Монгол, Улсын хөдөлмөрийн баатар, Гацуурт компанийн захирал Б.Чинбат Зүүн аймгаас адуугаа туулгаж, 300-400 тооны адууг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум руу оруулахаар завдаж, малчид, иргэдийг машинаараа элдэж хөөсөн хэрэг гарлаа. Адуу оруулахад Сэлэнгэ мөрнийг шууд гатлах боломжгүй. Тиймээс нутгийн иргэд Б.Чинбат нарыг гүүрэн дээр зогсоож “Хаанаас ямар мал авчирснаа тайлбарла. Эрүүл мал гэсэн бичгээ үзүүл” гэж шаарджээ. Хариуд нь Б.Чинбат “Би хувийн өмчөө өөрөө мэдье. Та нар шиг юмнуудаар заалгахгүй хэмээн пээдэлзэж, шаардлага тавьсан иргэдийг машинаараа элдэж хөөжээ.
Б.Чинбатын бурууг нотлох дараах үндэслэлүүд байгаа юм.
1. Нэгдүгээрт, Мал эмнэлгийн Ерөнхий газрын хэлтсийн дарга Н.Ариунаагийн бидэнд өгсөн мэдээллээр, Дорнод, Сүхбаатар аймагт малын гоц халдварт мялзан өвчин гарсан. Иймээс зарим суманд хорио хээрийг дэглэм тогтоогоод байна. Халдвартай бүсээс эрүүл бүс рүү мал оруулах хориотой. Малын гоц халдварт өвчин тараах эрсдэлтэй. Хэрэв үнэхээр оруулах шаардлагатай бол “Энэ мал бүгд эрүүл” гэсэн бичгийг аймгийнхаа мал эмнэлгийн газраас авч ирсэн байх ёстой. Гэвч Б.Чинбат хэний ч хяналтаас гадуур аашилж, 300 адуугаа туугаад иржээ. Энэ талаар Мал эмнэлгийн Ерөнхий газрын хэлтсийн дарга Н.Ариунаа “Хэдийгээр богийн мялзан өвчнөөр адуу өвчилдөггүй хэдий ч энэ өвчний вирус тээвэрлэгдээд ирэх аюултай. Тийм учраас ийм олон тооны адууг хяналтгүйгээр оруулах боломжгүй гэдэг шаардлагыг л бид тавьж байгаа юм” гэлээ.
2. Хоёрдугаарт, Б.Чинбат шаардлага тавьсан орон нутгийн иргэдийн биед халдаж, санаатайгаар алахыг завдсан гэмт хэрэг үйлдэв. Учир нь тэрээр малчдыг машинаараа элдэж хөөж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд ил болсон. Энэ талаар орон нутгийн удирдлагууд хэлэхдээ “Энэ мал ороод ирэхэд манай малчдын мал халдвар авах эрсдэл их байгаа. Ийм учраас хүлээж авах боломжгүй гэдэг зүй ёсны шаардлагыг тавьсан. Гэвч Л.Чинбат харанхуй болоход адуугаа оруулах гэж завдсан. Ингээд манай гуравдугаар багийн иргэдийн нийтийн хурлын дарга Ганцэцэг гэдэг хүний биед “Гацуурт” компанийн нэг ажилтан халдсан.Өнөөдөр бид Зүүнбүрэнгийн малчидтайгаа нийлж, адуунуудыг нутгаас гаргах гээд байж байтал Гацууртын Чинбат нь саарал өнгийн “Ланд 200” машинтай давхиж ирээд “Та нар миний хөрөнгийг хаших эрх байхгүй” гэнгүүтээ шууд манай хоёр морьтой, нэг мотоциклтой иргэнийг машинаараа дайраад унагаачихсан. Бид нар мал хулгайлсан юм байхгүй. Сум, орон нутгийнхаа дүрэм журмыг дагаад “Энэ адууг чинь оруулахгүй” гэж хэлсэн. Ингээд адууг нь албадан гаргах гэж байсан. Л.Чинбат ташаа мэдээлэл тарааж, бидний, сум орон нутгийн нэр хүндэд халдаж байна. Шат шатандаа гомдол гаргана” гэсэн юм.
3. Гуравдугаарт, Б.Чинбат утсаар тайлбар өгөхөөс татгалзсан. Улмаар өөрийн цахим хуудсандаа “Би малын хулгайчидтай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Ингэснээр тэр малчдыг малын хулгайч хэмээн гүтгэв. Мөн хэл амаар доромжлов. Бусдыг гүтгэх, доромжлох гэдэг бол эрүүгийн хуулийн ял шийтгэлтэй эрүүгийн гэмт хэрэг. Үүнийг сумын иргэд, удирдлагуудаас авахуулаад Мал эмнэлгийн Ерөнхий газрынхан хүртэл баталж байна.
ХУУЛЬ, ХҮЧНИЙХЭН МӨНГӨТЭЙ ХҮНД ӨӨР ХАНДДАГИЙН ЖИШЭЭ БОЛЛОО
Хэрэв энгийн иргэн халдвартай бүсээс мал тууж хорио цээрийн дэглэм зөрчсөн бол, шаардлага тавьсан хүмүүсийн амь насанд заналхийлсэн бол өдийд магад 461 дүгээр ангид хорьж орхих байлаа. Хуулиараа ч тийм заалттай. Гэвч Б.Чинбат дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэлтэй, дайрч давшилсаар байхад хуулийнхан түүнийг яаж чадахгүй байгаа нь хуулийнхны хэрхэн ялгавартай ханддагийн жишээ болж байна. Одоогоор "Шалгаж байна" гэх хариултыг л өгөөд байна. Малчин халдвартай бүсээс мал гаргавал шууд шүүхэд өгч, хохирлыг нь төр нэхэмжилдэг. Харин энэ удаад Б.Чинбатыг хэрхэх вэ гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байна. Б.Чинбат Хөдөө аж ахуйг дэмжих сангаас авсан зээлээ төлөхгүй 12 жил тойрсон байдаг. Татвар төлөгчдийн мөнгийг өөртөө авчихсан мөртлөө төлөхгүй луу унжсаар байна. Тэгвэл одоо малын гоц халдварт өвчин тараах эрсдэл бий болгож, дур зоргоороо аашиллаа. Хууль хүчнийхэн мөнгөтэй хүний эсрэг барагтай хөдөлдөггүй, эсвэл алгуур болгоомжтой ханддаг, ялгаварладаг гэдгийг бид нийтээрээ харж байна.