Хэт бага цалин, дарамт шахалт зэрэг олон шалтгааны улмаас Төрийн үйлчилгээний албанд ажиллах хүч хүч улам бүр дутмаг болж байгааг Хүний эрхийн үндэсний комисс Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлдээ онцолжээ. Улс төржилт хэрээс хэтэрч, төрийн албан хаагчдыг шалтгаангүйгээр халж сольдог, дарамталж, илүү цагаар ажиллуулах нь нийтлэг хэвээрээ л байна. Товчхондоо, тэдний нийгмийн баталгааг нь огт хангаж чадахгүй байгааг судалгаа харуулж байна.
ДАРГЫНХАА ӨӨДӨӨС ҮГ СӨРСӨН ГЭХ ШАЛТГААНААР УР ЧАДВАРЫН НЭМЭГДЛИЙГ НЬ ХАСЖЭЭ
Хуульд заасан урамшууллыг нь өгдөггүй, дундаас нь хасаж танадаг, төрийн үйлчилгээний албан хаагчдыг загнаж зандардаг, хөдөлмөрлөх эрхийг нь зөрчдөг асуудал улам бүр ужгирчээ. Даргынхаа үгнээс зөрвөл ажлаас нь хална гэх дарамт шахалт хамгийн их байна. ХЭҮК-оос УИХ-д өргөн бариад буй илтгэлд дараах жишээнүүдийг багтаасан байна.
ТОХИОЛДОЛ 1
… 2022 онд байгууллагын дээврийн засвар хийх тендер шалгаруулж 45 сая төгрөгөөр батлуулсан. Гэтэл ажилчид өөрсдөө зассан. Хийхгүй, бид засварын ажилчид биш гэж дуугарсан хүмүүсийн ур чадварыг хасаж нэг хүнийг өөрөөр нь өргөдөл бичүүлж халсан. Энэ засвар хийх явцад нэг хүн дээврээс унаж гэмтсэн. Мөн 2021 онд байгууллагын дотоод засвар хийхдээ ажилчдыг дарамталж хийлгүүлсэн. Эсэргүүцсэн ажилчдын ур чадварын нэмэгдлийг өгөөгүй…
(Төрийн үйлчилгээний албан хаагчтай хийсэн ганцаарчилсан ярилцлагаас)
ТОХИОЛДОЛ 2
…Хот тохижилт үйлчилгээний газар ажилтнуудаасаа суутгал аваад байгууллагын хүмүүстээ хүүтэй зээлүүлдэг. Орон сууцны цэвэрлэгээ хийдэг хүмүүсийг элэг барьдаг. Чамайг ажилд авсан, зээлийн хүү төл, эсвэл 5 кг будаа өг, тэгэхгүй бол ажлаас хална зэргээр сүрдүүлдэг… …Сүүлийн нэг жилд манай удирдлага нийт ажилчдын 30-40 хувийг сольж халсан, бүх ажилтнууд айдастай, нэг үг хэлэхээр хална гэж сүрдүүлдэг…"
(Орон нутгийн албан хаагчидтай хийсэн ярилцлагаас)
ТӨРИЙН АЛБАНААС ДАЙЖИХ НЭГ ШАЛТГААН НЬ АЖЛЫН АЧААЛАЛ
Судалгаанд оролцсон төрийн үйлчилгээний албан хаагчдаас хоногт 8 цаг илүү ажилладаг гэж 58.8 хувь нь, 9-12 цаг ажилладаг гэж 34.6 хувь нь, 13 ба түүнээс дээш цаг ажилладаг гэж 6.6 хувь нь тус тус хариулжээ. Ялангуяа багш, сургуулийн ажилтан, эмч, сувилагч, жолооч нар ихэнхдээ илүү цагаар ажилладаг байна. Тэдний хувьд амралтын өдөр, нийтээр амрах баярын өдөр, шөнийн цагаар ажилладаг боловч хуульд заасан нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын болон сул зогсолтын олговроо авч чаддаггүй байна. Удирдах албан тушаалтнуудын дарамтаас гадна, эмч нар ажлаа хийж байхдаа үйлчлүүлэгчдээ зодуулах тохиолдол цөөнгүй байгааг
ТОХИОЛДОЛ 1
"…Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын жижүүр 3 хүний орон тоотой. Хөдөлмөрийн хуулийн дагуу нэг нь ээлжийн амралт, чөлөө, эмнэлэгт хэвтэх шаардлага гарах тохиолдолд 24х24 цагаар гарах болдог. Жижүүрийн орон тоо төсөвт суугаагүй тул гэрээтээр албан хаагч авдаг. Энэ гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа учраас 60 хоног тулаа хийдэг, 24 цаг, жижүүр хийгээд 24 цаг амардаг. Гурван жил ийм зарчмаар явж ирээд энгийн 3 ээлжийн жижүүр хийхэд нэг сард 80- аас дээш цаг ажилладаг. Илүү цагийн хөлс нэг ч олгогдоогүй. Ажилтнуудын ажлын ачааллыг зөв хуваарилдаггүй".
(Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын төрийн үйлчилгээний албан хаагчтай хийсэн ганцаарчилсан ярилцлагаас)
ТОХИОЛДОЛ 2
"…Зарим үед амралтын өдрөөр аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дуудан дарга, сайд, гишүүдийг аймгийн төв рүү орох ёслол хүндэтгэлийн хаалган дээр угтаж урлагийн номер үзүүлэх зэргээр хүлээн авах, үдэх ажилд оролцуулдаг, энэ байдлыг амралтын өдөрт ажилласанд тооцож цалин мөнгө, нэмэгдэл хөлс олгодоггүй…
(Соёл, урлагийн салбарын албан хаагчтай хийсэн ганцаарчилсан ярилцлагаас)
2000 ГАРУЙ ЭМЧ, СУВИЛАГЧ, 1280 БАГШ ДУТАГДАЛТАЙ БАЙНА
Хуульд зааснаар төрийн албан хаагчдыг цалинг инфляцын түвшинтэй уялдуулан нэмдэг. Өөрөөр хэлбэл, инфляц 8 хувьтай байх үед цалин хөлсийг 8 хувиар л нэмнэ гэсэн үг. Энэ нь бага цалинтай төрийн үйлчилгээний албан хаагчдад бодит дэмжлэг болж чадахгүй байгаа юм. Иймээс төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэх эрх зүйн шинэ хөшүүрэг хэрэгтэй гэж Хүний эрхийн Үндэсний комисс дүгнэж байна. Мөн Төрийн үйлчилгээний албан хаагчийн нийгмийн баталгааг хангахад чиглэсэн 16 төрлийн дэмжлэгийн 13-ыг судалгаанд хамрагдсан албан хаагчдын 71-99 хувь нь огт авч байгаагүй, үүнээс 8 төрлийн нийгмийн баталгаанд 90 хувиас дээш хувь нь хамрагдаж байгаагүй гэж хариулсан нь нийгмийн баталгаа бодит байдалд хэрэгждэггүй болохыг илэрхийлж байна гэж ХЭҮК онцолжээ. Ингэж төрийн албан хаагчдын ажлын үнэлэмж, нийгмийн баталгаа муу байхын хэрээр төрийн албанд нөөцийн дутагдал улам бүр даамжрахаар төлөвтэй байгааг судалгаа харуулж байна. 2022 оны байдлаар өрхийн эмнэлэгт 2000 гаруй эмч, эмнэлгийн ажилтан дутагдалтай байгаа бол ерөнхий боловсролын сургуульд 1280 багш дутагдалтай байна.
Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Д.Сүнжидийн видео ярилцлагыг дээрээс үзнэ үү.