Тархи энергигүй болсноос үүдэж бид өдрийн турш нойрмоглон, ажил хийх сонирхолгүй болж, үйл хөдлөл, сэтгэн бодох чадвар удааширдаг талаар УНТЭ-ийн мэдрэлийн эмнэл зүйн төвийн их эмч Б.Энхзориг хэлж байна.
Тэрбээр, “Тархи бие организмыг тэр чигт нь удирддаг. Унтах, сэрэх, босох, бодох, сэтгэх, ажиллах, зүрхний цохилтыг хурдан, удаан болгох гэх мэт. Байнгын зогсолтгүй ажилладаг эрхтэн гэсэн үг. Энэ эрхтэн нь биеийн жингийн таван хувийг эзэлдэг хэрнээ бусад эрхтнээс илүү их энерги шаарддаг. Шөнө ч амардаггүй. Өдөр нь цуглуулсан мэдээллээ цэгцэлж байдаг юм. Бага унтахаар тархи мэдээллээ цэгцэлж амжихгүй. Мэдээллүүд нь хуримтлагдаад их болчихно. Боловсруулагдаагүй эдгээр мэдээллүүд эмх замбараагүй байдлыг бий болгож, бие организм ядрах нэгэн шалтгаан болно.Том хүн өдөрт 6-8 цаг унтах ёстой. Ингэснээр мэдээллээ бүтэн боловсруулдаг. Ингэхдээ чанартай унтах нь чухал. Дунд нь сэрэхгүй байх, гэрэл тусаагүй, чимээ шуугиангүй орчинд тухтай амрах хэрэгтэй.
ЯДАРГААГ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНӨӨР “ЭМЧИЛНЭ”
Мөн ядаргааны эсрэг хөдөлгөөн тун чухал. Дасгал хөдөлгөөн хийхгүй болохоор биед орсон энерги боловсорч, задрахгүй зогсонги байдалд орчихдог. Тэгэхээр байгаа энерги нь дуусна шүү дээ. Үүнийг бид тархи ядарлаа, мэдрэлийн ядаргаанд орчихлоо гэж яриад байдаг. Биед чинь байгаа энерги байхгүй болчхоор хөшчихдөг. Булчингууд хөдөлгөөнгүй байснаас болоод өвдөлт өгдөг. Үүнийг хүмүүс тархи нь өвдчихлөө гэж яриад байдаг. Биеийн бүх хэсэгт цус очиж байж бие амарна. Бие тайван байж, өвдөлтгүй байвал шөнө гүн нойроо авч чадна. Тайван унтана гэдэг нь мэдээллээ сайн боловсруулна. Тархи ядраад хийж байгаа ажлаа удаан хийгээд байвал түр завсарлага авах хэрэгтэй. Тархи нэг ажлаа хийгээд байхаар тойрогт ороод автомат болчихдог. Зохион бүтээх гэдэг зүйл байхгүй болно гэсэн үг. Тэр эргэлдээг нь гаргаж байж бүтээмж сайжирдаг.
Хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа нь ядаргаанд орчихлоо гээд дураараа эм тариа, витамин хэрэглээд байдаг. Эмчилгээ хийж эхлэхээсээ өмнө эхлээд өвчнөө ойлгох хэрэгтэй. Өвчнөө ойлгохгүйгээр мянган эм, эмчилгээ хийгээд эдгэхгүй шүү дээ. Иймд тухайн өвчтөн хамгийн эхлээд өөрөөсөө эмчилгээгээ эхлэх хэрэгтэй. Өөрөө өөрийгөө эмчилнэ гэдгээ ойлгох хэрэгтэй. Эмээс илүүтэй ядаргааг үүсгээд байгаа шалтгаан, хүчин зүйлээс салж байж ядаргаа алга болно. Эхлээд хөшиж, чилсэн булчингаа суллаж, энергиэ боловсруулж дасгал хөдөлгөөн хийж, хоол хүнсээ зохицуулахаас эхэлнэ. Энэ ямар ч эмээс илүү хурдан тэнхрүүлнэ.
НЭГЭНТ ҮХЭЖСЭН ТАРХИ ДАХИЖ ТӨЛЖИХГҮЙ УЧРААС ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ
Нөгөөтэйгүүр тархийг архи, тамхи, агаарын бохирдол, үйлдвэрлэлийн тоосжилт зэрэг нь гэмтээж байдаг. Энэ нь судсаар дамжихдаа жижиг судсыг бөглөдөг. Гэтэл тархин дотор маш их хэмжээний жижиг судаснууд байгаа. Тэгэхээр ийм байдлаар удаан үргэлжлээд тархинд тэжээл очихгүй бол тархины тухайн хэсэг үхэж эхэлдэг. Нэгэнт үхчихсэн тархи дахиж төлжихгүй. Жишээ нь зөнөсөн гэдэг нь тархины ой санамж удирддаг хэсэг гэмтчихэж байгаа гэсэн үг. Тархийг хэр бага гэмтээнэ төдий чинээ урт насална.
Тархиа хамгаалахын тулд тодорхой цагийн хуваарьтай хоол идэх хэрэгтэй. Нэг сайн идчихээд өдөржингөө гүйгээд байж болохгүй. Шаардлагатай үедээ шаардлагатай энергиэ авдаг учраас ажлын ачааллаасаа шалтгаалж хооллох хэрэгтэй. Магадгүй шөнийн ажил хийдэг бол шөнө тархины чинь ачаалал нэмэгдэх гээд байгаа учраас оройны хоол нь чухал, өглөө эрт ажил ихтэй байдаг бол өглөөнийхөө цайг сайн уух хэрэгтэй.