Бямбагэрэлийн Бадамханд хоёр хүүхдийн ээж, өрх толгойлсон эмэгтэй. Түүнийг дөнгөж 19 настай дэрвэж явах үед нь нуруу, нугасны хорт хавдартай гэж буруу оношилсны улмаас амьдралынхаа 13 жилийг хөгжлийн бэрхшээлтэй өнгөрүүлж байна. Гэсэн ч тэр өөрийн энэ амьдралдаа сэтгэл хангалуун байж, гар урлал хийж, гоо сайханч, төрийн албан хаагчаар ажиллаж, хажуугаар нь фитнесээр хичээллэсний үр дүнд удахгүй хөл дээрээ босно гэсэн баярт мэдээг сонссон тухайгаа бидэнд хуваалцсан юм. Тэр хэлэхдээ “Миний амьд үлдэх, амьдралтай тэмцэх шалгаан хоёр хүүхэд минь. Ийм сайхан үрстэй болсон доо л амьдралд баярлаж явдаг даа” хэмээн ярьсан юм.
Б.Бадамханд одоо Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа удирдлагын газар ажилладаг. Энд ажиллаад жил гаруй хугацааг өнгөрүүлж байгаа аж. Ажлаас түүнийг дэмжиж, ажлынхаа ойролцоо сургуулийн дотуур байранд өрөө гаргаж өгсөн нь түүний амьдралд том тус болжээ. Тэр ажлынхаа хажуугаар гараараа лаа, саван зэрэг бүтээгдэхүүн хийж, борлуулдаг. Мөн долоо хоногт гурван удаа фитнестээ явж, урдаас хувцас авч ирж борлуулдаг гээд түүнд зүгээр суух цаг бараг л байхгүй. Амьдралын төлөө, хүүхдүүдийнхээ төлөө тууштай тэмцэж, ирээдүйд фитнесс модель болж, дэлхийн аварга болох мөрөөдөлтэй нэгэн.
ЭМЧ БУРУУ ОНОШИЛСНООР АМЬДРАЛЫНХАА 13 ЖИЛИЙГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ӨНГӨРҮҮЛСЭН
Түүнийг 19 настай байхад нуруу нь өвдөж, хөл нь саажиж эхэлснээр эмч “Мянгад нэг тохиолддог нуруу, нугасны хорт хавдартай. Ямар ч эмчилгээ байхгүй” гэж буруу оношилжээ. Монголд ямар ч эмчилгээгүй гээд мухардсан ч Хөх хот явж шинжилгээ өгчээ. Гэтэл түүнийг “Ямар ч хорт хавдаргүй, хоргүй хавдар ч биш. Хавдрын нэг төрөл булчирхай байна. Гэхдээ хугацаа алдаж, булчирхай томорч, нугасыг нь хугалсан байна” гэсэн хариу гарчээ. Тэрээр энэ тухайгаа “Эмчийн алдаатай, буруу оношилгооноос шалтгаалан миний 13 жилийн амьдрал хөгжлийн бэрхшээлтэй болсон. Тэр булчирхайг нь анх жижигхэн байхад нь авчихсан бол…
Би тэрэгнээс буугаад л хэвтрийн хүн. 13 жилийн турш ингэж хэвтрийн амьдрахгүй байсан” гэж эмчийн буруу үйлдэлд одоо ч гомдож явдгаа хуваалцсан юм.
13 ЖИЛИЙН ДАРАА “ТА ХӨЛ ДЭЭРЭЭ БОСОХ БОЛОМЖТОЙ” ГЭСЭН БАЯРТ МЭДЭЭГ СОНСООД ШОКОНД ОРСОН
Тэрээр “Би эхний удаад Хятад явж хагалгаа хийлгээд, дараа нь хоёр удаа Солонгос явж хагалгаа хийлгэсэн байна. Тэр үед нугас руу хийдэг тариа, эмчилгээ байгаагүй. Судалж үзэхэд, тухайн үед Япончууд амьтан дээр туршилт хийж байгаа. Сармагчны нугасыг нь таслахад сармагчин хоёр гараараа юм хийсээр зүгээр болсон судалгаа хийгдэж байна гэсэн. Солонгост очоод, шинжилгээ хийлгээд, үзүүлж байхад “Чи аяндаа босно. Дасгал хөдөлгөөн хэрэгтэй. Бас яг эрүүл хүн шиг амьдраарай. Өөрийгөө өвчтэй гэж огт бодохгүй амьдраарай гэсэн. Тэр цагаас хойш өөрийгөө өвчтэй гэж бодохгүй, эрүүл хүмүүстэй нөхөрлөж, нийгэмшиж эхэлсэн. Спортоор хичээллэж, тасралтгүй хөдөлгөөн хийсэн. Байнга хөдөлгөөн хийдэггүй юм аа гэхэд жингээ маш сайн барьдаг. Өөрийнхөө эрүүл мэндэд маш их анхаарсан.
