2016 онд дэлхийн тэргүүлэгч Оксфордын их сургуулийг бизнес удирдлага, санхүүгийн шинжээч мэргэжлээр төгссөн М.Сугарыг урьж ярилцлаа. Тэрбээр одоогоор санхүү хөрөнгө оруулалтын зөвлөх чиглэлээр хувиараа ажиллаж байгаа юм. Түүнтэй бид манай улсын хөгжил, төсвийн мөнгийг тойрсон олон асуудлын талаар ярилцсан юм.
-Таны нүдээр Монгол улс хөгжиж байна уу эсвэл хөгжихгүй байна уу. Монгол улс хөгжиж байгаа гэж үзвэл бид ямар тоо баримтаар харж, дүгнэх хэрэгтэй юм бэ?
Эрх баригчдын өнцгөөс яривал манай улс цаасан дээр хөгжөөд байгаа шүү дээ. Харин бодит байдал дээр инфляц 10 хувь алдагдчихсан, хүмүүсийн амьдрал дээшилсэн зүйл огт байхгүй. Монгол улсад 20 жилийн өмнө НҮБ-ын баг ядуурлын түвшин тодорхойлох судалгааны ажил хийсэн. Энэ судалгааны ажлаар нийт хүн амын 30 хувь нь ядуурлын хэмжээнд байна гэж гарсан. Гэтэл 20 жил өнгөрчхөөд байхад энэ үзүүлэлт хэвээрээ л байна шүү дээ. Монгол улс гацсан байна. Энэ гацаанаас улс орноо гаргахад бидэнд шинэ бодлого хэрэгтэй. Гэхдээ шинэ бодлогыг яг одоогийн эрх баригчид гаргаж ирэх чадвар бас чадамж байхгүй гэж би хэлнэ.
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ӨР 33 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР. ЭНЭ БОЛ МАНАЙ УЛСЫН ЭДИЙН ЗАСГААС ГУРАВ ДАХИН ТОМ ТОО
-Улсын төсвийн орлого давж биелсэн түүхэн амжилт тогтоолоо, нүүрс маш сайн зарагдаж, 2050 хөтөлбөр амжилттай хэрэгжлээ гэх зэргээр Засгийн газар мэдээлэл хийж байна. Ялангуяа урин дулаан цагаар хүмүүсийн сэтгэл санаа тэнэгэр байгаа энэ үед улс нээрээ л сайхан болж байгаа мэт мэдрэмжийг хүмүүст өгөөд байна шүү дээ?
Үгүй ээ яах вэ, зуны дэлгэр цагаар нээрээ л сайн сайхан болсон юм шиг бодох нь аргагүй юм. Ард түмэнд ийм мэдрэмж өгөхийг 7 дахь жилдээ засаг барьж байгаа МАН-хан ч хийхийг оролдох нь мэдээжийн хэрэг.
Яг бодит байдлаа харах юм бол нүүрс тэдний ярьж байгаатай адилаар гарч байгаа юу. Надад ирсэнмэдээллээр Гашуунсухайт боомтоор гарч байгаа нүүрсний хэмжээ маш бага байна. Үүнээс гадна манай улсын хувьд худалдааны гол түнш болох БНХАУ-тай нүүрсний асуудлаар ойлголцолд хүрч чадахгүй байгаа гэх мэт мэдээлэл байна. Үүнийгээ дагаад боомт дээр ажиллаж Монгол ажилчдын нөхцөл байдал хүнд байна. Жишээлбэл, нүүрсний тээвэрлэлтийг Хятад эзэнтэй компаниуд гүйцэтгэж байгаа шүү дээ.
Яах вэ, улсын төсөв нэг удаа сайн дүнтэй гарлаа. Жуулчид нэг удаа олноор ирлээ зэрэг жижүүрийн тоо баримтаар хүмүүсийг хуурч болно. Гэтэл манай улсын нийт гадаад өр 33 тэрбум доллараар үнэлэгдэж байна. Энэ тоо манай улсын эдийн засгаас гурав дахин том гэсэн үг. Гэтэл эрх баригчид үүний зөвхөн 10 тэрбум нь л Засгийн газартай холбоотой өр гэж тайлбарлаж байна. Засгийн Газар 10 тэрбум долларын өрийг аваад тэтгэвэр тэтгэмж болгоод тараагаад байдаг. Гэсэн атал бизнесийн орчныг сайжруулах дэд бүтцийн ажлуудаа хийхгүй л байна шүү дээ.
-Эрх баригчид сонгуулийн үеэр яг ямар ажилд мөнгөө зарцуулаад байна вэ. Сонгуулийнхаа зардлыг төсвийн мөнгөнөөс гаргаад байна уу. Эсвэл халамж руу урсгаад байна уу?
Барууны орнууд хуульдаа заачихсан байдаг. Сонгуулийн өмнөх жил нийгмийн шинж чанартай зардлуудыг нэмж болохгүй гэдэг ч юм уу. Энэ нь өрсөлдөөний тэгш боломжийг бий болгоно гэсэн үг. Үеийн үед эрх барьж байгаа намуудын сонгуулийн үеэр баталсан төсөв нэмэгдэж гардаг. Үүний цаана мөнгөөр саналыг өөртөө авах гэсэн санаархал байгаа. Ер нь улсын хөгжлийг гурван зүйлээр хэмжинэ. Үүнд: Боловсролын төвшин, Боломжийн төвшин, Бизнес хийх орчин багтаж байгаа юм. Боловсрол, боломж хоёр нэмэгдэж байж л инновац хийх орчин бүрдэнэ шүү дээ.
-Тэгвэл өнгөрсөн хугацаанд Засгийн Газар зарлага өндөртэй байсан атлаа өр тавиад л мөнгөтэй болж байсан хэрэг үү?
Манай улсын зээлжих зэрэглэл эрсдэлтэй бүсэд хамаарагддаг учраас хүү өндөр хувьтай гэж ойлгож болно. Мэдээж хүү өндөр учраас өрөө төлөхөд хүндрэлтэй. Засгийн газар өрийн хүүг Монголын шавхагдах баялаг болох нүүрсээр л аргацааж байна.Нүүрсээ ухаж гаргаад нэг хэсгийг нь өрөндөө өгөөд нөгөө хэсгийг нь нийгмийн халамждаа өгсөн хэвээр. Нүүрс зарагдсан уу зарагдсан. Харин мөнгө нь байхгүй. Хөгжил авчрах дэд бүтэц баригдаагүй. Эдийн засгийн менежмент байх ёстой байтал хийх чадамжгүй байна уу эсвэл хийхийг хүсэхгүй байна уу.