Улсын хэмжээнд бог малын мялзан өвчний дархлаажуулалтын нэг сарын аян эхлэх гэж байна. Энэ талаар Мал эмнэлгийн Ерөнхий газраас тодрууллаа.
Энэ онд нийт 8,4 сая толгой малыг бог малын мялзан өвчний дархлаажуулалтад хамруулах гэж байна. Дархлаажуулалт 25 хоног үргэлжилнэ. Одоогоор улсын хэмжээнд 8616 малчин өрхийн 2,4 сая малыг хамруулж, дархлаажуулалт 12,8 хувьтай байна. Хэдийгээр өвчнөөс сэргийлэхийн тулд бүх малаа вакцинжуулах шаардлагатай ч төсөв мөнгөний хүрэлцээ хангалтгүй байдаг. 2017 оноос хойш нийт 42 сая малыг дархлаажуулалтад хамруулсан байна. Өнгөрсөн онд л гэхэд 2,9 сая толгой бог малыг дархлаажуулалтад хамруулсан. Малыг яагаад энэ вакцинд хамруулах шаардлага үүссэн бэ гэвэл мялзан нь амьны өвчнүүдээс хамгийн хор хөнөөлтэйд тооцогддог. Нэг удаад вакцин тарьсан бол насан туршийн буюу 3-5 жилийн хугацаанд дархлаа тогтоодог. Дэлхий дахинд 2030 он гэхэд бог малын Мялзан өвчнинг устгах зорилго тавьсан.
Малын гоц халдварт өвчний тархалт малын хөлөөр дамждаг. Тийм учраас вакинжуулалтад малчид малаа хамруулахаас гадна, хяналтгүй отор нүүдэл хийхгүй байх зэрэгт онцгой анхаарах шаардлагатай байна. Дур мэдэж бэлчээр сэлгэхгүй, аймаг дамжихгүй, мал тууж, ачиж явахгүй байх хамгийн чухал. Нэг л мал өвчлөхөд тэр бүс нь өвчтэй бүс нутаг гэж бүртгэгддэг. Улмаар, хорио цээрийн дэглэм тогтоож, махны экспорт улам л гацахад хүргэнэ. Тиймээс хаа хаанаас хариуцлагатай хандах чухал байна. Хорио цээрийн дэглэмтэй бүсээс малаа тууж гарсан зарчим малчны хэрэг одоо шүүх дээр явж байна” гэлээ.