“Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Үндэсний шигшээ баг, ФС Улаанбаатар багийн хаалгач Энхтайвангийн Мөнх-Эрдэнийг урьж, ярилцлаа. Тэрээр есөн наснаасаа эхлэн хөлбөмбөгийн спортоор хичээллэж, энэ спортод дурлаж, бахархаж явдаг тухайгаа ярьсан юм.
Э.Мөнх-Эрдэнэ хөлбөмбөгийг Дархан-Уул аймгийн Шарын гол сумандаа Баттулга, Жавхлантөгс багшийнхаа удирдлагад хичээллэж эхэлсэн аж.
Тэрээр “Би анхнаасаа л хаалгач болсон. Анх багш маань хаалгач болгосон. Түүнээс хойш би хаалгачийн сайхныг мэдэрсэн болов уу гэж боддог. Хүмүүс гоол хийгээд баярладаг. Харин би ирсэн бөмбөгийг хаачхаад, гаргангуутаа баярладаг. Түүнээсээ улам их зориг авч, урамшдаг. Би анхнаасаа л хаалгач байсан учраас довтлогч байсан бол гэж бодож үзээгүй. Нэг багт талбай дээр 11 хүн тоглодог. Нэг хүн нь хаалгач хийдэг. Хаалгач багийг аварч болдог бас "алж" ч болдог. Түүнээс гадна, хаалгач багийн 50 хувь гэдэг. Хэдий гоол хийж байгаа хүмүүс гоё ч гол үүргийг гүйцэтгэдэг хүмүүс нь хаалгач нар байдаг. Энэ нь үнэхээр гоё байдаг” гэв.
Тэрбээр “Би эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Том хүү маань есөн настай. Бага охин маань хоёр сар гарантай. Шинэ хүүхдээ өлгийдөж аваад удаагүй байна. Шинэ ажил, шинэ хүүхэд, шинэ баг гээд бүх зүйл шинээр эхэлсэн сайхан жил болж байна.
Хүү минь аль хэдийн хөлбөмбөгөөр хичээллээд эхэлсэн. ФС Улаанбаатар клубийн хүүхдийн ангид явдаг. Уралдаан, тэмцээнд их ордог. Хүүхдээ бэлтгэлд нь зөөнө, өөрөө хажуугаар нь бэлтгэл сургуулилтдаа явна гээд л нэлээн шахуу цагийн хуваарьтай. Гэхдээ аль болох хүүхдээ дэмжээд, ямар ч байсан хаалгач болгохгүй гэж бодож байна. Багш, дасгалжуулагчид нь ч хэлдэг. “Наад хүүхэд чинь хаалгач болохгүй. Тоглуул” гэдэг. Хүүгийнхээ тоглолтыг нь үзэхээр үнэхээр хайр хүрдэг.
Хүүхдээ тоглоод, өсөж дэвшээд явах үед нь хүүгийнхээ эсрэг эсвэл хүүтэйгээ нэг багт тоглохыг мөрөөдөж, зорьдог. Түүнийхээ төлөө өөрийнхөө бие бялдраа бэлдэж, зориулна гэж боддог.
Хамгийн их урам, зориг өгч дэмждэг хүн бол манай эхнэр. Надад “Шигшээ багаасаа больдог юм уу” гэсэн бодол төрж байсан. Тоглохоо болиод ажил, амьдралаа бодоод явдаг юм уу гэсэн бодол төрж л байлаа. Тэгэхэд манай эхнэр “Яах юм бэ хайр аа, хоёуланд нь мөнгө хэрэггүй. Чи Монгол улсын нэрийн өмнөөс тоглож байгаа учраас улсаа нэгт тавь” гэсэн. Яг тэгж хэлэхэд нь “Бас л тэнэг шийдвэр гаргах гэж байсан байна шүү” гэж бодсон доо.
