Бид энэ удаа СТА, УДБЭТ-ын гоцлол дуучин П.Баярмагнайтай ярилцлаа. Түүний хувьд хүүхэд байхаасаа мөрөөдсөн мэргэжлээрээ 14 жил ажилласан ч цалингийн асуудлаас болж мэргэжлээ орхих болсондоо харамсаж буй тухайгаа хэлсэн юм. Мөн тэрээр "үе тэнгийн чадварлаг уран бүтээлч нөхөд маань харийн улсад боолын хөдөлмөр эрхлэх сонголт хийж буйд харамсдаг" тухайгаа хэлж , өнгөрсөн хугацаанд авдаг цалингаасаа ичиж бусдаас нуудаг байсан тухайгаа ярилаа.
Тэрбээр, “14 жилийн цаг хугацааг ямар аз жаргалтай мөртөө харамсалтай өнгөрөөсөн юм бэ гэдэг бодол төрөөд ажлаасаа гарсан. Арай өөр , таван цаас илүү олох ажил руу орох гэж байгаа юм. Шүлс шиг цалингаар үнэхээр амьдарч чадсангүй. Гэхдээ болгох гэж хичээлээ. Дээрээс нь 700 мянган төгрөгийн цалин авдгаа өнөөдөр хэнээс ч ичихгүй хэлмээр байна гэснээс энэ бүхэн эхэлсэн.
Хамгийн наад зах нь анхдагч хэрэглээ гэж байгаа шүү дээ. Сайхан хоол идчих хэрэгтэй. Сайхнаа больё. Зүгээр хоол идчих хэрэгтэй. Хувцас өмсөх, гэр оронд амьдрах гээд. Гурван анхдагч хэрэглээнд л бидний цалин хүрэхгүй байна шүү дээ.
Мэдээж 14 жил театртаа ажиллачхаад шууд хаяад гарна гэдэг миний хувьд маш хэцүү зүйл. Энэ мэргэжлээр таван жил сурсан. Онц дүнтэй төгссөн. Ганцхан уран бүтээлчид биш, эмч, сувилагч, багш гээд олон хүн байна. Төрийн үйлчилгээний алба гэж хаягдсан салбарыг л би ярих гээд байгаа юм. Эдгээр хүмүүсийн цалин, амьдрал руу нь өндийж хараагүй төр засаг маань үнэхээр удсан юм шиг санагдаж байна. Бүгд зээлтэй, биеэсээ тав гурван цаас гуйсан. Цалингаа буухаар нөхөж төлсөн. Тэгээд л мөнгө нь дуусаад дараагийн хүнээсээ дахиад л гуйдаг. Ингэж амьдрахаар их хэцүү байна.
Гайхамшигтай дуучид Солонгост барилга дээр ажиллаж байна. Биднийг эмчлэх ёстой мундаг эмч нар маань буудалд үйлчлэгч хийж байна. Хүүхдүүдэд маань багшлах багш нар маань туслах ажил хийгээд гадаадад амьдарч байна шүү дээ. Миний найз нар Нарантуул зах дээр гутал, өмд зарж байна. Хороололд гар утасны лангуу ажиллуулж байна. Бүгдээрээ л мундаг дуучид, бүжигчид. Яг л урлагийнхаа салбарт ажиллах ёстой хүмүүс байгаад байдаг. Одоо Солонгост ажиллаж байгаа дуучин найз нар маань тоогоо алдсан. Тэднийг ярихаас ч элэг эмтэрмээр. Тэд маань “Магнай ийшээ ирээч ээ” гээд л. Ганц намайг биш олон олон хүнийг чирч байгаа юм. Чирнэ гэдэг нь амьдралыг нь дээшлүүлэх гээд чирээд байгаа юм. Яагаад гэхээр тэн дэх нэг өдрийн цалин бидний сарын цалинтай тэнцээд байна. Тэгээд явахаас өөр аргагүй болж хувирч байна.
Ам нээвэл уушги нээ гэгчээр соёлын сайд маань бидэнтэй уулзлаа. Энэ жил хоёр удаа цалинг нь шатлалаар нэмнэ гэж байна. Биднийг хөөрхөн хуурч л байна л даа.
Би хүү, охинтой. Хүүхдүүдээ төрөхөд хажууд нь байгаагүй. Яг тоглолттой байсан. Бүхий л хүнд ийм шалтгаан гардаг л байх. Уран бүтээлч бидний сэтгэлдээ өгсөн тангараг байдаг юм. Хүмүүс баярлаж байхад, баярлуулж байгаа хүмүүс нь бид байдаг шүү дээ. Нэг зүйлийг төсөөлөөд бодоход… бид их өрөвдөлтэй.
Ганц урдаа барьж байгаа сэдэв маань төрийн наадам байна шүү дээ. Маш их сайхан зүйлүүдэд монголын нэр, урлаг соёл, спортоор гардаг. Бид төрийн наадмын нээлт хаалтад оролцохгүй л гэж. Энэ бол ганцхан сэдэв шүү дээ. Жаахан айх болов уу. Жаахан бодох болов уу гэсэн үүднээс л ингэж дуугарч байгаа юм. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл. Бид тэмцэнэ. Сая 500 мянган төгрөгийн дундаж цалинтай гээд засаг маань ярьж байгаа. Энэ цалинг авсан яг хэдэн хүн байна. 700 мянган төгрөгийн цалинтай бид үнэндээ хувийн компанийн үйлчлэгчээс бага цалин авч байгаа. Тэр хүмүүстэй барьцаж байгаа юм биш. Төрийн үйлчилгээний алба хаагч нарын цалин, амьдралыг хараач ээ гэж хэлэх гээд байгаа юм.
Нүүр царай болсон соёл урлаггүйгээр монгол хүний тархины гэгээрэл, сайн сайхныг төсөөлөх арга байхгүй. Олон мэргэжлүүд дандаа л урд нь явах ёстой. Тэр чинээгээрээ бид хүндэтгэлтэй амьдрах ёстой. Чанартай уран бүтээл туурвих ёстой. Мэргэжилдээ хайртай байх ёстой. Энэ болгонд л төр засаг маань бидэн рүү харж өндийж байгаасай гэж хүсэж байна. Тэмцэл өнөөдөр л эхэлж байгаа. Заавал үр дүнд хүрнэ. Биднийг битгий хуураасай. Цалинг 10 хувь нэмлээ гэхэд ургамлын тос 1000 төгрөгөөр нэмэгдэнэ. Гурил будаа нэмэгдэнэ. Ямар ч нэмэргүй. 20 хувь нэмсэн ч ялгаа байхгүй” гэлээ.