Манай улс хил хүртэл төмөр замаа тавьчихсан мөртлөө нүүрсээ машинаар зөөж БНХАУ руу гаргасан хэвээр байна. Учир нь, манай талаас тавьсан төмөр зам өргөн царигтай. Харин Хятадынх нарийн царигтай. Тиймээс Ерөнхий сайдын айлчлалын үеэр хил холболтын төмөр зам барих асуудлыг БНХАУ-ын талтай ярилцаж тохиролцлоо. Мөн шинээр зүүн босоо чиглэлийн төмөр зам тавьж, манай улс нийт 4 төмөр замаар БНХАУ-тй холбогдох боломж бүрдэхээр байна. Мөн БНХАУ-ын Засгийн газартай авто замын салбарт хэлэлцээ байгуулснаар манай улс гадны улсууд руу мах экспортлох шинэ суваг нээгдэж байна. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой ярилцлаа.
“CHINA ENERGY” КОМПАНИ АЛЬ 2015 ОНД Л МОНГОЛЫН ХИЛ ХҮРТЭЛХ ТӨМӨР ЗАМАА ТАВЬЧИХААД ХҮЛЭЭЖ БАЙСАН”
Тэрбээр “Айлчлалын хүрээнд бид “China Energy” компанийн удирдлагуудтай уулзлаа. Энэ компани эрчим хүчний чиглэлээр ажилладаг, дэлхийд тэргүүлэх компани юм билээ. Жилд 650 сая тонн нүүрс олборлодог. Дэлхийн ТОП 500 ААН-ийн 95 дугаарт эрэмбэлдэгддэг. Сэргээгдэх эрчим хүч гээд бүхий л чиглэлээр ажилладаг юм билээ. Тус компани Монгол улстай хил холболтын төмөр зам биш, бусад чиглэлээр хамтарч ажиллая гэсэн саналыг ярьж байгаа. Яагаад бид “Chinа energy” компанийг онцлоод байгаа юм бэ гэдэг нь учиртай. Энэ компани 2015 онд өөрийнхөө хөрөнгөөр төмөр замаа бариад Монголын хил дээр аваад ирчихсэн. Монголоос тавьсан Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр зам энэ төмөр замтай л холбогдоно. Өөр төмөр замтай холбогдохгүй. Өөр гарц байхгүй. Тиймээс бид бодлого, үйл ажиллагаагаа энэ компанитай уялдуулах шаардлагатай байгаа юм.
“ОДОО БАЙГАА ТӨМӨР ЗАМУУДАА ХОЛБООД, ЗҮҮН БОСОО ТӨМӨР ЗАМЫН АЖЛУУДАА Ч ШИНЭЭР ЭХЛҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО”
Өргөн нарийн төмөр замын асуудал Ерөнхий сайдын айлчлалын үеэр яригдаагүй. Энэ асуудал дээр УИХ-аас бодлого нь гарчихсан. Хил холболтын төмөр замуудын тухайд хуучин Замын-үүд дээр ч хуучин өргөн, нарийн төмөр замууд зөрсөн байдалтай байж ирсэн. Гашуунсухайт, Шивээхүрэнгийн төмөр замууд дээр ч холболтын төмөр зам тавьж, асуудлыг зохицуулахаар болсон. Яагаад гэвэл бид өргөн царигтай төмөр замаа Гашуунсухайт дээр барьчихсан шүү дээ. Бид одоо энэ өргөн царигтай төмөр замаа нарийн царигтай болгохын тулд хил холболтын төмөр замыг өргөн, нарийн төмөр замын терминалтай байхаар зохицуулж байна.
Баруун, зүүн босоо төмөр замын хувьд яах аргагүй Орос, Хятадыг холбож байгаа төмөр зам учраас бид энэ төмөр замаа мөн л өргөн царигаар бариад, дараа нь холболтын төмөр зам барих замаар л шийднэ.
