Амьтдын асрамжийн газартай болох мөрөөдөлдөө хөтлөгдөн гудамжнаас олсон 23 муураа өсгөж, тэжээж буй түүнийг Р.Нямсүрэн гэдэг. 19 настай тэрбээр “Намайг хүмүүс Бүжээхэй гэж дууддаг. Муурнуудаа би үсэн бөмбөг гэдэг. Тэгээд нийлүүлээд фэйсбүүк хуудсаа “Бүжингийн бөмбөг” гэж нэрлэсэн.
Хамгийн сүүлд “Дэлдээк”, “Нүдэн” хоёрын түүхийг оруулсан. Хүмүүс муурыг хайрлаасай гэсэндээ л би муурнуудынхаа түүхийг хуваалцдаг.
Би МУБИС-ийн сэтгэл судлалын ангийн нэгдүгээр дамжаанд сурдаг. Оюутан, хичээл ихтэй ч хичээлээс гадуурх бүх цаг заваа муурнууддаа зориулдаг. Өдөр бүр арчиж, торддог. Гэртээ орж ирэхэд маань өрөөнийхөө үүдэнд хүлээн зогсох муурнуудтайгаа ярилцах тоглоход үнэхээр сайхан.
Би муурнуудаа бүгдийг нь “Миний хүү”, “Миний охин” гэж дууддаг. Хүнд хайрлагдаж өссөн муур тэс өөр байдаг. Багаасаа гудамжинд хоол хайж, хүмүүсээс айж хөөгдөж, янз бүрийн зовлон үзсэн муурнууд нийгэмшдэггүй.
Энэ 23 “үсэн бөмбөг” бий. Эгч дээр зургаан муур байгаа. Гудамжинд гурван муур харагдаад байгаа. Дасгаж байгаад заавал авч ирж, тэжээнэ дээ. Бүгд зовлон үзсэн амьтад. Зарим нь эзэнтэй ч хайрлагдаагүй учраас авч ирсэн. Надтай хамт асардаг эгч маань бүх муурынхаа эмчилгээний төлбөрийг хариуцдаг. Хоол, элс нь дуусаад ирэх үед бид их шантардаг.
Манай эгч арваннэгдүгээр сард эхтэйгээ хамт маш их зүдэрсэн нохой олоод одоог хүртэл Зурагтын СОС-д эмчлүүлж байгаа. Төлбөр нь дөрвөн сая төгрөг давчихсан.
Одоогоор манай есөн эм муур бий. Спэй буюу үржил хаах мэс засал хийлгэх шаардлагатай. Нэг л удаа хийх шаардлагатай учраас эгч бид хоёр мэрийе гэж бодож байгаа.
Бид хоёр сүүлдээ аргаа бараад хандив гуйя гэхээр зүрх хүрдэггүй. Санаа зовоод байдаг юм. Нэг ах над руу утсаар дайраад "Муураараа мөнгө олохоос ичихгүй байна уу, чи" гэсэн. Тэр хүний үг надад хүнд туссан. Би муурнуудынхаа хандиваас хувьдаа нэг ч төгрөг зарцуулж байгаагүй.
Монголд замбараагүй үржүүлэлт маш их. Амьтан тэжээдэг хүмүүс олон болсон. Үүнийг далимдуулаад амьтнаар бизнес хийх хүмүүс нэмэгдсээр байгаа нь харамсалтай. "Ангор" ямар ховор үүлдвэр билээ. Гэтэл одоо гудамжинд хаягдаж байна. Тийм учраас Монголд замбараагүй үржүүлэлтийн эсрэг хууль маш хэрэгтэй байгаа. Амьтдын заслагын талаар хүмүүсийн толгойд суутал нь хууль гараад өгөөсэй.
Хамгийн гол нь эрх тэгш үйлчлээсэй гэж боддог. Гудамжны амьтан хүртэл зүрхтэй, амьтай. “Муурнуудыг хайрлая, надтай нэгдье” гэвэл би татгалзахгүй. Энэ амьтдаа аврахыг, хамгаалахыг л хичээх болно” гэв.