Өнөөдрийн байдлаар, манай улсын 9 аймгийн 24 сумын 30 голомтод малын гоц халдварт мялзан өвчин бүртгэгдээд байна.
Тиймээс дархлаажуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай болжээ. Мялзан нь олон улсын худалдааны хорио цээрт өвчин. Эрсдэл бий болох тусам махны экспорт гацаанд орно гэсэн үг. Энэ өвчнөөр хонь, ямаа буюу бог мал халдварлахаас гадна, зээр, бөхөн зэрэг зэрлэг амьтад халдварладаг. Энэ нь өвчин хил дамжин халдварлах шалтгаан болдог байна. 2016 онд мялзан өвчин баруун аймгуудаар тархаж, тухайн үедээ тоо толгой нь 15 мянгад хүрээд байсан бөхөнгийн 80 орчим хувь нь устаж байныг Мал, эмнэлгийн Ерөнхий газраас мэдээллээ. Өнөөдөр ч өвчний халдвар баруун болон төвийн бүсэд тархсаар байна.
Одоогоор үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэл бүхий бүсийн 19 сая малыг вакцинжуулж эхлээд байна. Дэлхий нийтээр 2027 он гэхэд бог малын мялзан өвчинг бүрэн устгах зорилт тавьсан байна. Энэ хүрээнд манай улс тусгалсан стратеги боловсруулан ажиллаж байгаа гэлээ. Уг өвчний вакцинд гурван жилийн хугацаанд дархлаа тогтоодог юм байна. Тиймээс жил бүр тогтмол вакцин тарих шаардлагагүй гэсэн үг. Гэхдээ хамгийн гол нь аль малыг тарьсан тариагүй вэ гэдгийг ялгаж таних нь хамгийн чухал асуудал болжээ. Давхардуулж тарих вий гэдэг болгоомжлол байгаа юм. Тиймээс ч одоогоор вакцин тарьсан малыг будгаар тэмдэглэх, дийлэнхдээ "Энэ жил төл малаа, эсвэл төлөө тарих, түүний дараа хонио тарих гэх мэтээр ээлжлэх тактикийг хэрэгжүүлж байгаа юм байна.
Хэрэв манай улс эрүүл бүс гэдгээ олон улсад баталж чадвал мах, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдээ олон улсад экспортолж, энэ хэрээр малчдын орлого нэмэгдэх боломжтой. Гэвч шүлхий, мялзан өвчин бүртгэгдсээр байгаа тул энэ боломж хаагдаж байгаа гэдгийг Мал, эмнэлгийн Ерөнхий газраас тайлбарлалаа. Өнөөдөр улсын төсвөөс төсөв гаргаж, мал сүргийг дархлаажуулж байна. Гэтэл малчид хайнга зан гаргаж, өвчин тарааж буйг хэлсэн юм. Өмнө нь, баруун аймгийн нэгэн малчин Баянхонгор аймагт бүртгэл, зөвшөөрөлгүйгээр бух авч ирснээс болж, аймаг малын гоц халдварт өвчний бүс болжээ. Ганцхан мал халдвар авсан байлаа ч тухайн бүсэд халдвар гарсан л бол "улаан бүс"-д тооцогдож, худалдааны хорио цээр тавигддаг байна.
Тиймээс малчид хариуцлагатай байх чухал болоод байгааг хаа хаанаа хөндөж байна. Хамгийн сүүлд л гэхэд, "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат зүүн аймгаас 300 тооны адуу тууж, Сэлэнгэ аймагт авчирсан асуудал гарсан. Гоц халдварт бүсээс ирсэн малын хөлөө дамжин халдвар тархах эрсдэлтэйг, асуудал яг ийм замаар үүсдэг гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна. Зээрийн сүргээ мялзан өвчинд хүйс тэмтрүүлсэн түүх саяхных. Тиймээс мэргэжлийн байгууллагууд нь зөв тактикаар ажиллах, малчид нь өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй болоод байна. Машины дугуйгаар ч малын гоц халдарт өвчин тархдаг гэдгийг нийтээрээ дахин нэг бодож үзэх цаг болжээ.