УИХ-ын дарга Г.Занданшатар дөрөвдүгээр сарын 27-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороодын дарга нар, нийслэлээс сонгогдсон гишүүдэд хандан өргөн хэрэглээний гол нэрийн бараа бүтээгдэхүүн тэр дундаа мах, гурилын үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг судалж, хариу арга хэмжээ авах талаар гарц, шийдэл олох үүрэг даалгавар өгсөн билээ.
Энэ дагуу нэр бүхий гишүүд зах худалдааны төвүүдээр явж, сайн, муу санал шүүмжлэлийн аль алиныг сонссон. Харин өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар энэ ажлынхаа үргэлжлэл болгож үнийн өсөлтийн асуудлаар холбогдох яамны мэдээллийг сонслоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр асуулт асуухдаа 71 сая малтай ч махныхаа асуудлыг 30 гаруй жил шийдэж чадсангүй. Махныхаа асуудлыг шийдэж чадаагүй байж макро эдийн засаг яриад давхиад байдаг. Хөрсөн дээрээ буусаар байна гэхчлэн эгдүүцлээ илэрхийлэв. Тэрбээр инфляцаар дамжиж ард иргэдийн халааснаас суйлж байгаа мөнгө замаа алдлаа. 2020-2022 оны инфляц хэдэн хувьтай байсан бэ? Энэ инфляцаас болж ард иргэдийн халааснаас хэдэн төгрөг гарсан бэ? гэсэн асуултыг асуусан.
Монгол банкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван хариулт өгөхдөө, инфляц 2023 оны нэгдүгээр улирлын төгсгөлд улсын хэмжээнд 12,2 хувьтай, УБ хотод 12,1 хувьтай байна. Дөрөвдүгээр сарын байдлаар инфляц 12,1 хувиас тодорхой хэмжээгээр буурч, 11,1-11,4 хувийн хооронд гарах болов уу гэсэн хүлээлттэй байна. Ер нь инфляц 22 дахь сардаа дараалан хоёр оронтой тоонд өндөр байна гэв.
Түүнчлэн Төв банкнаас инфляц иргэдийн өрхийн амьжиргаанд хир хэмжээний дарамт учруулж байгаа судалгааг хийжээ. Инфляци дунджаар 15 хувьтай байхад ойролцоогоор 3,5-4 их наяд төгрөг өрхийн амьжиргаанаас алга болдог гэсэн тооцоо гарсан байна. Тиймээс Төв банк энэ ондоо багтаж инфляцыг нэг оронтой тоонд барина гэсэн зорилт тавьж байгааг танилцууллаа. Өөрөөр хэлбэл иргэд инфляц буюу өндөр үнийн өсөлтөд жилдээ 3 тэрбум, сүүлийн 3 жилд 12-13 тэрбумыг алдсан гэсэн үг юм.