Бид энэ удаа Better mind нойргүйдэл сэтгэл заслын эмнэлгийг онцолж байна. Манай улсад сэтгэцийн эрүүл мэндийн ганцхан эмнэлэг байдаг. Бид СЭМҮТ-ээр үйлчлүүлэхийн тулд дунджаар 3-4 сар хүлээх нөхцөл шаардлага үүсдэг. Тэгвэл энэ орон зайг нөхөж, Better mind эмнэлэг нойргүйдэл, сэтгэл заслын үйлчилгээ явуулж буй. Бид сэтгэл засалч эмч М.Мандахтай нойргүйдэл болон мэдрэлийн ядаргааны талаар ярилцлаа.
МЭДРЭЛИЙН ЯДАРГААНД ОРСНОО ХЭРХЭН МЭДЭХ ВЭ
Тэрбээр, “Манай эмнэлэгт голчлон хандаж байгаа хүмүүсийг ажиглахад ихэвчлэн идэр, залуу хөдөлмөрийн насны хүмүүс ханддаг. Ингэхдээ мэдрэлийн архаг ядаргаа буюу тархи нь ядарчихсан, стрессийн түвшин өндөр, нойрны хямралтай болчихсон хүмүүс байдаг. Мэдрэлийн ядаргаа гэхээр бие махбод биш тархи ядарсан гэсэн үг. Ядрах, сульдах, эрч хүч маань алдагдах, юмнаас халширч, төвөгшөөдөг болдог. Ачаалал даах чадвар сулрах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Мөн сэтгэл гутрах шинжүүд илэрдэг. Юманд бууж өгөмтгий болоод цаанаа гунигтай, ханамжгүй мэдрэмж төрөөд байдаг юм. Түүнчлэн юманд хэтрүүлэн санаа зовомтгой болчихдог. “Би уг нь уурладаггүй хүн байсан юм. Гэтэл амархан уурлаад байдаг болчихлоо. Амархан зүйлд гомддог боллоо. Дуу чимээнд хэт мэдрэг хандаж маш дургүй болсон. Телевизийн дуугаа чангалж үзэхээ болилоо. Утасны дуу төвөгтэй байна. Хүүхдүүдийн дуу ч гэсэн төвөгтэй байна” гэдэг.
Мэдрэлийн ядаргааны өөр нэг шинж нь нойр хямардаг. Хүмүүс унтаад л байх юм бол зүгээр болно гэж боддог. Гэтэл унтаад байгаа мөртөө өглөө сэрэхэд амарсан мэдрэмж төрөхгүй, эсрэгээрээ ядарч, толгой өвдсөн. Хүзүү мөрөөр чилсэн, дахиад унтмаар ч юм шиг санагдах, эсвэл өдрийн турш нойрмоглох нь нойрны хямрал буюу мэдрэлийн ядаргааны үеийн нойр ханамжтай биш байна гэдгийг илтгэж байгаа юм. Мэдрэлийн ядаргаанд орсон үедээ бүгдийг нь багцлаад эмчлэх шаардлагатай болно.
ЯДАРЛАА ГЭЭД ВИТАМИН УУЖ, МАССАЖ ХИЙЛГЭХ НЬ ТУС ХҮРГЭХГҮЙ
Ядраад байна гээд л витаминтай дусал хийлгэж, витамин уугаад амралтад явж, массажинд орлоо гээд илэрч байгаа таван багц шижийн нэг шинжид нь л нөлөөлж байгаа юм. Мэдрэлийн ядаргааны голлох шалтгаан бол ажил амралтын хуваариа зөв зохицуулаагүйгээс, мөн стресс тайлах өөрт тохирсон аргагүйгээс болж голчлон үүсэж байгаа юм.
Стрессийг тайлахгүй хурааж, гадагшлуулахгүй л байгаад байх юм бол энэ нь мэдрэлийн ядаргаа болно. Тэгэхээр ядаргаанд орохгүй байхын тулд өөрт тохирсон стресс тайлах аргаа дадал болтлоо суулгах хэрэгтэй.
АЖИЛЛАДАГ ШИГЭЭ АМРАХ ЧУХАЛ
Ажилладаг шигээ адилхан хүнд амралт хэрэгтэй байдаг байх нь. Амрах гэхээр бие, тархи, сэтгэл маань амрах ёстой.
Бодлоо амраахын тулд, бидний бодог нэг бол өнгөрсөн, эсвэл ирээдүй рүү гүйж байгаа. Ингэхээр одоодоо төвлөрч чадахгүй түгшилт үүснэ. Тархинд маань хэт ачаалал үүсэх гээд байгаа юм. Тэгэхээр бодлыг одоодоо төвлөрүүлэх гэж хичээж дадал үүсгэх хэрэгтэй. Тархиа амраана гэдэг маань одоо цаг дээр л төвлөрөхийг хэлнэ” гэлээ.