“Оюу толгой” компани нийгмийн хариуцлагын хүрээнд СХД-ийн дунд сургуулиудын сурагч, өсвөр үеийнхэнд зориулсан “Гэрэлт” төслийг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа юм. “Гэрэлт” төслийн зорилго нь товчхондоо гэр хорооллын алслагдсан сургуулийн сурагчдын сэтгэл зүй, нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах, тэдэнд шинэлэг байдлаар эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэсэн. Үр дүн ч өндөр гарч буй аж. Ингээд “Оюу толгой” компанийн Нийгмийн хариуцлагын төсөл хариуцсан мэргэжилтэн, “Гэрэлт” төслийн зохицуулагч Ё.Лхамаатай ярилцлаа.
-“Оюу толгой” компани нийгмийн хариуцлагын олон үлгэр жишээ төслийг хэрэгжүүлж ирсэн. “Гэрэлт” төсөл тэдгээрээс юугаараа ялгаатай вэ? Энэ төслөөрөө юуг бий болгохыг зорьж байгаа хэрэг вэ?
– Компаниуд бизнесийнхээ онцлогт тохирсон нийгмийн хариуцлагын олон янзын төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг л дээ. Ер нь бусдад мөнгөн хандив өгчихвөл нийгмийн хариуцлагатай гэсэн ойлголт түгээмэл байгаад байдаг. Үнэндээ тийм биш. Нэг удаагийн шинж чанартай үйл ажиллагаанаас томоохон компаниуд татгалздаг болсон. Тэр бүү хэл нийгмийн хариуцлага гэж ярихаа ч больсон. Хамтын үнэ цэн бий болгох гэж ярьж хэвшиж байна. Мөнгөн хандив өргөөд яваад байвал асуудал ч дуусахгүй, мөнгө санхүү ч хүрэлцэхгүй. Үүний оронд, нийгмийн аливаа асуудлыг барьж аваад, урт хугацаанд тогтвортой байдлаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг болсон. Хамтдаа үнэ цэн бүтээж, хамтдаа асуудлаа шийдэж, хамтдаа өөрчлөлт авчрах тухай асуудлыг яриад байгаа юм. Түүний нэг жишээ бол манай “Гэрэлт” төсөл юм.
2019 онд ЕБС-дад чиглэсэн төсөл хэрэгжүүлэхээр болж, Дэлхийн зөн ОУБ-аар нөхцөл байдлын судалгаа хийлгэсэн. Аюулгүй байдал, дэд бүтэц, агаарын бохирдлоос эхлээд асуудал олон байсан ч бид маш няхуур ярилцаж, судалсаар өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлийг барьж авахаар шийдсэн юм. Олон асуудлын яг аль руу нь орж ажиллах вэ гэдгээ тодорхойлох үйл явц мэдээж амар байгаагүй. Учир нь нэг сонгочихвол бид урт хугацаанд, тогтвортой ажиллах гол чиглэл маань болох учраас хөнгөн хуумгай хандах эрх бидэнд байгаагүй. Ингээд төлөвлөлтийн шат шувтарч, 2020 оноос нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн сургуулиудад манай төсөл хэрэгжиж эхэлсэн. Эхний жил таван сургуультай ажилласан бол дараагийн жил дөрвөн сургуультай, энэ жил мөн дөрвөн сургуультай ажиллаж байна.
– Сэтгэл зүйчид ажиллана гэсэн үг үү? Ер нь өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд ямар болоод сонгох болсон юм бэ? Үндэслэл байсан байх, тийм үү?
