Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ салбарын төлөөлөлтэй хийх 8 дахь “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-ыг аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэдэг Их, дээд сургуулийн төлөөлөл, ажил олгогч аж ахуйн нэгж, оюутны төлөөлөлтэй “Аялал жуулчлалын салбарын хүний нөөц, тогтвортой байдал” сэдвийн хүрээнд хийлээ.
Аялал жуулчлалын салбар ковид 19-ний цар тахлын улмаас тур оператор 78 хувь, жуулчны бааз 68 хувь, зочид буудал 25 хувь, зоогийн газар 50 хувиар хүний нөөцөө алдсан байна. Харин энэ чиглэлийн мэргэжлээр 16 их дээд сургууль мэргэжилтэн бэлтгэдэг ба 2007 онд 7251 оюутан төгсөж байсан бол 2022 онд 979 болж буурсан үзүүлэлттэй байна. Учир нь аялал жуулчлалын салбарыг зөвхөн зуны 3 сард ажилладаг, тогтвортой ажлын байр байхгүй, суралцагчдын ихэнх хувь нь Улаанбаатар хотоос байдаг бөгөөд орон нутагт ажиллах хүсэлгүй, гаднын оронд суралцаж, ажиллахыг илүүд үздэг байна.
Иймд аялал жуулчлалын салбарынхан нэгдэж энэ чиглэлийн мэргэжил сонгон суралцаж буй оюутнуудад 400 сая төгрөгийн тэтгэлэг зарласан ба элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/орон даяар өрнөж байгаа энэ үед мэргэжил сонголтод аялал жуулчлалын салбарыг сонгох нөлөөллийн аяныг эхлүүлж байгааг онцлов.
Уулзалтад БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга П.Баттөр, Уур амьсгалын өөрчлөлт, бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Цэрэндулам, ТЗУГ-ын дарга Б.Баярмаа, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Энхчимэг, БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир, МСҮТ-ийн захирал А.Халиунаа, Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр, Хөтөч тайлбарлагчдын холбооны зөвлөх М.Нарангэрэл, Зочид буудлуудын холбооны гүйцэтгэх захирал Н.Батцэнгэл, болон СЭЗИС, ХААИС, МУБИС, Сити их сургууль, Их засаг ОУИС, Аялал жуулчлалын ур чадварын сургууль, Глобал удирдагч ИС, БОАЖ-ын Сайдын нэрэмжит тэтгэлэгт оюутнууд болон мэргэжлийн ангийн судлаач оюутнууд оролцов.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам