Банкууд ипотекийн зээл олгохдоо иргэдээс 1 хувийн шимтгэл авч байгаа нь хууль бус, үндэслэлгүй гэж үзэн ШӨХТГ шүүхэд хандсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг арилжааны 9 банкны талд шийдэж, шимтгэл авч байгаа нь үндэслэлтэй гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх “Үндэслэлтэй” гэж үзээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ШӨХТГ-ын одоогийн болон өмнөх дарга нар нь "Иргэд шимтгэлээ буцааж авч болно" хэмээн мэдэгдэл хийж байна. Мөн Шадар сайд С.Амарсайхан үүнийг өөртөө оноо болгон ашиглаж "Сүүлийн хоёр жилд төлсөн шимтгэлээ буцааж авна" хэмээж байна. Гэтэл шүүхээс гаргасан хураангуйг үзвэл, ШӨХТГ, хуульчдын хэлсэн тайлбараас зөрж байна.
Эхлээд хууль О.Батхүүгийн тайлбарыг үзье. Тэрээр 2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй гэх асуудлыг бид гаргаж тавьсан. Эхний ээлжинд Монголбанканд хандсан ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Ингээд ШӨХТГ-д хүсэлт гаргасан. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Өчигдрийн шүүхийн шийдвэр эцсийнх биш. Гэхдээ банкууд давж заалдсан ч дээд шүүх гомдлыг хүлээж авахгүй байх гэж найдаж байна. Учир нь банкууд 1%-ийн шимтгэл авч байгаа нь хууль бус юм гэдгийг Дээд шүүхээс өмнө нь тогтоочихсон байдаг. Тодруулбал, 2013-2023 он хүртэлх 10 жилийн өмнөх хэргийг Дээд шүүх нэг удаа хүлээж аваад банкууд үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж үзсэн. Ингээд 1 хувийн шимтгэл авч байгаа нь хууль бус гэсэн шийдвэр гаргасан байдаг. Гэхдээ ямар шийдвэр гаргах нь Дээд шүүхийн бүрэн эрх" гэж ярилааа.
ШИМТГЭЛ АВАХ НЬ БУРУУ БИШ, ҮНДЭСЛЭЛТЭЙ ТОГТОО ГЭСЭН ШИЙДВЭР ГАРЧЭЭ
“Өнөөдрийн байдлаар орон сууцны зээлтэй 110,000 хүн бий. Үнийн дүнгээр авч үзвэл 10 жилийн хугацаанд авсан шимтгэлд 47 орчим тэрбум төгрөгийг буцаан олгохоор байна” гэж албаныхан тайлбарлаж байна. Гэвч ийм боломжгүй, улстөрчид сонгууль угтаж шоу хийлээ хэмээн зарим эдийн засагч шүүмжилж байна. Учир нь шүүгчийн бичсэн хураангуйд энэ талаар заасан байгаа юм. Шүүхээс шүүхийн шийдвэрээ тайлбарласан хураангуй гаргахдаа “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар нь нэр бүхий 9 банканд хяналт шалгалт хийсэн байна. Уг хяналт шалгалтаар нэр бүхий 9 банкийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтад “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл оногдуулсныг шүүхээс зөв гэж дүгнэв.
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар нь арилжааны банкнуудыг ипотекийн зээл олгохдоо шимтгэл авсныг буруутгаагүй, харин шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж шийтгэлийн хуудас бичиж, ипотекийн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авахыг даалгах” зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавар бичсэн байна” гэжээ. Эндээс харвал, банкууд өөр байдлаар тогтоохоос биш, огт авахгүй гэсэн үг биш гэдэг нь харагдаж байна.