Бид Дорноговь аймгийн Даланжаргалан сумын харьяат уяач Эрдэнэцогтын Чулуунзүрхтэй улсын их баяр наадмын, хурдан морины уралдааны дүрмийн талаар ярилцлаа.
– Энэ жилийн наадам сайхан уу?
-Сайхан наадлаа. Би энэ жил дөрвөн насны морьтой ирлээ. Азарга, соёолон, хязаалан, сонгомол даага гээд. Нийт таван адуу. Хязаалан маань 40 гаргаад ирчихлээ. Сонгомол даага сая 11,12-оор ирчхэв үү дээ. Нэг соёолон байсан нь хавчиг шүд нь гарсан гээд хасагдчихлаа. Тэгж л наадлаа даа.
-Та бүхэн орон нутагтаа яаж наадсан бэ?
-Бид ах дүү найз нөхдөөрөө зундаа 20 гаруй адуу уяж байсан. Тэндээсээ Багахангай дүүрэгт Буянтогтох тод манлайгийн уяан дээр ирж тэдний галтай нийлж морь уяад зарим морьдоо сумруугаа явуулсан. Говьсүмбэр аймгаас арваад айраг авсан. Би чинь малчин айлын хүүхэд. Аав маань уяач. Бага байхаасаа наадмын морь унаж, морьноосоо хүнддээд, морь тавьдаг аавдаа тусалдаг байж байгаад уясан даа. Аавтайгаа хамтраад л. Аав маань ч гэсэн одоо хамт морь уячихдаг юм. Бие дааж морь уясан маань сүүлийн 2-3 жил л байна. Ер нь голцуу аав ах дүү нартайгаа цуг л явдаг юм. Бүх насаараа л морьтой холбоотой явж байна.
-Энэ жил морьдыг сэрвээгээр нь хэмжиж байна. Таны байр суурь юу байна вэ?
-Яах вэ. Мэдээж шийдэх гээд метрлэж байгаа нь одоогийн байдлаар зөв. Нэлээн л олон морь хасагдаж байна. Олон түмний мэдэж байгаагаар Халхын цуутай хурдан хүлэг Сүрэнжавын морь нодилон их хурдад түрүүлсэн. Гэтэл энэ жил 2 мм-ээр хасагдаж байна гэсэн. Дараа нь Өвөрхангайн Д.Ганбаатарын Бор гэж цуутай хурдан соёолон нодилон хоёр даншигт түрүүлсэн. Энэ жил бүх сунгаанд түрүүлсэн соёолон үрээг 40.1 мм байна гээд 1 мм-ээр хаслаа. 1 мм ямар хэмжээ гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Заримдаа үүнийг санаатай үйлдэл байдаг юм болов уу гэж бодох юм. Үгүй бол үнэхээр тэр хэмжиж байгаа багаж төхөөрөмж асуудалтай байна. Амьд амьтныг мм-ээр хэмжихэд хэцүү л дээ. Жирийн хүн гурван удаа гараараа төөлөхөд нэг нь 20, нөгөө нь 21 ч юм уу гарна шүү дээ. Түүнтэй адил адуу гэдэг амьтан хүний хэл мэдэхгүй. Тухайн төхөөрөмжид ороод зогсохдоо янз бүрээр зогсож байна. Эзнээсээ өөр олон хүнээр шахуулаад төмөр хоргонд орохоороо үргэж цочдогоосоо болоод нэг см-ийн дээр доор гэх мэт асуудлууд гараад байгаа юм. Энэ дээр олон уяачийг хохироож байна.
-Зогсолтоосоо болоод олон см-ийн зөрүү гарах боломжтой гэж үү?
-Адуу чинь жаахан цомбойгоод зогсоход л нэг см-ийн өндөр нам гардаг юм. Энэ дээр цаашдаа уяачдын холбоо нь ч бай, төр захиргааны байгууллага нь ч бай олон мянган уяачийг хохироохгүй байхад анхаарах хэрэгтэй. Энэ бол зөвхөн өнөөдрийн асуудал биш юм. Наашлахын бол нэг жилийн хөдөлмөр. Цаашлах юм бол бүтэн нэг насныхаа хөдөлмөрийг зориулж байж сум, орон нутаг, улс аль ч наадамд уралдуулахын тулд зориулдаг. Энэ тал дээр хаа хаанаа бодолцож, зөв талын шийдвэр гаргах ёстой болов уу гэж бодож байна. Хэн нэгнийг хохироохгүйгээр, хэн нэгэнд давуу байдал үүсгэхгүй ижил тэгшээр уралдах боломжийг төр захиргааны байгууллага гаргаж өгөх нь зүйтэй.
-Энэ жил таны хэд дэх наадам бэ?
-Би анх удаа улсын наадамд оролцож байна. Энэ жилийн наадмаар гэхэд хязаалан насны морь уралдаад ирэхэд хэмжсэн шүү дээ. Түмэн мэдэж байгаа. Түрүүлээд ирсэн морь нь нэлээн өндөр сэрвүүгээр хасагдаж байна. Тэгээд зургаагийн хүн ирээд морь хасуулъя гэж байх шиг байна билээ.Сүүлдээ тэр шийдвэрээсээ буцаж байна. Үл ойлгогдох байдалтай л эхэлсэн. Тэр нь цаашдаа сайжраад явах байх л даа. Маш олон адуу см хүрэхгүй мм-ээр хасагдлаа. Би сая зартай хоёрыг нь л ярьлаа.
Адуу гэдэг амьтан чинь соёолонгоос дээш өсдөггүй амьтан. Хүн болгон мэдэж байгаа. Их насанд нэлээн хэдэн жил уралдсан морь энэ жил стандартад хүрэхгүй хасагдаж байна гэдэг нэг бол тэр улсууд өмнө нь маш их луйвар хийж байсан байна. Үгүй бол тэр бүх юмыг нь болиулах хэрэгтэй. Нэг бол энэ жилийн удирдах комисс маш буруу ажилласан байна. Энэ бол надаар хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа асуудал. Маш олон хүн л хасагдаж байна дөө зайлуул. Зарим нь метр нь давдаг ч юм уу. Хаа хаанаа л хүндрэлтэй. 50/100 хувь нь хасагдаад байна.