Сургуулиа төгсөөд ажлын гараагаа эхлүүлж байгаа залуус аливаа байгууллагад ажиллахдаа хөдөлмөрийн тухай хуулийн анхан шатны мэдлэггүйгээсээ үүдэн гэрээ байгуулалгүй, цалингүй, урт хугацаанд дагалдангаар ажиллах гэх зэрэг асуудлууд их тулгардаг байна. Залуус энэ талаар ярихдаа
- Долоо хоног дагалдана гэж ороод л сар цалингүй ажиллуулчихдаг. Нэг сар цалингүй ажиллахаар хүн өөрөө шантраад болино. Тэгээд л гарчихдаг байсан. Үүнийгээ дагаад ажил хийх сонирхол ч буурчихдаг. Хөдөлмөрийн гэрээг үндсэн ажилтан болохоор л байгуулна гэдэг. Ингээд л хохирч үлдэх тохиолдол цөөнгүй байсан.
- Ажил олгогчид GenZ ажиллахгүй байна гээд байгаа. Тэр нь ямар орчин бүтээж байгаагаас шалтгаалж байгаа юм. Жишээ нь бусад газраас ямар байна гэдгийг залуус харьцуулан харж байгаа. Түүнээс гадна хөдөлмөрийг нь үнэлж чадаж байна уу том асуудал. Бүх зүйл хуулийн дагуу байж чадвал залуус хийх ёстойгоосоо илүү ихийг хийх боломжтой.
- Анх ажилд орж байгаа хүүхдүүдэд, гэрээ байдаг талаар, дадлагын хугацаа гэж хэр хугацаа бий тухай хэлбэл зүгээр. Бид ч их судалгаа хийх хэрэгтэй юм шиг санагдсан. Үгүй бол юм мэдэхгүйгээсээ болж хохирч үлдэх тохиолдол олон. Сүүлдээ хүнд ч итгэхээ больдог юм билээ.
- Анхнаасаа гэрээгээ анхаарч, зөв гэрээ байгуулах хэрэгтэй. Гэрээ бол бидний баталгаа шүү дээ.
Тэгвэл бид анх удаа ажил хийж байгаа залуус хөдөлмөрийн тухай хуулийн талаар ямар мэдлэгтэй байвал зохих талаар, мөн дадлагажих хугацаанд цалингүй ажиллах тухай хуульд юу гэж заасан байдаг талаар хуульчаас тодруулъя.
Энэ талаар хуульч, өмгөөлөгч Б.Түвшинтөгс дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, “Хөдөлмөр эрхлэх гэж байгаа залуус ажил олгогч талтайгаа хөдөлмөрийн гэрээг нэн тэргүүн зайлшгүй байгуулах шаардлагатай. Дагалдан болон туршилтаар гурван сараас багагүй хугацаанд ажиллахаар гэрээ байгуулах ёстой байдаг. Мөн өөртэй нь ижил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны цалин хөлсний 70 хувиас багагүй хувийг тухайн ажилтанд олгох хуулийн зохицуулалт бий. Түүнээс биш таныг дагалдангаар цалингүй ажиллуулна гэдэг хуулийн зохицуулалт байхгүй. Ийм тохиолдол гарвал тухайн байгууллага хууль зөрчиж байна гэсэн үг.
Түүнчлэн гэрээнд тусгасан цалин хөлснөөс хийх ёстой суутгалын хувьд гэвэл мэдээж НДШ, хувь хүний орлогын албан татварыг суутгана. Ажил олгогч нар өөрсдөө дур мэдэн хөдөлмөрийн гэрээ буюу дотоод журмандаа, жишээ нь нэг цаг хоцорсон бол хэдэн төгрөгийн суутгал хийнэ гэдэг нь хууль бус зүйл юм. Хэрвээ ийм зүйл байх юм бол харьяа дүүргийнхээ хөдөлмөрийн гурван талт зохицуулах хороо гэж байгууллага байдаг. Энэ байгууллагад зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр үндэслэлгүйгээр цалин хөлснөөс нь суутгал авсан бол, үүнийг төлүүлэхээр гомдол гаргаад маргааныг эцэслэн шйидвэрлэх боломжтой” гэлээ.