13 жилийн өмнө нуруу нугасанд хийдэг тариа байхгүй байсан бол саяхан очиход эрүүл эсээс нь өвчтэй эс рүү нь шилжүүлдэг тариа гарсан. Тэр тариаг та таван удаа хийлгээд босох боломжтой гэдэг хариу авсан” гэж удахгүй хөл дээрээ босох болсон тухайгаа хуваалцсан юм.
ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ТУУШТАЙ ХИЙСЭН МИНЬ ХӨЛ ДЭЭРЭЭ БОСОХОД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛСӨН
Б.Бадамханд 2015 оноос эхлэн Улаанбаатар фитнестэй холбогджээ. Дундуур нь хэсэг завсарлага авч, найман сарын өмнөөс дахин тууштай бэлтгэл хийж эхэлсэн байна. Түүнийг анх фитнест бүртгүүлэх гээд очиж уулзахад “Таныг манай фитнес хөл дээрээ бостол нь үнэ төлбөргүй явуулъя” гэж хэлжээ. Тэр үед маш их баярлаж, уйлж байсан гэж ярив. Тэрээр “Энэ сайхан хүмүүсийн ийм сайхан итгэлийг алдахгүй юм сан. Босон бостол нь гэж байхад нь босох юм сан” гэж бодож байтал амны билгээр гэдэг шиг л сая эмчилгээнд явахад “Та босох юм байна. Нугас чинь маш хурдацтайгаар төлжсөн байна. Маш сайн төлжсөн байна. Одоо цэг шиг л жаахан газар төлжөөгүй байна” гэж хэлсэн.
Дасгал хөдөлгөөн бол өвчтэй ч эрүүл ч байсан хүний биед маш их хэрэгтэй. Тэргэнцэртэй хүмүүс таргалж болохгүй. Таргалалт үүсэж, жин нэмэгдээд эхлэхэд биеийн ачаалал нэмэгдэж, цооролт үүсдэг. Түүнээс болж хөлөө тайруулах, амь насаа ч алдах эрсдэлтэй. Тиймээс зөв хооллолт, дасгал хөдөлгөөн маш чухал” гэсэн юм.
ҮР ХҮҮХДҮҮД МИНЬ МИНИЙ АМЬД ҮЛДЭЖ, АМЬДРАЛТАЙ ТЭМЦЭХ ШАЛТГААН
Тэр өрх толгойлж амьдрах чухал шийдвэрийг гаргаж, хоёр хөөрхөн үрийнхээ төлөө амьдралын хатууг зөөллөж, амьд үлдэх гэж тэмцэж яваа ээж хүн. Б.Бадамханд энэ тухайгаа “Би нийгмийн хамгийн л болохгүй тодотголтой хүмүүсийн нэг. Хөгжлийн бэрхшээлтэй. Өрх толгойлсон гээд л…
Өрх толгойлж амьдрах шийдвэрийг өөрөө гаргасан. Би хүүхдийнхээ аавтай хамт амьдардаг байсан. Суух гэтэл манай хадам ээж “Наад өвчтэй хүүхнийг чинь манайх босгоороо давуулахгүй шүү” гэж ээжид минь хэлж байсан. Тэр үед л “Би өрх толгойлж амьдрах ёстой юм байна. Дахиж хэзээ ч ээжийгээ ингэж доромжлуулахгүй” гэж бодоод, түүнээс хойш хүнтэй суугаагүй. Одоо хоёр хүүхдээ өөрөө хангалттай өсгөдөг.
