Боловсролын Ерөнхий хуулийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Хуульд орсон нэг заалт нь олон нийтийн анхааралд өртөж, шүүмжлэл, дэмжлэгийн аль алиныг нь дагуулж байна. Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн бага ангиас нь Англи хэл зааж эхэлнэ гэсэн заалт ороод буй юм. Боловсролн тэгш бус байдлыг арилгахын тулд Англи хэлний сургалтыг сайжруулах нь зайлшгүй хэрэгцээ болсон. Гэвч яг хэддүгээр ангиас заах вэ гэдэг дээр зөрүүтэй мэдээлэл түгээсний улмаас олон нийт төөрөгдөлд орлоо.
Ч.УНДРАМ ГИШҮҮНИЙ АНДУУРАЛ УУ, ЭСВЭЛ САНААТАЙ ҮЙЛДЭЛ ҮҮ?
ЕБС-ийн сурагчдад нэгдүгээр ангиас нь Англи хэл заана гэх мэдэгдлийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам цахим хуудсандаа нийтэлсэн нь төөрөгдөл гарах том шалтгаан боллоо. Тэрбээр “Англи хэлний боловсролын лобби бүлэг байгуулж ажилласны үр дүн өнөөдөр гарч бүх сургуульд нэгдүгээр ангиас Англи хэл заах асуудал Байнгын хороогоор дэмжигдлээ. Энэ зорилгыг минь мохоож янз бүрийн байдлаар дайрах, доромжлох, харлуулах ажил зөндөө хийгдсэн ч бууж өгөөгүй. Дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол хүн бэлдэх чухал заалтаа авч гарлаа. Дэмжиж ойлгосон бүх хүмүүст баярлалаа “хэмээн цахим хуудсандаа бичсэн. Тэрээр үүнийгээ дараа нь өөрчилж “Бага ангиас англи хэл заана” гэж зассан ч олон нийт хүлээж авсангүй. Хариуцлагатай албан тушаалтан худал мэдээ нэгэнт түгээвэл ямар үр дагавартайг харуулсан явдал боллоо.
Л.ЭНХ-АМГАЛАН: СУРАГЧДАД ГУРАВДУГААР АНГИАС НЬ АНГЛИ ХЭЛ ЗААНА
Олон нийтийн бухимдалд салбарын сайд нь тайлбар өглөө. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Боловсролын Ерөнхий хуулийн төсөлд Англи хэл бол үндсэн гадаад хэл байна гэж заасан. Сурагчдад нэгдүгээр ангиас нь Англи хэл заах тухай ямар ч үг, өгүүлбэр, заалт байхгүй. Шинэ хөтөлбөрөөр гуравдугаар ангиас Англи хэл заана гэж төлөвлөсөн. Гэхдээ бидэнд бэлтгэл хэрэгтэй. Хөтөлбөрөө, сурах бичгээ,багшаа бэлтгэнэ” гэсэн юм. Англи хэлний хэрэгцээ шаардлага их бий. Хамгийн гол нь, судалгаатай, нухацтай, бэлтгэлтэй хандана гэдгээ салбарын сайд нь ийнхүү илэрхийллээ.
АНГЛИ ХЭЛИЙГ ХЭДЭН НАСНААС НЬ ЭХЛЭН ЗААХ НЬ ЗҮЙТЭЙ ВЭ?
Өнөөдөр Монголд Боловсролын тэгш бус байдлын нэг шалтгаан нь англи хэл болсон. Өндөр төлбөртэй, амьдралын боломж сайтай айлуудын хүүхдүүд гадаад хэлээ сайн сурч, улсын сургуулиудын хүүхдүүдийн чадвар хэт доогуур үнэлэгдэж байна. Ингээд хэлний мэдлэг сайтай тэтгэлэг авч, бусад нь тойргийн гадна үлддэг нь хатуу үнэн болсон. Тиймээс төр хүүхдүүдийг багаас нь англи хэл сургах асуудлыг цогцоор анхаарч эхэлж байна. Нэг талаас, хүүхдийг том болсон хойно англи хэл зааснаар сургалт үр дүнтэй болдоггүй. Ичиж эмээхээс авхуулаад олон асуудал тулгардаг. Тиймээс бага ангиас нь гадаад хэлний суурийг сайн тавьж өгөх хэрэгтэй гэж ажлын хэсгийн гишүүд тайлбарлаж байна. Харин нөгөө талдаа судлаачид “Гадаад хэлийг 5-6 дугаар ангиас заах нь тохиромжтой. Сурагчид эх хэлээ бүрэн дүүрэн эзэмшсэний хойно сургах чухал. Кирилл үсгээ, Монгол хэлээ сайн мэдэхгүй хүүхдүүдэд гадаад хэлийг шууд хослуулж заах оновчгүй хэмээн саналаа хэлж байна. МУИС-ийн багш, доктор Э.Мөнх-Учрал “Гадаад хэлийг зөв цагт нь сайн заах хэрэгтэй. Гадаад хэл бол мэдлэг олох хэрэгсэл юм. Хэрэгслийг Монголоороо сольж болохгүй. 3 сая монгол бол цөөн тоо шүү. Хэл сурснаараа ч сайн болчихдог юм биш. Сурах арга барил эзэмшсэнээсээ болно. Орчин үеийн технологи энгийн хэрэглээг шийдээд явж байна шүү дээ. Хэл, бичгийн бодлого, улс төр хоёр ямар холбоотой байдгийг унш л даа. Дэлхийн түүхэнд эртнээс эдүгээ хүртэл өчнөөн олон жишээ байгаа” гэсэн юм. Харин доктор Д.Заяабаатар “Гадаад хэлийг 12-13 наснаас нь эхлэн заах нь зөв. Эх хэлний суурь хамгийн чухал” гэсэн юм.
Ийнхүү Боловсролын Ерөнхий хуулийн төсөл олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж байна.