– Бид сонгогдсон сургуулиуд дээрээ мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулдаг юм. Өнөөдрийг хүртэл 13 ЕБС-тай ажиллаж байна. СХД-ийн нийт сургуулийн 50 хувь нь гэсэн үг. Сургууль тус бүрд хоёр танхим байгуулж өгсөн. Нэг нь сэтгэл зүйн зөвлөгөө өгөх тусгай кабинет, нөгөөх нь эрүүл мэндийн сургалт явуулдаг өрөө. Сэтгэл эмзэглэм яриа бидний байгуулсан сэтгэл зүйн өрөөнд өрнөдөг. Тэнд багш, сурагчид мэргэжлийн сэтгэл зүйчтэй сэтгэлээ уудалж ярьдаг, бас тайтгардаг. Хувь хүний нууц яригдаж байгаа болохоор дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. Сэтгэл зүйчид шаардлагатай гэж үзвэл цаашдын арга хэмжээг авч, мэргэжлийн байгууллагуудтай холбон зуучлах байдлаар ажилладаг. Бэлгийн хүчирхийллийн кейс ч ил болсон тохиолдол бий. Гэр бүлийн хүчирхийллээс гадна амиа хорлох, үе тэнгийн дээрэлхэл зэрэг олон асуудал тэнд байна. Тиймээс сургалт, ганцаарчилсан зөвлөгөө, бүлгийн зөвлөгөө гээд сэтгэл зүйчтэй холбоотой үйл ажиллагааг цогцоор нь явуулахыг бид зорьж байна. Сурагчдаар тогтохгүй багш нарын сэтгэл зүй асуудалтай байгаа нь манай судалгааны дүнгээс харагдсан. Тодруулбал, бага ангийн болон гадаад хэлний багш нар, ялангуяа 26-35 насны залуу багш нар сэтгэл зүйн тогтворгүй байдалтай байгаа нь анхаарал татаж байсан. Тиймээс багш нарыг ч сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээндээ хамруулж байгаа. Сайн боловсрол багш нартай нягт холбоотой учир багшийн сэтгэлзүйн асуудлыг хойш нь тавьж болохгүй.
– Тэгвэл нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал ямар байв? Энэ чиглэлд төслийнхөө хүрээнд ямар ажлууд өрнүүлж байна вэ?
– Монгол улсад жилд 3500 орчим насанд хүрээгүй охид жирэмсэн болдог гэсэн судалгаа байдаг юм билээ. Тэдгээрийн 40 хувь нь Улаанбаатарт тохиолддог юм байна. Тэдгээр хүүхдүүдийн 14 хувь нь үр хөндөлт хийлгэдэг. Үр хөндөлт хийлгэж байгаа охидын 20 хувь нь Сонгинохайрхан дүүрэгт байдаг юм байна. Нөгөө талаар өсвөр насны хүүхдүүдийн 60 гаруй хувь нь нөхөн үржихүйн асуудал тулгарахад яахаа мэддэггүй. Мэдлэг мэдээлэл байдаггүй. Энэ асуудал нуугдмал мөртөө яахын аргагүй нийгмийн, эрүүл мэндийн суурь асуудал болж байна.
Нөхөн үржихүйн хэсэгт эмч, багш нараас бүрдсэн ТББ-тай хамтарч ажиллаад гурван жил болж байна. Сонгогдсон сургууль дээр сургалт явуулдаг. Сургалт маань нэг онцлогтой. Үе тэнгийнхэн үе тэнгийнхнээ бэлддэг. Судалгаагаар нэг л юм гарч ирээд байдаг. Өсвөр насныхан эцэг эхдээ асуудлаа ярьдаггүй юм байна. Манай судалгаагаар сурагчдын 50 хувь нь гэр бүлийнхэндээ нарийн ширийн асуудлаа ярьдаггүй, харин найзуудтайгаа ярьдаг. Тиймээс манай эмч нарын баг сургууль бүр дээр 25 хүүхдийг сургаж, зөвлөгч болгон бэлдэж байна. Төсөл дууссан хойно ч нөгөө хүүхдүүд маань үеийнхэндээ зөвлөж, нөхөн үржихүйн аливаа асуудал тулгарахад ямар гарц гаргалгаа байгаа, хамгийн гол нь урьдчилан сэргийлэхтэй холбоотой мэдээллийг өгдөг гэсэн үг.
– Гурван жилийн хугацаанд хэчнээн хүнд хүрэв?
