
Үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхэд ирээдүйдээ итгэлгүй болдог, амьдрах хүсэлгүй, сурах сонирхолгүй, аливааг гэгээлгээр харж чадахаа байдаг талаар сэтгэл зүйч Я.Батхүү хэлж байна. Эдгээр хүүхдүүд сэтгэл санааны хүнд бэртэл авахаас гадна бие организмд нь өөрчлөлт орж, хүндээр өвчлөх, мэдрэлийн ядаргаанд орж, унаж татах шинж тэмдгүүд илэрдэг талаар ярьсан юм.
Тэрбээр, “Өсвөр насныхны бие физиологид өөрчлөлт явагддаг гэдгийг бүгд мэддэг боловч сэтгэл зүй, нийгмийн талаас өөрчлөлт явагддагийг мэддэггүй. Үүнээс болоод өсвөр насныхны дунд үе тэнгийн дээрэлхэлт гаарч байна. Энэ нь сүүлийн үед бүр л хоруу чанартай болж байгаа.
Өсвөр насны хүүхдүүд өөрийнхөө нандин нууцыг ээж, аав гэр бүлдээ биш найзууддаа л хэлдэг. Тэндээс дэмжлэг, урам, өөрийгөө хүндлүүлэх хэрэгцээгээ авдаг гэсэн үг.
Үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртөж байгаа хүүхдүүдийн дунд судалгаа явуулахад, тэдгээрийн 47 хувь нь сэтгэл гутралд орсон, 28 хувь нь амьдрах хүсэлгүй болсон байдаг. Энэ маш аюултай зүйл. Үүнийг таслан зогсоохгүй бол тухайн хүүхдийн амьдрал, ирээдүй, насан туршийн амьдралд тод хар толбо бий болно. Улмаар амиа хорлох эрсдэл ч үүсэж болно.
Дарамтыг зөвхөн зодож цохихоор ойлгож болохгүй. Тухайн хүүхдийг гутаах, доромжлох, шоолох, гүтгэх гэх зэргээс шалтгаалан хүүхэд итгэл найдвараа алдан сэтгэл зүйн хувьд маш их гэмтдэг. Үүнээс үүдэн хүүхэд өөртөө итгэлгүй, ирээдүйгээ эерэгээр харж чадахгүй, сурах хүсэлгүй болдог. Мөн бие организмын хувьд ноцтой өөрчлөлтөд ордог гэж хэлж болно. Клининикийн хувьд ямар нэгэн эмгэг анзаарагдахгүй боловч сэтгэл гутрал, түгшүүртэй болох нь бий. Улмаар хүүхэд унаж татдаг эмгэгтэй болж байгаа юм. Мэдрэлийн ядаргаанаас болоод тэр шүү дээ. Нэмээд дархлаа ихээр унаж байдаг.
Үе тэнгийн дээрэлхэлтийг нийгмийн гаралтай гэж үзээд байгаа. Над дээр ирж байгаа хүүхдүүдийг харахаар нэгдүгээрт тэнд ангийн ялгаа гарсан байгаа нь ажиглагдаж байна. Эд хөрөнгө, эрх мэдэл, өмссөн зүүсэн хувцас, ахуйн орчин, сурч боловсорч байгаа орчин, сургууль соёлын ялгаа гэх мэт. Нөгөө хэсэг нь гэр бүлийн хүчирхийллээс үүдсэн траума авсан гэсэн үг. Тийм хүүхдүүд хүчирхийллээс, хүчирхийлэл үйлдэж байна. Мөн үл хайхрагдсан хүүхдүүд бусдад дарамтлуулна. Эсвэл дарамтална. Энэ асуудлыг төр засгийн бодлогод оруулах ёстой. Дээр нь үе тэнгийн дээрэлхэлтийн талаар ойлголттой болох хэрэгтэй. Хоёрдугаарт хүүхдэд таниулах ажиллагаа явуулах нь оновчтой шийдэл мөн. Энэ үйлдэл нь хүчирхийлэл мөн юм уу биш юм уу гэдгийг мэдүүлэх ажил гэсэн үг. Хүчирхийлүүлж байгаа хүүхэд үүнийг хэвийн зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүчирхийлж байгаа хүүхэд нь маш болохгүй, хортой зүйл хийж байгаагаа мэддэг байх нь тун чухал. Үүнийг эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчид хийх нь зүй. Томчууд өөрсдөө хүүхдүүдэд муу муухай бүхнийг үзүүлдэг. Үүний үр дүнд үе тэнгийн дээрэлхэлт нийгмийн том асуудал болоод байгаа юм” гэлээ.
Бид үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын талаар зарим хүүхдүүдийн байр суурийг сонслоо. Доорх ярианаас үзвэл үе тэнгийн дээрэлхэлт нь жижиг асуудлаас үүдсэн, том үр дагавартай нийгмийг асуудал болох нь харагдаж байна.
- Манай нэг найз бага зэрэг харшилтай. Тэгээд бүх биеэр нь харшил гардаг учраас хүүхдүүд түүнээс их сэжиглэдэг. Бид зөвхөн түүний нүүрийг харж байгаа дүрэмт хувцасны цаанаас гэтэл тэр хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтээс болоод хичээлдээ ирэхээ болиод ээж нь яриснаар багш бидэнд ойлгуулан хэлж байсан. Тэр охин хичээлдээ ирэх нь битгий хэл, бидний нүүрийг ч харахаас айдаг болчихсон.
- Хүүхдүүд намайг “Чи жижигхэн юм чинь чамтай тоглохгүй” гэдэг тийм зүйл тохиолдож байсан. Тэгэхэд надад их муухай санагдаж байсан. Бусдад дээрэлхүүлж байгаа гэдгээ хэлж байгаарай. Зөв арга замыг заавал олоорой гэж хэлмээр байна.