
Намрын улирал дөхөж, хичээлийн шинэ жил хаяанд иржээ. Нарантуул зах олны хөлд дарагдана. Хүмүүс шаагилдсан, хөл хөдөлгөөнтэй энэ газар нэгэн хөгшин сүүдэр бараадан даавуун тор зараад сууж байхтай таарч, ярилцсан минь Б.Алтанзагас байлаа. 80 насыг зооглож буй тэрээр өөрийн амьдралын түүхийн багахан хэсгийг бидэнтэй хуваалцсан юм.
-Та энд тор зараад хэдэн жил болж байгаа вэ?
-Дөрвөн жил болж байна. Тороо хүнээр хийлгэдэг юм. Дулаан орохоор ирээд суудаг. Гэрт байхаар янз бүрийн юм бодогдоод, сэтгэл хямраад байдаг болохоор энд ирээд юм зараад сууж байхаар өдөр хурдан өнгөрдөг дөө.
-Та залуу насны дурсамжаа бидэнд хуваалцаач?
-Би айлын том хүүхэд. Гурван дүүтэй. Одоо ч хоёр нь байхгүй. Ээж маань Дорнодын арван жилийн аравдугаар ангид шалгалт өгөх гээд зогсож байхдаа дуншиж, өвдсөн гэдэг. Намайг тийм л залуудаа гаргасан.
Айлын том охин юм хойно хэдэн дүү нараа тэжээх гэж юм юм хийж байлаа. Аав ээж минь их эрт бурхан болсон. Би гурван өнчин дүүтэйгээ үлдээд шил, яс түүж тушааж, өдөр хоногийг өнгөрөөдөг байсан. Тавин хэдэн онд миний шил, яс түүж олсон мөнгө бид дөрөвтөө их мөнгө шиг санагддаг байлаа шүү дээ.
Тэгээд өвөө минь намайг 16 настайд дагуулж явж ажилчин болгосон. Эсгий гутлын үйлдвэрт гурван сар дадлагажигч хийгээд үндсэн ажилтан болж байлаа. Тэндээ арван жил ажиллаад, Шар хадны эмнэлэгт 35 жил асрагч хийсэн. Одоо 2029 онд Шар хадны эмнэлгийн 100 жилийн ой болно. Би бага хүүдээ “Намайг багахан шиг зовоогоорой. Эмнэлгийнхээ 100 жилд оччихоод үхчихмээр байна шүү” гэдэг юм. Одоо зургаан жил байна. Эмээ нь зургаан жил бол элбэг явахаар хөгшин байгаа биз дээ. /инээв/
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Би таван хүүхэдтэй. Миний хамгийн бага хүү 40 настай. Саяхан машинд шүргүүлээд гэмтчихсэн эмнэлэгт байгаа. Эмнэлэгт хэвтэхээр их мөнгө орох юм. Тарианаас бусдыг нь л гаднаас авдаг юм байна. Эмчилгээнд нь их мөнгө ороод би тэтгэврийн зээл авч өгсөн. Эрүүл байхад л болох юм чинь зээл бол яах вэ.
Харин хөгшин маань өнгөрөөд арваад жил болж байна. “Гангар гунгар” гээд суудаг хүн нь байхгүй болчихоор хүн их ганцаардана. Араас нь маань уншаад суухаар сэтгэл бүр сонин болчихдог юм /уйлав/. Нойр хүрэхгүй, даралт ихсээд байхаар нь саяхнаас охиныдоо очсон. Өмнө нь түрээсийн байранд байсан. Хэдэн зээ нартайгаа байхаар сэтгэл санаа ч сайхан шүү дээ.
-Энд тор зараад сууж байхад олон янзын л хүнтэй уулзаж байгаа байх. Залуу үеийнхнийг ажиглахад дээр үеийн хүмүүсээс юу нь өөр болсон санагддаг вэ?
-Хоорондоо харьцах харилцаа нь их сонин болсон санагддаг. Нэгэндээ хүндлэлгүй харьцдаг юм шиг. Чихэнд урьд сонсогдоогүй юм ярьдаг. “Юу гээд хэлчхэв ээ” гэхээр миний хажуу талд зогсдог хүү “Болохгүй юм ярьж байна. Та сонсоогүй нь дээр” гэдэг юм. Ядахад миний чих хатуу. Нэгнийгээ их муухай дуудна. Надтай ч муухай харьцахгүй л дээ. Эмээ та сүүдэрт суу, юм уу гээд манай залуучууд их хөөрхөн. Нэгэндээ л сайхан хандмаар байна. Амны билэг байдаг шүү дээ. Харилцаагаа л засаж, сайхан үгс бие биедээ их хэлж байх ёстой юм шүү.
Б.Аззаяа