– СХД-ийн 13 сургуулийн 31000 сурагч, эцэг, эх, багш удирдлагад манай төсөл хүрээд байна. Дашрамд хэлэхэд, энэ жилээс бид төсөл дээрээ хоёр чухал агуулгыг нэмсэн. Спортоор дамжуулж хүүхдүүдийг хөгжүүлэх, хамгаалах ёстой гэж үзээд, крикет, жюү жицү гэсэн хоёр төрлийн спортыг сонгож төсөлдөө оруулсан байгаа.
Крикет бол багийн спорт, сахилга батыг суулгадаг. Сургууль бүрд эмэгтэй, эрэгтэй хоёр баг байгуулж, биеийн тамирын багш нарыг нь дасгалжуулагчаар бэлтгэж байна. Жюү жицү бол тулааны спорт. Хүүхэд өөрийн хүсэлтээр эсвэл сэтгэл зүйчийн санал болгосноор хичээллэх боломжоор хангасан. Үе тэнгийн дарамтад орсон хүүхэд байлаа гэж бодоход чөлөөт цагаа зөв өнгөрөөх, спортын хүрээлэл үүсгэх замаар өөртөө итгэх итгэлийг нь сэргээхэд эрс өөрчлөгдөөд ирэх жишээний. Заримдаа санаанд оромгүй зүйлс хүнийг босгоод ирдэг дээ. Хүүхдүүд маань эхнээсээ амжилт гаргаад эхэлчихсэн, бид ч урамтай ажиллаж байна. Нэг ч гэсэн хүүхэд өөртөө итгэлтэй, асуудлаа шийдвэрлэх гарцаа олчихдог, асуудлыг даамжруулалгүй зогсоох мэдлэгтэй болоосой гэж бид хүсдэг.
– Зорилго, үр дүнг төсөөлөхөд л өсвөр үеийнхнийг гэрэлтүүлж чадсан төсөл байна. Өнөөдрийн Монгол улсын суурь асуудал сэтгэл зүй, нөхөн үржихүйн эрүүл мэнд болсон нь үнэн. Шийдлийг өсвөр үеийнхнээс эрэлхийлж, хэрэгжүүлж байгаа нь ч таатай санагдаж байна. Төслийг гардаад хэрэгжүүлээд явж байгаагийн хувьд та “Гэрэлт” төслийн үнэ цэнийг юу гэж илэрхийлэх вэ?
– Төсөл эхлэхэд тухайн сургууль дээр нөхцөл байдал ямар байгааг эхлээд үнэлдэг, төслөө дуусгаад үр дүнгээ бас хэмждэг. Судалгааны үр дүнд сэтгэцийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой ойлголт мэдлэг байнга өсөлттэй гардаг. Урт хугацаандаа үр дүн нь илүү тодоор гарах болов уу. Хоёрт, сэтгэл зүйн үйлчилгээ авсан хүмүүсийн сэтгэл ханамж өндөр гардаг бөгөөд сургуульд байнгын сэтгэл зүйч ажиллуулахыг хүссэн байдаг. Гуравт, өөрт тулгарсан асуудлаа айлгүй ярих хэрэгтэй гэдэг зоригийг хүүхдүүдэд бий болгож байгаа явдал юм. Сэтгэл зүйчтэй ярилцаад, асуудлаа шийдээд сурчихсан хүүхэд том болсон хойноо ч асуудал гарахад аливааг сэтгэлийн хөдлөлөөр шийдэлгүйгээр сэтгэл зүйч дээр очдог, хэн нэгэнтэй зөвлөлддөг дадал суусан байх болов уу гэж боддог. Дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох тухай боддог, 10 хүүхэд тутмын нэг нь амиа хорлох үйлдэл хийж байсан гэдэг судалгааг хараад бид зөв зүйл рүү оржээ гэж бодож байсан. Нүдэнд үл харагдах сэтгэл хэмээх эрхтнийг хайрлах, хамгаалахад бидний ажлын гол цөм оршиж буй.