж байгаа.
Ургийн гажгийн шинжилгээ буюу эрхтэн системийн эмгэг нь 19-20 долоо хоногтойд арай хожуу хугацаанд ургийн бүх эрхтэн системд ямар нэгэн эмгэг, өөрчлөлт байна уу гэдгийг үздэг шинжилгээ байгаа.
Нэг удаа ийм тохиолдол гарсны дараа дахин төрөлт, дахин жирэмслэлт дээр ургийн гажиг давтагдах эрсдэлтэй байдаг юм болов уу? Давтагдах боломж хэр өндөр байдаг юм бол?
Хромосомын эмгэг бол залуу эмэгтэйчүүдийн хувьд давтагдах боломж маш бага. Нас өсөх тусам буюу 37 наснаас хойш хромосомын эмгэгийн давтагдах боломж нэмэгдэж ирдэг. Жишээ нь, 28 настай залуу эмэгтэйд хромосомын эмгэг давтагдах магадлал бага байдаг бол, 37 настай болоод ирэхэд 350 тутамд юм уу, эсвэл 150-д нэг ч гэдэг юм уу давтагдах магадлал нь ихсээд ирдэг. Тийм учраас 35 наснаас дээш насны эмэгтэйчүүдийг 12-13 долоо хоногтойдоо хромосомын эмгэгийн эрт илрүүлэгт хамрагдах хэрэгтэй гэж зөвлөдөг.
Жирэмсэн болсон хойноо эрт ирүүлэгт орох биш ургийн гажгаас өөрөөр урьдчилан сэргийлэх арга байдаг юм болов уу?
Урьд нь хромосомын эмгэгтэй хүүхэд төрүүлж байсан, удамшилд нь ямар нэгэн хромосомын эмгэг байгаа тохиолдолд удам зүйн эмчээс урьдчилж зөвлөгөө аваад, эхнэр болон нөхөр хоёулаа, хосууд зэрэг очоод удам зүйн эмчээс зөвлөгөө авснаараа хромосомын эмгэгтэй хүүхэд төрүүлэх магадлал байна уу? Үгүй юу? Ямар нэгэн тээгч байна уу? гэдгийг илрүүлдэг шинжилгээний арга байдаг. Тиймээс удам зүйн эмчээс урьд нь ямар нэгэн дурдатгалтай хүмүүс зөвлөгөө авах нь зүйтэй гэж үздэг.
Жирэмсэн эмэгтэйчүүд зарим тохиолдолд эрт илрүүлэгтээ оройтож ирээд байдаг. Тийм учраас 11.6-13.6 долоо хоногтойдоо хэт авиан шинжилгээгээр жирэмсний эрт үеийн хромосомын эмгэгийн илрүүлэгтээ хамрагдаарай.
Б.Аззаяа