“… Энэ ногоон хашаагаар хүрээлүүлсэн дарга нар бидний ямар амьдрал туулж, хичнээн хүнд нөхцөлд ажиллаж байгааг мэдэхгүй шүү дээ” гэж хоолой зангируулав. Энэ хүн бол сувилагчаар 28 дахь жилдээ ажиллаж буй эрүүл мэндийн салбарынхны төлөөлөл байлаа. Тэр, тэд төрд үгээ хэлэхээр тайван жагсаалд нэгджээ.
Өчигдөр олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлээ. Энэ өдрөөр МҮЭХ-ноос санаачлан Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулсан юм. Үнэ өсөж байгаа хэдий ч иргэдийн цалин орлого нэмэгдэхгүй байгаа тул аргаа барсан иргэд гадаад улс руу явж ажиллахаас өөр сонголтгүй болж байна гэдгээ хэллээ. Сарын 700 мянган төгрөгийн цалинтай урлаг соёлынхон, судалгааны бүтээлээ бодитоор үнэлүүлж, дэмжлэг авч чаддаггүй шинжлэх ухааны салбарынхан, ээлжинд өмсөх нормын хувцасаа ч бүтэн авдаггүй эрүүл мэндийн салбарынхан гээд салбар салбарынхан өөрсдийн тулгамдсан асуудлаа хэлж байсан юм. Төрөөс авч байгаа татвар шимтгэлийг багасгах, цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг ажлын байрны баталгааг шаардаж байгаа юм.
“ТЭТГЭВЭРТ ГАРАХ ДӨХСӨН ТУЛДАА Л ТЭВЧИЖ БАЙНА”
Эрүүл мэндийн салбарынханд ямар асуудал тулгамдаж байгаа талаар жагсаалд оролцож буй төлөөлөл хэлэхдээ “Намайг Д.Алтанцэцэг гэдэг. Би Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгонд сувилагчаар ажилладаг. Бидний ажлын ачаалал маш их. Өглөө 06 цагт яваад орой 21 цагт л гэртээ ирнэ. Сарын цалин маань 800-1 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг. Цалингийн зээлээ төлөх, хэрэглээндээ зарцуулах гээд хаанаа ч хүрэхгүй юм. Би өдрийн эмчилгээ, “хүлээн авах”-ын сувилагчаар ажилладаг юм. Ачаалал ихтэй болохоор өөрсдийгөө гаргуунд нь гаргаад л явж байна. Өдрийн цайнд орох тухай ойлголт байхгүй шүү дээ. Залуу сувилагч нар ажлаасаа гарч гадаадад ажиллахаар явж байна. Харин миний үеийнхэн тэтгэвэрт гарах дөхсөн юм чинь гээд л тэсээд тэвчээд байгаа юм. Би одоо 28 дахь жилдээ ажиллаж байна. Насаараа ажилласан мөртлөө ийм цалинтай, хүнд нөхцөлд ажиллаж байгаадаа гомдолтой байна. Бид нарт нормын хувцсыг маань ч бүрэн гүйцэд өгчихгүй л байна шүү дээ. Эмч, сувилагчид өөрсдөө л худалдаж авч байна. Төр барьж байгаа хүмүүс юу бодож байна аа. Арай ч дээ л гэмээр байна” гэв.
ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫНХАН ТУЙЛДАЖ БАЙНА
Шинжлэх ухааны салбарынхан жагсаалын үеэр “Төр өнөөдөр шинжлэх ухааны салбарынхнаа хаячихсан байна. Уг нь дэлхийн улс орнууд энэ салбартаа хөрөнгө оруулж, дэмжихэд онцгой анхаардаг. Энэ хэрээр хөгжлийн асуудал яригддаг. Гэтэл манай улсад эсрэгээрээ байна. Шинжлэх ухааны зэрэг цолгүй хүмүүс нь 900 гаруй мянган төгрөгийн үндсэн цалинтай. Татвар шимтгэлээ хасуулаад 600-700 мянган төгрөгийн л цалин авч байна. Үнэнийг хэлэхэд, шинжлэх ухааны салбарын ажилчид өрнөөс өр, зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Уг нь, бид судалгаа шинжилгээ хийгээд улс орныхоо хөгжлийн төлөө яваад байгаа юм. Шинэ ололтын төлөө зүтгээд л байна. Гэтэл түүнийг нь төр урамшуулж, бэлэн болсон судалгааг инновац болгож, эргэлтэд оруулж байгаа юм алга. Би хөдөө аж ахуйн салбарт 20 жил зүтгэж байна. Гэтэл би дөнгөж 1 сая төгрөгийн л цалин авч байна. Үнэ өсөж, энэ цалин маань хаанаа ч хүрэхээ болилоо. Дэлгүүр ороод авах юм байхгүй боллоо шүү дээ. Аргагүйн эрхэнд төрдөө үгээ хэлэхээр ирлээ” гэсэн юм.
УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ЧАДВАРЛАГ ЗАЛУУС ГАДААД УЛСЫГ ЗОРЬЖ БАЙНА
Хамгийн боломжийн цалинтай гэгддэг уул уурхайн салбарынхан ч тэсгэл алдарч байгаа тухайгаа ярив. “Багануур ХК”-ийн ажилчид “Оюутолгой зэрэг томоохон компаниудтай харьцуулахад бид хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байна. Залуу боловсон хүчний ихэнх нь гадаад улс руу, өндөр цалин хөлстэй газар руу явж байна. Чадварлаг боловсон хүчин нь бүгд гараад явчихлаа. Үүнийг дагаад үйлдвэрлэлийн явцад доголдол бий болж мэдэхээр болсон. Энэ асуудлыг шийдэхийн тулд төр нүүрсний үнийг чөлөөлөх ёстой. Чөлөөлдөггүй юм гэхэд татвар өгөх хэрэгтэй. 2022 оны 11 сар хүртэл Багануур хувьцаат компани эрчим хүчний үнийг нэмээгүй. 33500 төгрөгөөр борлуулж байгаа нүүрсийг бид 44 мянган төгрөгөөр олборлож байгаа. Үүний зөрүүнд 11-12 мянган төгрөгийн алдагдал үүсэж ирсэн. Компани бүх ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг бүхэл бүтэн жил гарангийн хугацаанд төлөөгүй байна. Ингээд ирэхээр ажилчид тэтгэвэр тэтгэмж авах зэрэг бүх эрх нь хаагдчихаад байна. Өнөөдөр гэрэл цахилгаан болоод байна гэж хүмүүс бодож байгаа байх. Гэтэл үүний цаана ажилчид хөдөлмөрөө мөлжүүлж,хүнд нөхцөлд байна. Үүнийг анхаарч өгөөч гэж хүсэж байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.