Үр хүүхэдтэй байх үнэхээр гоё. Амьдралд маш гоё өнгө нэмдэг. Хэрвээ би үр хүүхэдгүй байсан бол өдийд ингэж тууштай, хүчтэй явахгүй байсан байх. Хүүхдээ хараад л “Би амьдармаар байна” гэж боддог. Хүүхэд бол хүний амьдралын, эх хүний хувьд маш том амьд үлдэх, амьдралтай тэмцэх шалтгаан. Хоёр гараас минь хөтлөөд явах хоёр сайхан хүүхэдтэй болсондоо үнэхээр их баяртай байдаг” гэж ярьсан юм.
ХОЁР ХӨЛ МИНЬ АЖИЛЛАХГҮЙ ГЭЭД ШАНТРАЛГҮЙ ХОЁР ГАРААРАА АМЬДРАЛАА БҮТЭЭЖ БАЙНА
Бидний ямар нэг ажил, төлөвлөсөн зүйлс бүтэхгүй бол амархан шантардаг. Харин түүний хувьд илүү хурцлагдаж, юу ч байсан хийхийг, болохгүй гэж шантрахгүйгээр эхлүүлж чаддаг чухал чанартай. Жишээлбэл, тэр хоёр хөл нь ажиллагаагүй гээд хямраад байхгүйгээр ажиллаж байгаа бусад эрхтнүүд, нөөц бололцоодоо сэтгэл хангалуун байдаг аж. “Миний хоёр гар зүгээр байгаа юм чинь би хоёр гараараа амьдралаа аваад явна. Би юу ч хийнэ гэсэн бодолтой учраас ажил голдоггүй. Би гар урлалд их дуртай. Учир нь гар урлалаар юм хийхэд стресс тайлагддаг. Сүүлийн үед лаа, саван хийж байна. Лаа хийгээд, хэлбэрээс нь гаргах үед гоё жаргалтай болдог.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжье. Халамжийн мөнгө бага байна” гээд хашхираад байхгүйгээр өөрсдөө байгаа нөөц бололцоогоороо хөдөлмөрлөх хэрэгтэй. Би хийж чадахгүй зүйлээ хийж чадах юм сан л гэж байнга өөрийгөө хөгжүүлдэг” гэсэн юм.
“ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАЖ, ТОРДОЖ ИЛҮҮ УДААН АМЬДРАХЫГ ХҮСДЭГ”
"Хүн өвчний өмнө л сөхөрдөг. Бусад зүйлийн өмнө сөхөрдөггүй. Хүн өвдөөд ирэхэд л байхгүй болдог" гэж ярих нь түүнийг ямар их тэвчээр, хатуужилтайг илтгэнэ.
Тэрээр “Сая Хятадад очоод хагалгаанд ороход би л хамгийн их өвдөж, уйлж, дуулж, хашхирч байсан. Гэтэл “Танай монголчуудын эмийн замбараагүй хэрэглээний уршиг энэ. Ханиад хүрэхээрээ л эмийн сан ороод үрэвслийн эм авдаг. Жаахан толгой нь өвдөхөд өвчин намдаах эм аваад уучихдаг. Ингэж болохгүй байсан” гэж эмч хэлсэн. Тэнд хамгийн зөөлөн эм, тариа хэрэглэдэг. Жишээлбэл, зүгээр л натри дотор амоксициллин хийгээд л хагалгааны дараа дуслаар хийж байсан. Гэтэл бид зүгээр ханиад хүрэхэд л амоксициллин аваад шууд уудаг. Тэгэхэд тэр том хагалгаа, найман хадаас, хоёр төмөр 13 жилийн хугацаанд миний биед шингэсэн байгаа. Түүнийг авсан маш том хагалгааны ард тийм эмчилгээ хийгээд л, угаасаа өвдөнө гээд орхих аймар байсан. Би “За 10 минут, за 10 секунд” гээд л өөртэйгөө ярьж, “За Бадамхандаа аравхан минут, аравхан секунд тэсчих” гээд л… Хоёр хүүхэд маань нүдэнд харагдаад л, уйлаад л…
Тэр бүхнийг би ганцаараа давж туулсан учраас өөрийгөө хайрлахаас өөр аргагүй. Өөрийгөө маш их хайрладаг. Өвдөж, зовох бүх л зүйлд надтай үнэнч байсан нь миний бие. Үүнээс хойш байнга хажууд минь байх зүйл ч миний бие” гэж ярих нь өөрийгөө хайрлаж, дасгал хийж, биеэ тордож байх хэрэгтэйг сануулсан юм.
