Монгол Улсын нийт экспортын 94 хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн бүрдүүлж, сүүлийн 20 гаруй жилд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортод эзлэх хувь хэмжээ буурч байгаа учраас экспортыг баримжаалсан, импортыг орлосон үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого шаардлагатай байгааг үйлдвэрлэгчид хэлж байна. Экспортыг дэмжих нэгдсэн бодлого дутмаг байгаа учраас үйлдвэрлэгч хувийн хэвшлүүд, ТББ-ууд нэгдэн уул уурхайн бус экспортыг дэмжих консорциум байгууллаа.
ҮЙЛДВЭРЛЭГЧИД ӨӨР ӨӨРСДИЙН ТУРШЛАГАА ХУВААЛЦАЖ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЭКСПОРТЫГ ХӨГЖҮҮЛНЭ
Энэ талаар Азийн бизнесийн холбооны үүсгэн байгуулагч О.Энхзул ярихдаа, “Бид тодорхой хэмжээгээр экспортлогчдыг дэмжих чиглэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, судалгаа, уул уурхайн бус экспортод тулгамддаг асуудал, шаардагддаг зүйлсийн талаар төр, олон нийтэд түгээх зорилгын хүрээнд энэхүү консорциумаа байгууллаа.
Мэргэжлийн холбоод, ТББ-ууд нийлээд өөр өөрсдийн туршлагаас хуваалцан хамтдаа нэг зүйлийн төлөө зорьж үр дүн гаргана гэж бодож байна. Консорциумд нэгдсэн зарим байгууллагууд Хятадын зах зээлд ажилласан туршлагатай байхад, зарим нь Америкт монгол бүтээгдэхүүний дэлгүүр нээсэн байна. Үүгээр зогсохгүй монголыг маш ойлгодог, өв соёлыг нь хүндэлж хайралдаг партнеруудын сүлжээг үүсгэсэн. Бидэнд өөр өөрсдийн давуу, сул тал байгаа юм чинь нэгдэж нийлэх байдлаар үйлдвэрлэгчдэдээ давуу тал олгох ажлыг хийе гэж зорьсон хэрэг. Үүсгэн байгуулагчдын бүрэлдэхүүнд орж байгаа байгууллагууд өөрсдөө өнгөрсөн 5-10 жилийн хугацаанд тасралтгүйгээр ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулан хийж байгаа зүйлдээ итгэл үнэмшилтэй явсан гэдэг утгаараа нэгдэж чадаж байгаа нь энэхүү консорциумын онцлог гэж харж байна” гэлээ.
ОЛОН БИЗНЕСҮҮДИЙГ ГАДНЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР АМЖИЛТТАЙ ГАРАХАД НЬ ТУСЛАХ ЗОРИЛГОТОЙ
Харин консорциумыг хамтран үүсгэн байгуулагч Өрөг.мн сайтын гүйцэтгэх захирал Б.Болорчимэг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, “Бид бүтэн найман жилийн хугацаанд Бизнес өрөг нэвтрүүлгийг хийгээд, 1000 гаруй бизнес эрхлэгчтэй ярилцаж байхад, хамгийн том зорилго нь экспортод гаргах байдаг. Яагаад гэхээр монголын хүн ам гуравхан сая учраас зах зээл нь хязгаарлагдмал. Тэгэхээр экспортууд гарч байж бизнес илүү өргөжих боломжтой. Гэтэл уул уурхайн бус экспортыг дэмжиж байгаа нэгдсэн бодлого манайд дутмаг байгаа. Ядаж л наад захын жишээ нь, худалдаа хариуцсан байгууллага байдаггүй. Экспортод гарч байгаа бүтээгдэхүүнүүд олон шат дамжлага, хүн суртлыг даван туулж байж арай гэж монголоос гарч байх жишээний. Тиймээс Өрөг.мн сайт хэвлэл мэдээллийн бас нэгэн үүргийнхээ дагуу экспортод уул уурхайн бус бизнесүүд гарахад дэмжлэг болгох үүднээс олон зорилго тавин ажиллаж байгаа. Экспорт монгол консорциумд санаачлагч үүсгэн байгуулагчдын нэгээр оролцож, цаашдаа олон бизнесүүдийг гаднын зах зээл дээр амжилттай гарахад нь тусална гэсэн зорилгоор орсон байгаа” гэсэн юм.
ТӨРИЙН ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА АЖЛЫГ ҮЙЛДВЭРЛЭГЧ ХУВИЙН ХЭВШЛҮҮД ӨӨРСДӨӨ ХИЙНЭ
Түүнчлэн Экспорт монгол консорциумд нэгдэж буй Технож бизнес инкубатор төвийн захирал Г.Галаарийдий, “Монголд бизнес эрхэлж, бүтээгдэхүүнээ экспортод гаргахын тулд зээл л хэрэгтэй гэж бодох олон нийтийн хандлага бий. Эхний ээлжид мөнгө байхад болно гэж боддог байсан бол, мөнгөө олчхоод дахин өөр асуудал үүсээд байдаг. Яг үүн шиг монголын эдийн засгийг экспортлоход олон асуудал тулгамдаад байна. Үүнийг шийдэх гээд бид чадахгүй байхад, дэлхийн банкнаас экспортыг дэмжих том төсөл оруулж ирлээ. Экспортыг дэмжих тэтгэлэг, санхүүжилт гээд, олон улсад бүр агентлаг нь бүтээгдэхүүнээ гадагшаа гаргадаг. Үзэсгэлэн байгуулах хэмжээнд зохион байгуулж өгдөг. Гэтэл үүнийг манай төр сайн хийж чадахгүй байгаа учраас хувийн хэвшил, ТББ-ууд энэ үүргийг гүйцэтгэхээс өөр аргагүй байдалд ороод байна. Энэ хүрээнд консорциум үүсгэн байгуулагдаж байгаагаар нэг онцлогтой гэж бодож байна” гэв.