Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулийн төсөлд тусгаснаар 2024 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 76 гишүүнийг нэрсийн жагсаалтаар, 76 гишүүнийг тойргоос сонгохоор байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос тодрууллаа.
Тэрбээр “УИХ-ын гишүүдийн тоог хэт олон болгохыг би дэмжихгүй. Харин нэмэгдүүлсэн тохиолдолд гишүүдийн тоо 98 байхад хангалттай. Харин холимог тогтолцоо бол сонгогчдын саналыг гээдэггүй сайн тогтолцоо. Гэхдээ жагсаалтын ард хулгайч луйварчин хүмүүс байвал болохгүй. МАН-ынхан бөөнөөрөө л дарга хийцгээлээ. Харамсалтай нь ард түмний амьдрал сайжирсангүй. Энэ хүмүүс жагсаалтын ард нуугдаад ирэх сонгуулиар УИХ-д ороод ирвэл яах вэ? Тиймээс намын нэрийн жагсаалтад нэр цэвэр хүмүүсийг л оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Жишээлбэл, манай намаас С.Эрдэнэ гэдэг хүнийг намын нэрсийн жагсаалтаар оруулаад ирвэл ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Жагсаалт цэвэр байсан тохиолдолд л бид ард түмний дэмжлэгийг авна. Тэгэхээр аль аль нам нь хариуцлагатай байх шаардлагагатай болж байна. Гэхдээ л сонгогчдын саналыг маш их мөнгөөр худалдаж аваад сурчихсан МАН өөрсдийнх нь намд санхүүжилт өгсөн хүмүүсээ хүчээр жагсаалтад оруулж таарна шүү дээ. Иймээс дараагийн сонгууль дээр жагсаалтыг хүмүүс нэлээн сайн анзаарах байх.
Миний хувьд хуучин байр суурин дээрээ л байгаа. Гишүүдийн тоог 98-аас дээш бүү гарга гэдгээ л хэлнэ. Гэтэл УИХ-ын гишүүд 152-уулаа болъё гээд нэг нэгнээ л ухуулаад байх юм. Үүний оронд ард түмнээ ухуулаач ээ гэж хэлмээр байна. Ард түмэн “100 ямаанд 60 ухна гэгчээр” хэмээн шүүмжилж байна. Энэ танхимд өөрсдийгөө ард түмэн гээд ойлгочихсон нөхдүүд амьдралаас хол юм яриад сууж байна.
Парламентын төлөөлөх чадвар буур байна гээд яриад л байна. Гэхдээ хотын том дүүргүүдээс бусад газарт тийм асуудал байхгүй. Би гэхэд л Ховд аймагт очоод бүх сонгогчтойгоо уулзаж, үгээ хүргэж чаддаг. Тиймээс хүн амын тоо ихтэй тойргууддаа л гишүүний тоог нэмэх асуудлыг ярих хэрэгтэй.
Өнгөрсөн наймдугаар сард эрх баригчид давхар дээлийн асуудлаар дур мэдэн хуульд өөрчлөлт оруулсан. Харин одоо гишүүдийн тоогоо олон болгож байгаад өөрсдөө дунд нь орж ирэхээр улайрч байна. Гишүүд, эрх баригч нам өөрсдийнхөө эрх ашгийн төлөөх хуулийг тэр дор нь өөрчилж, дураараа аашилж байна. Иргэдээс авсан санал, зөвлөлдөх санал асуулга огтхон ч падгүй болчихлоо” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.