ПАРЛАМЕНТЫГ 152 ГИШҮҮНТЭЙ БОЛГОХООР ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА
УИХ-ын 76 гишүүний тоог хоёр дахин нэмэгдүүлж, 152 болгох гэж байна. Засгийн газар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ийм заалт тусгаж, УИХ-д энэ 7 хоногт өргөн барилаа. 150 гаруй хүн парламентад суудаггүй юм аа гэхэд Үндсэн хуулиа өөрчлөөд, гишүүдийн тоо 100-аас дээш гарах нь нэгэнт тодорхой боллоо.
ГИШҮҮДИЙН ТООГ ЯАГААД НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
УИХ-ын гишүүдийн тоог яагаад ингэж огцом нэмэгдүүлэх хэрэгтэй вэ гэж олон нийт асууж байна. Тэгвэл Засгийн газар болон хуульч, судлаачдын тайлбарласнаар 152 гишүүнтэй болсноор:
– Парламентын гишүүд иргэддээ илүү ойр хүрч ажиллах боломж бүрдэх
– Хууль тогтоомж цөөхөн хэдэн гишүүний саналаар батлагддаг асуудлыг арилгах
– Гүйцэтгэх эрх мэдэл болон гүйцэтгэх эрх мэдлийн, хяналт тэнцлийг хадгалахад маш чухал үр нөлөөтэй гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, 76 гишүүн 3 сая гаруй Монголчууддаа хүрч ажиллаж, хангалттай төлөөлж ажиллаж чадахгүй байгаа учраас олуулаа болох хэрэгтэй гэж үзжээ. Өнөөдрийн байдлаар, УИХ-ын 1 гишүүн 44 мянган иргэнийг төлөөлж байна.
ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГА ЯМАР Ч ҮР ДҮН ӨГСӨНГҮЙ
2024 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар ярьж байна. Ингэхдээ 76 гишүүнийг тойргоос сонгож, 76 хүнийг намын жагсаалтаар УИХ-д оруулж ирэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгажээ. Үүнтэй холбоотойгоор нийгэмд "Гишүүдийн тоо багадсанаас болоод улсад хулгай нүүрлэж, хямралд өртөж, тартагтаа тулсан уу хэмээн асууж байна. Улстөрийн намуудын тухайд ч 152 гэдэг хэтийдсэн тоо гэж эсэргүүцэж байна.
Эрх баригч намынхан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар улсын хэмжээнд зөвлөлд санал асуулга зохион байгуулсан. Төрийн ордонд зөвлөлдсөн иргэд системийн гажуудлаа зас гэж зөвлөмж хүртэл гаргасан. Гэвч МАН-ынхан цагаа тулахаар тэр бүгдийг тас мартаж, зөвхөн гишүүдийн тоог нэмж орхиё гэдэг ганцхан заалтыг Үндсэн хуульд оруулж байна. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарж зөвлөлдөх санал асуулга явуулсны ашиг нь юундаа байна вэ? Үүний хариуцлагыг хэнээс нэхэх вэ? УИХ-ын дарга Г.Занданшатар хариуцах уу, эсвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үү? Эрх баригчид зөвхөн ирэх сонгуулиа, сонгуулийн тохироогоо л бодож байна.
Ямартай ч УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохоор хэлэлцэж эхэллээ. Намуудын тухайд гишүүдийн тоог нэмэх дээр ямар нэг байдлаар санал нэгдэж байна. Гагцхүү 150-аас доош болгож бууруулах уу гэдэг нь анхаарал татаж байна.
НЭГДҮГЭЭР АНГИАСАА АНГЛИ ХЭЛ СУРАХ НЬ ЗӨВ ҮҮ?
Сурагчид бага ангиасаа эхэлж Англи хэл сурах нь зөв үү гэдэг сэдэв энэ долоо хоногт Монголчуудыг хоёр хэсэгт хуваалаа. Боловсролын Ерөнхий хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлснээр энэ маргаан дэгдсэн юм.
Манай улсад өндөр тж байна. Хувийн сургуулийнхан 1-р ангиасаа гадаад хэлтэй болж байхад улсын сургуулийн сурагчид 5-р ангидаа л дөнгөж, үсгээ үзэж эхэлдэг. Ийм зөрүүтэй байдлаар болж, боловсролын тэгш бус байдал хавтгайрч байна. Тиймээс сурагчдыг бага ангид нь эх хэлтэй нь зэрэгцүүлж, Англи хэл сургах нь зөв гэж үзээд, Боловсролын ерөнхий хуульд "Англи хэл бол Үндсэн гадаад хэл байна" гэсэн заалтыг тусгалаа. Салбарын яамны тооцоолсноор цаашид сурагчдад 3-р ангиас нь англи хэл заах нь зөв гэсэн байр суурьтай байна.
Хэдийгээр салбарын сайд нь тайлбарласан ч гэлээ өнөөдөр сурагчдад 1-р ангиас нь англи хэл заах нь, 1-р анги биш байлаа ч ерөөсөө хэт багад нь гадаад хэл сургах нь буруу гэдэг шүүмжлэл нэг талд өрнөж байна. Хэл шинжлэлийн салбарын зарим эрдэмтний хэлснээр хүүхэд эх хэлээ бүрэн дүүрэн сурсны дараа буюу 10-12 насанд нь Англи хэл заах хэрэгтэй гэдэг асуудлыг хөндөж байна. Энэ сэдэв зөвхөн судлаачид, олон нийтийг ч бус, парламентын гишүүдийг хоёр хэсэгт хуваагаад байна.
Өнөөдөр сурагчид хөгжихийн тулд, дэлхийн боловсрол эзэмшихийн тулд Англи хэл сурах нь зайлшгүй. Гэхдээ яг хэдэн наснаас заах нь оновчтой вэ гэдэг нь улсын хэмжээний хэлэлцүүлэг болж хувирлаа.
Ийнхүү боловсролын ерөнхий хууль сүр дуулиантайгаар гараанаас гарлаа. Сурагчдад гуравдугаар ангиас нь Англи хэл заах зэрэг зарчмын хэд хэдэн асуудалд санал нэгдэж чадаагүй учраас хуулийн хэлэлцүүлгээр УИХ дахь АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа. Англи хэл хэрэгтэй. Гэхдээ хэзээ хэддүгээр ангиас нь заах вэ гэдэг хүн бүрийн анхаарах сэдэв болоод байна.
Видео хувилбарыг дээрээс үзнэ үү.