Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль 1998 онд батлагдаж байсан. Хэдий цомхон ч гэсэн уг хуулиар хэвлэл мэдээллийн салбар дахь төрийн монопол байдлыг халж, төрийн санхүүжилттэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй өрсөлдөх боломж нь бага байсан хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг нэмэгдүүлж чадсан юм.
Хүний Эрхийн Үндэсний Комиссийн Илтгэл-22-ийн хэвлэлийн эрх чөлөөний эрх зүйн зохицуулалтын тайлан бичгийг нягталлаа.
Энэхүү тайланд бичсэнээр 2022 оны байдлаар 486 хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтмол ажиллаж байгаагаас сонин 64, сэтгүүл 46, радио 50, телевиз 135, мэдээллийн сайт 191 сайт монгол улсад үйл ажиллагаагаа эрхэлж байна. Гэтэл сэтгүүлчдийн эрх чөлөөний тухай “Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагын жил бүр гаргадаг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ийн 2022 оны тайланд Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө 70-аас бага оноотой буюу “асуудалтай” гэж дүгнэсэн байна. Энэ талаар олон улсын байгууллагууд ч онцлон анхаарахыг хүсдэг.
Тэгвэл хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрх зүйн зохицуулалтын талаарх Хүний Эрхийн Үндэсний Комиссоос ажлын хэсэг баталж, 2021 оны гуравдугаар сард 80 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтныг хамруулсан судалгааг хийсэн. Уг судалгааны дүнгээр 83,8 хувь нь ХМЭЧТХ-ийг шинэчлэн найруулах шаардлагатай байна гэж үзсэн. Эх сурвалжаа нууцлах эрхийг баталгаажуулж, сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангах, хуулийн байгууллагад дуудагдаж, айлган сүрдүүлэгт өртөх явдлыг халах, төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй байдлыг сайжруулах, сэтгүүлчийн хариуцлага, ёс зүй, хэвлэл мэдээллийн байгууллагын эзэмшлийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зохицуулалт шаардлагатай гэж үзжээ.
Хэдий тийм ч 2011 оноос хойш ХМЭЧТХ-ийг шинэчлэн найруулах оролдлого хэд хэдэн удаа хийгдсэн ч холбогдох талууд зөвшилцөлд хүрч чадаагүй учраас өнөөдрийг хүртэл зогсонги байдалтай байна.
Тийм учраас Хүний Эрхийн Комисс “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16, 17 дахь заалт, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт (ИБУТЭТОУП)-ын 19 дүгээр зүйлээр баталгаажуулсан үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг бэхжүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийг төрийн шууд ба шууд бус цензурээс ангид байх, редакцын хараат бус байдал, хэвлэл мэдээллийн олон талт байдлыг хангах эрх зүйн зохицуулалт бий болгох шаардлагатай бөгөөд ХЭҮК-оос боловсруулсан загвар хуулийн төсөлд тэдгээрийг тусгалаа. Хуулийн төсөлд тусгасан чиглэлүүдийг үндэслэлийн хамтаар илтгэл-22 судалгааны ажилдаа тодорхой тусгажээ.