Бид энэ удаа Томужин Алтернавтив сургуулийг өмнө жил төгсөж, энэ жил дэлхийн топ 20 сургуулиас тэтгэлэг авч чадсан 19 настай хүү Л.Номон-Эрдэнэтэй ярилцлаа. Түүний хувьд гадаадын шилдэг их дээд сургуульд сурахаар сургуулиа төгсмөгцөө зүтгэсэн ч тэнцээгүй гэдэг хариу олон авсан тухайгаа хэлж байна. Гэсэн ч тэрээр шантрахгүй зүтгэсээр өнөөдөр зорилгодоо хүрч чаджээ. Л.Номон-Эрдэнэ үе тэнгийн хүүхдүүддээ гадаадад тэтгэлгээр суралцах ямар боломжууд байдаг талаар зөвлөсөн юм.
Тэрбээр, Сая Америкийн топ 20 гаруй сургууль руу өргөдлөө явуулаад, 12-оос нь тэнцсэн хариу авсан. Бүгдээс нь тодорхой хэмжээний тэтгэлэг аваад Дьюк Куншаны их сургууль, Минервагийн их сургуулиас бүтэн тэтгэлэг авч чадсан байгаа. Миний элсэн суралцах сургууль болохоор Дьюк Куншаны их сургууль. Дьюкийн их сургуулийн харьяа сургууль гэсэн үг л дээ. Би хиймэл оюун ухаан болон компьютер програмын чиглэлээр сурах төлөвлөгөөтэй байгаа.
Хоёр, гурван жилийн өмнөөс интернетээр маш их боломж байдгийг хараад маш их хичээл үзэж судалж эхэлсэн юм. Янз бүрийн тэмцээнүүдэд бүртгүүлж өөрөө онлайнаар орж үзээд л байсан. Ингээд вебсайт, аппликейшн яаж хийдгийг сурч, өмнө жил “Ирц” аппликейшн гэдэг төслийг санаачлаад, энэ төслөөрөө сургуулийнхантайгаа хамтарч D-Comp Deep Learning Competition 2022 гээд тэмцээнд түрүүлж байсан. Тэгээд л хиймэл оюун ухаанаар явах чиглэлээ сонгосон байгаа.
Би 2-3 жилийн өмнө, гадаадад сурмаар байдаг. Яаж сурахаа мэдэхгүй тийм нөхцөлд байсан. Google-дэж үзээд л…Ирээдүйд дэлхийн топ сургуульд сурна гэдэг итгэл жаахан байдаг ч гэсэн юу хийхээ мэддэггүй байсан юм. Тэр үеийн өөртөө одоогийн өнцгөөс юу зөвлөх байсан гэхээр гадаад явна гэдэг ойлголт ямар нэг хүнээс, сургуулиас, эсвэл тэр хүүхдийн нөхцөл байдлаас ерөөсөө хамаарахгүй. Нэг их хүрэхэд хол зүйл ч биш. Хичээл зүтгэл, хүсэл мөрөөдөл хоёр байх юм бол хангалттай хүрч чадна. Маш сонирхолтой зүйл хэлэхэд, чи Харвардын их сургуулийн профессорын имейлийг олоод бичихэд чам руу хариу өгнө. Би маш олон сургуулийн багш, хүүхдүүд рүү имейл бичиж байсан. Шууд нээлттэй ярьж ч болдог. Маш их боломж байдаг.
Олимпиадын медальтай хүүхдүүд л том сургуульд ордог гэж олон хүүхдүүд боддог. Аль эсвэл хичээлээс гадуур маш мундаг ажилласан ч юм уу. Яг үнэндээ их сургуулиуд шалгалтын оноог ч харж үзэхээ больчихсон. Үнэхээр хүсэж байгаа хүүхэд л орно. Эссен дээрээ өөрийгөө хамгийн сайн илэрхийлэх нь чухал. Тухайн хүүхдийн потенциалыг нь харж авдаг гэх юм уу. Потенциалтай байх юм бол ирээдүйд үнэхээр болох юм байна гэж хардаг. Тэгэхээр ямар ч хүүхэд ямар ч нөхцөлд байсан зүгээр л хичээж чадвал болно гэж бодож байна. Тэнцэхгүй гэдэг олон хариу авсан. Олон хоног сууж бэлдэх ч үе байсан. Хийж байгаа зүйлээ энжое хийх хэрэгтэй. Хийж байгаа зүйлдээ дуртай байж үр шимийг нь хараад, үнэ цэнтэй гэдгийг нь ойлгосон цагт бүгд болно” гэлээ.