“74 ЖИЛИЙН ХУГАЦААНД ОРОС, ХЯТАДТАЙ ТӨМӨР ЗАМЫН ГАНЦХАН КОРИДОРООР Л ХОЛБОГДОЖ ИРСЭН”
Энэ удаад бид Улаанбаатар төмөр замын 1955 оны хэлэлцээрт өөрчлөлт оруулна. Энэ хэлэлцээрт Монгол улс “Замын-Үүд эрээний чиглэлийн төмөр замын ганцхан боомттой байна гэсэн заалт байдаг. Үүн дээр нэмээд Гашуунсухайт- Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал гэсэн дөрвөн боомтын асуудлыг нэмж оруулахаар болж байна. Бид өнгөрсөн 74 жилийн хугацаанд төмөр замын ганц боомтоор л Орос, Хятад улстай холбогдож байсан. Одоо бид дөрвөн төмөр замаар Хятад улстай холбогдох боломж бүрдэхээр байна. Тиймээс хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрээр эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Бусдаар бол бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй явж байна. Бид Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын цэгийн төмөр замын ТЭЗҮ-г хийлгээд эхэлчихлээ. Шивээхүрэн-Сэхэ боомтын нарийн царигийн 7 километр төмөр замын хил холболтын бүтээн байгуулалт эхэлчихсэн явж байгаа. 10 дугаар сард ашиглалтад орно. Зүүн босоо төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байна. Хятад улстайгаа төмөр замаа холбох, эрх зүйн орчноо бүрдүүлэх ажлууд жаахан хожуу явж байгаа. Энэ асуудлыг бид есдүгээр сард дахин ярилцахаар байна.
“ГУРВАН УЛСЫН АВТО ЗАМЫН КОРИДООР МОНГОЛООС МАХ ЭКСПОРТОЛЖ, ХАРИУД НЬ ЖИМС ИМПОРТЛОХ БОЛОМЖИЙГ НЭЭЖ БАЙНА”
Айлчлалын хүрээнд бид хоёр улсын уул уурхайн бус бүтээгдэхүүнийг төмөр замаар болон авто замаар экспортод гаргах асуудлыг ярилцлаа. Өнөөдөр зөвхөн Замын-Үүдийн боомтоор арьс шир, ноос ноолуур гарч байгаа. Тэгвэл баруун талдаа нэг, зүүн талдаа нэг боомтоор экспорт хийх тал дээр тодорхой саналууд яригдлаа. Манай салбарын тухайд Авто тээврийн тухай хэлэлцээрийг БНХАУ-ын Засгийн газартай байгууллаа. Сүүлийн үед авто тээвэр нэлээн эрчимтэй хөгжиж байгаа. Монгол улс зөвхөн Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд гэсэн Орос, Хятадыг, Ази, Европыг холбосон авто замын коридортой байсан бол хоёр дахь коридор бий болсон. Баруун талдаа ОХУ-ын Цагааннуурын боомт, Баян-Өлгий, Ховд, БНХАУ-ын Ярантын боомтын чиглэлд холбогдсон. 750 километр коридор бий болсон. Үүгээр Хятад, Оросын хооронд транзит тээвэр маш ихээр хийгдэж байгаа. Энэ транзит тээвэрт Монголын компаниуд оролцох, цаашлаад энэ гарцаар дамжаад, “стан”-ы орнууд буюу Узбекистан, Тажикстан зэрэг улсууд руу мах гаргаад, тэндээс хямд үнэтэй жимс жимсгэнийг Монгол улсад авто тээврээр оруулж ирэх боломж, болоцоог бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой зүйл болж байна. Урьд өмнө нь бид Казахстан, ОХУ-аар дамжиж тээвэр хийдэг байсан. Хүнд суртал, Оросын цагдаа нарын дарамт шахалт, торгууль ихтэй байсан бол Хятад улсын нутаг дэвсгэрээр явдаг болсноор тээвэр илүү богино, хурдан болно. Монгол тээвэрчид маань монголын мах махан бүтээгдэхүүнийг экспортлох боломж авто тээврийн хэлэлцээрийн үр дүнд бий болж байна.
Видеог дээрээс үзнэ үү.