Хөл бөмбөг бол дэлхийн №1 спорт. Хаана ч, хэн ч үздэг, хардаг. “Тоглож чадахгүй юм аа гэхэд ядаж нэг хүний нэр мэддэг юм” гээд алдарт Балжинням ахын маань хэлж байсан үг бий. Хөл бөмбөг бол дэлхий даяар тоглодог үзэгчтэй, олонтой сайхан спорт. Тиймээс би хөл бөмбөгийн спортод илүү хайртай. Хөл бөмбөг тоглож байх хугацаанд би бүх зүйлээ мартдаг. Арын ажил, амьдрал, стресс гээд бүх зүйлээс тасраад, яг тэр хөл бөмбөг тоглож байхдаа зөвхөн кайф мэдэрч байдаг. Зөвхөн бөмбөгтэй холбоотой зүйлийг, бөмбөгийг мэдэрдэг.
Хөл бөмбөг тоглохоос гадна АПУ ХК-д ажилладаг. Гэр бүлээрээ их цаг өнгөрөөдөг. Бэлтгэл, сургуулилт гээд жаахан завгүй байдаг. Би ФС Улаанбаатар клубт анх нэгдэж байхдаа АПУ ХК-д ажилд оръё гэсэн хүсэлт өгөөд, худалдааны төлөөлөгч гэдэг албан тушаалд ажиллаад хоёр сарын нүүр үзэж байна. АПУ ХК-даа ажиллана. Хажуугаар нь АПУ ХК-ийнхаа багт тоглож байгаа гэдэг нь илүү гоё байдаг.
Хөл бөмбөгийн спорт гэлтгүй спортод санхүү, хөрөнгө, мөнгө хамгийн чухал. АПУ ХК маань биднийг энэ амжилтад хүрэхэд тусалж, амжилт гаргахад арыг нь дааж, асуудлыг шийдэж өгдөг. Бидний сайн дэмжиж, хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлдэг.
Мэдээж хүнд айдас байдаг. Том тоглолтуудад би өөрийнхөө сэтгэл зүйгээ бэлддэг. Өөрийгөө тайван байлгадаг. Маргааш нь чухал тоглолттой байлаа гэхэд урьд өдөр нь тоглолтоо бодож хоноод, өглөө нь тоглолтоо боддоггүй. Өөрийгөө өөр зүйлд сатааруулаад, дуу сонсох, бичлэг үздэг. Яг хувцас солих өрөөнд орсон цагаас тоглолтоо дахин бодож эхэлдэг. Тоглолтын явцад шатахаас илүүтэйгээр тоглолтоо хянаж чадахгүй, түүнээсээ шалтгаалан алдаа гарах тохиолдол их тулгардаг. Манай дасгалжуулагчийн хэлдэг нэг зарчим бий. “Алдаж болно. Хүн бүр алддаг. Хөл бөмбөг угаасаа алдааны спорт. Харин алдаа тэр дор нь орхиод дараагийн алхамдаа хурдан шилжих нь хамгийн чухал” гэж ярьдаг. Би үүнийг боддог.
Хамгийн зөв шийдвэр бол хөл бөмбөгт хайртай, дуртай болсон маань гэж боддог. Хөл бөмбөг тоглоод, цаашдаа үүгээрээ явъя гэж шулуудсан нь миний хамгийн зөв шийдвэр байх. Би арван жилд байхдаа хөл бөмбөг, хоккей хоёуланг нь тоглодог байсан. Оюутан болоод, аль нэгийг нь сонгох болоход эргэлт буцалтгүй хөл бөмбөгөө сонгоё гэсэн тэр шийдвэр бол хамгийн зөв байсан болов уу. Одоо миний амьдралын туулж байгаа замналд хөл бөмбөг салшгүй холбоотой. Хөл бөмбөгөөрөө баг, хамт олонтой болсон. Хөл бөмбөгөөрөө Монгол улсынхаа нэрийн өмнөөс тоглодог болсон. Олон хүмүүсийн хайр, хүндэтгэлийг дааж яваа учраас хөл бөмбөгийг сонгосон нь хамгийн зөв шийдвэр гэж боддог.
Хөл бөмбөгийн спортыг сонгоорой. Хөл бөмбөг гэлтгүй спортыг сонгоорой. Спорт хүнд хүндлэл, хүмүүжил, хатуужил бүгдийг өгдөг. Аав, ээж нь дийлэхгүй байгаа хүүхдийг спортод хүмүүжүүлдэг. Хүнийг яаж дээдлэх, хүндлэхийг заадаг учраас амьдралд их нэмэртэй шүү” гэлээ.
Видеог дээрээс үзнэ үү.