“ЯМАР Ч ҮЕД ОРХИХГҮЙ, ҮРГЭЛЖ АРД МИНЬ БАТ ЗОГСДОГ ХАМГИЙН ҮНЭ ЦЭНТЭЙ ХҮМҮҮС БОЛ ГЭР БҮЛ”
Өнгөрсөн 13 жилийн хугацаанд түүний бүх зүйлийг минь дэмжиж байсан хүн бол түүний эгч. Эгч нь юу ч хийж байсан дэмжиж, хоёр хүүхдийг нь өсгөж, урмаар тэжээдэг аж. “Би ийм зүйл хийлээ, ингэлээ гэхээр л дандаа “Миний нар чадна” гээд л. Дандаа чадна гэдэг үг хэлдэг. Би түүнд нь урамшиж, нийгэмд гарч чадсан байх. Эгчдээ үнэхээр баярлаж явдаг. Ээж маань хүртэл “Чи ийм сайхан эгчтэй. Эгчдээ ёстой их өртэй болж байна даа” гэдэг. Эрүүл саруул болж л эгч, ээжийгээ баярлуулна гэж боддог” гэж Б.Бадамханд амьдралдаа хамгийн их талархаж, хайрлаж явдаг эгчийнхээ тухай ярьсан юм.
Тэрээр “Амьдралын хамгийн чухал, үнэ цэнтэй зүйл бол гэр бүл. Төрсөн эцэг эх, төрсөн ах, эгч. Би ийм сайхан гэр бүлтэйдээ л баярлаж явдаг. Бүх зүйлийн ард хэзээд бат зогсдог. Өвчтэй болж, өргөж, тээлгэх болсон ч, баас шээстэйгээ холилдоод байж байхад хайртай эр хүн чинь, дурласан залуу чинь ирээд чамайг хэзээ ч тойглохгүй. Төрсөн ах, эгч гэдэг, хүний төрсөн эцэг эх гэдэг ямар ч нөхцөлд хаяж явдаггүй. Тийм сайхан. “Ямар сайхан хүмүүсийг бурхан надад заяагаа вэ” гэдэг шиг би ах, эгч нараараа үнэхээр их бахархаж, тэд нарыгаа үнэхээр их хайрлаж, тэдний минь үр хүүхдүүд, тэд нар маань элэг бүтэн байгаасай. Би яах вэ, тэд нарын маань үр хүүхдүүд өвдөж, зовохгүй байгаасай гэж өөртөө хүсдэггүй сайн сайхныг төрсөн ах, эгч, эцэг, эх гэр бүлдээ хүсдэг. Өөрөөсөө илүү хайртай. Миний хамгийн үнэ цэнтэй зүйл энэ хүмүүс” гэв.
“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ” ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ӨРӨВДӨХ НЬ ЭДГЭРЭЛТИЙГ УДААШРУУЛДАГ БАЙХ
Б.Бадамханд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй харилцах бусад хүмүүсийн хандлага зүгээр байдаг. Гэхдээ бидний сэтгэлзүй бэлтгэгдээгүй байдаг. Урьд нь эрүүл саруул байж байгаад гэнэт өвчтэй болохоороо үе тэнгийнхнээсээ ичнэ. Хүн дотроо юу гэж бодож байгааг мэдэхгүй байж тэр хүн намайг юу гэж бодож байгаа бол гэж боддог. Бидний сэтгэлзүй нийгэмдээ бэлтгэгдээгүй байдаг. Сүүлдээ олонтойгоо харилцаад эхлэхээр тэд бидний талаар их зүйл боддоггүй, бусдаас өөр гэж хардаггүй байсан.
Сайн хүмүүсийн дотор муу хүмүүс ч байгаа. Би хөгжлийн бэрхшээлтэй болоод 13 жил болж байна. Энэ хугацаанд маш олон зүйлийг давж туулсан. Өнөөдөр инээгээд сууж байгаа ч өдөр бүр инээгээд, өдөр бүр ялгаварлан гадуурхалтад өртөхгүй байна гэж байхгүй. Энэ хугацаанд маш олон зүйл тохиолдоно. Түүнээс сэтгэлийн хат суусан” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.