Бид улсын их баяр наадмын өдрүүдэд зориулан Увс нуур галыг зорин очиж хэд хэдэн бөхчүүдтэй ярилцсан юм. Энэ удаа бид Улсын харцага А.Бямбажавын том хүү Б.Өсөх-Ирээдүйтэй ярилцсанаа үзэгч танд хүргэж байна. Увс нуур галын хамгийн залуу бөх болох түүний хувьд аавынхаа нэрийг гаргасан жудагтай бөх болохыг хүсдэг тухайгаа хэлсэн юм.
ЖУДАГТАЙ САЙН БӨХ БОЛНО
Тэрбээр өдгөө 17 настай. Монгол бөхийн спортоор хичээллээд нэг жил болжээ. Анх найзтайгаа барилдаж үзээд л бөх болж чадах юм шиг санагдаад зориг шулуудаж байж. Залуу бөх Б.Өсөх-Ирээдүй бөх болох суурийг нь тавьсан аавдаа талархаж, бахархаж явдаг талаараа ярихдаа, “Манай аав Увс аймгийн Сагил сумын харьяат Арслангийн Бямбажав гэж хүн бий. 2010 онд харцага цол авч байсан. Өмнө нь цэргийн хурц арслан цолтой байсан. Аав над шиг байхдаа л Увсаас Төв аймаг руу, хоёр ахтайгаа бүх малаа туугаад ирж байсан гэж байгаа юм. Ааваараа ер нь их бахархаж үлгэр жишээ авдаг. Хүмүүс аавынхаа нэрийг гаргана шүү гээд зөндөө хэлдэг. Би дотроо ч их боддог. Зарим дасгалаа хийхдээ, үүнийг заавал чадна. Аавын минь нэр явж байгаа гээд үйлдэл болгоноо аавынхаа нэртэй холбодог. Найз нөхөдтэйгөө сахилгагүйтсэн ч аавынхаа л нэрийг боддог. Ер нь жаахан даруулгатай байдаг даа” гэж ярилаа.
Мөн тэрээр бөхийн гараагаа эхлүүлсэн тухайгаа дурсахдаа, “Анх би шууд л барилдаад л эхлэх юм болов уу гэж бодсон үгүй юм билээ. Барилдаж сурахын тулд эхлээд хүн байх ёстой. Эрэмбэ дараагаа мэдэх чухал. Анх зодог шуудаг өмсөөд л нэг их сонин мэдрэмж төрсөн. Би жүдогоор хичээллэдэг байсан юм. Тэгээд зодог шуудаг өмсөхөд нэг их задгай эвгүй л байсан. Бөх болохын тулд эхлээд унаж сурах хэрэгтэй юдм билээ. Энэ мэтчилэн сураад л явж байна” гэлээ.
БУСАД ХҮМҮҮС ЧАДААД БАЙХАД БИ ЯАГААД ЧАДАХГҮЙ ГЭЖ ГЭЭД ӨӨРИЙГӨӨ ХУРЦАЛДАГ
Түүнээс бид үлгэрлэл авч, бахархдаг бөхчүүд нь хэн болох талаах асуухад, “Бахархдаг хүн гэвэл мэдээж миний аав. Дараагаар нь Н.Батсуурь аваргаас үлгэрлэл авдаг. Тэвчээрийг нь л их үнэлдэг юм. Н.Батсуурь аварга, “Барилдахдаа тархиндаа бууж өгнө гэсэн кодыг битгий оруул” гэж хэлж байсан. Бас нэг үг байдаг юм билээ. Биеийн бөхөөр нэгийг, сэтгэлийн бөхөөр мянгыг гэж… Сэтгэлзүйгээ сайн бэлдэж байж л бөх болно. Манай багш бас хэлж байсан юм. Хамгийн сайн хамгаалалт бол довтлох гээд. Аав маань айхтар бэртэж байсан юм л даа. Одоо надад бэртэл битгий аваарай, зоригтой барилдаарай л гэж захидаг. Ер нь биеийн өвдөлт, гэмтлээс болж хүн шантардаг юм шиг байна билээ. Түүнийг мэдсэн. Заримдаа “Бусад хүмүүс чадаад байхад би яагаад чадахгүй гэж” гэж боддог. Надад удам байна, бие байна гээд л өөрийгөө хурцалдаг даа. Тууштай гол нь үнэн ч өөрийгөө хуурахгүй байх л хэрэгтэй юм билээ. Миний ирээдүйн зорилго бол мундаг тамирчин байгаад аварга болох доо” гэж ярисан юм.
МОНГОЛ ХҮН ДЭЭЛ ХУВЦСАА ӨМСӨЖ, БҮСЭЛЖ Ч ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ ЭМГЭНЭЛ
Мөн тэрээр үеийнх нь найз нөхөд, хүүхдүүд үндэсний спорт өв уламжлалаа сонирхдоггүйд эмзэглэж явдаг тухайгаа хэллээ.
Энэ талаар ярихдаа, “Манай найзууд, миний үеийнхэн бөх гэхээр жаахан сөргөөр хүлээж аваад байдаг. Бүдүүлэг, муухай зан авиртай гэж төсөөлдөг. Үнэндээ бөхчүүд бол алхам бүрээ л тооцоолдог. Миний хувьд бөхчүүдийг өв уламжлалаа тээгчид гэж хардаг. Монгол бөх бол хэдэн зуун жилийн домог, түүхтэй. Чингис хааны үед цэргүүдээ барилдуулж, сум харвуулж, морь уралдуулж шалгадаг байсан гэсэн. Тиймээс би бөхчүүдийг өв тээгч л гэж боддог.
Хүүхдүүд монгол үндэсний хувцсандаа ч дургүй. Дээл ч бүсэлж чаддаггүй хүүхдүүд их байдаг. Ер нь монгол хүн дээл хувцсаа өмсөж, бүсэлж ч чадахгүй байгаа нь эмгэнэл. Өв уламжлалаа гишгэж, өвөг дээдсээ үгүйсгэж байна гэсэн үг. Ер нь л их үгүйсгэдэг л дээ. Үндэсний бөхөө үздэггүй. Мориныхоо нас зүсийг ч мэддэггүй. Тийм хүүхдүүд байдаг. Тиймээс үндэсний бөх, өв уламжлалаа сайн үзэж, мэдээсэй гэж хүсдэг” гэсэн юм.