Бидний амьдарч буй нийгэмд архийг хэтрүүлэн хэрэглэдэг олон хүн бий. Өөрөөр хэлбэл бид архидалтдаа живсэн нийгэмд амьдарч байна гэхэд хилсдэхгүй нөхцөл байдалтай байгаа. Ингэж хэлж буйгийн учир нь манай сайтын сэтгүүлч өнгөрсөн долоо хоногт архинаас гаргах эм бэлдмэлийн талаар сурвалжилга бэлдэхэд манай ажлын утас руу цаг минут тутам залгаж, архины эмний талаар мэдээлэл авахыг хүсэж байсан юм. Өнгөрсөн оны байдлаар манай улсын насанд хүрсэн хүн амын 6.2 хувь нь архинд донтох эмгэгтэй. Жилд 10 мянган хүн архины хамааралтайгаар нас барж байна. Өөрөөр хэлбэл архидалт нь чимээгүй тахал болсоор байна. 2050 онд манай улсын хүн ам 5.3 саяд хүрнэ гэсэн тооцоо бий. Архидалттай тэмцэх бодлого хэрэгжүүлэхгүй явсаар байх юм бол 2050 он гэхэд архины хамааралтай хүмүүсийн тоо хоёр дахин, нас баралт хоёр дахин нэмэгдэнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Тэгвэл бид архидалт, үүнд донтох үйл явцын цаана ямар шалтгаан байдаг талаар сэтгэл зүйчээс болон архинд донтсон зарим хүнээс тодрууллаа.
Энэ талаар иргэд ярихдаа…
- Архи уух шалтгаан гэвэл би нөхөртөө зодуулж, гараа гэмтээсэн. Одоо гар минь идээлээд л явж байна. Би хоёр хүүхэдтэй. Нэг хүүхэд маань 21 настай. Одоо миний ээж дээр хоол идээд байж байгаа. Нэг хүүхэд маань зургаан настай. Одоо асрамжийн газар байгаа. Би амьдралд олон зүйл алдсан. Үр хүүхдээсээ салсан. Би хардаггүй, зоддоггүй, сайхан ханьтай байсан бол аз жаргалтай амьдрах байсан л гэж боддог юм…
- Хань ижил маань өөд болсон. Хүүхдүүд том болоод тусдаа гараад явсан. Тэгээд л ах нь ганц бие амьдардаг юм. Ер нь их ганцаарддаг юм. Уугаад ганцаардлаа тайлж чадахгүй л байна. Яах вэ дээ сэтгэлээ л чангалах гэж уудаг.
Тэгвэл архидалтын талаар сэтгэл зүйч Б.Уянга, “Хүн бүр сэтгэл зүйн хэрэгцээтэй. Надад ч хэрэгцээ байгаа. Танд ч бас хэрэгцээ байгаа. Хэн нэгнийг бид санамсаргүй болон санаатайгаар гомдоочихдог. Тэр гомдлоо илэрхийлж чадахгүй байгаа учраас сэтгэл зүрхэн дотроо л хадгална. Таны сэтгэл тодорхой хэмжээтэй савтай байгаа. Тэр сав дүүрэхээр ямар нэг зүйл хэрэглээд, тухайн зүйлээ гаргахыг хүснэ ээ дээ. Донтох шалтгааныг сэтгэл зүйн хэрэгцээтэй холбож үзэх юм бол өөрийнхөө мэдрэмж болоод үнэлэмжийг дутуу мэдэрч байгаатай холбож үзэж байна. Өөрийгөө үнэлэх үнэлэмж дутуу байгаа учраас тухайн хүн эрүүлдээ буюу ухамсартай байгаа үедээ сэтгэл доторх мэдрэмжээ бүрэн илэрхийлж чадахгүй байна гэж харж байгаа юм. Архи ууж ухамсаргүйн түвшинд хүрсэн үедээ өөрийнхөө мэдрэмжийг замбараагүй илэрхийлж эхэлдэг. Хэн нэгэнд гомдсон хүндээ илэрхийлж эхэлж байгаа нь архинд донтох эх үүсвэр болж байгаа юм” гэлээ.
Архи согтууруулах ундаа хэрэглэсний улмаас Улаанбаатар хотод хэр их гэмт хэрэг, зөрчил гарч байгаа талаар ЦЕГ-аас тодрууллаа.
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай, “Цагдаагийн байгууллагад 2023 оны эхний таван сарын байдлаар нийт 16889 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. үүнээс 2000 гаруй нь согтуугаар үйлдэгдсэн байна. иймд иргэд архи согтууруулах ундааний зохистой хэрэглээг бий болгох, машин жолоодохгүй байх, аль болох хэрүүл маргаан үүсгэхгүй байхыг анхааруулж байна. ийм байвал гэмт хэрэг үүсэхээс сэргийлэх бүрэн боломжтой” гэв.