Энэ бүсгүйг Б.Анура гэдэг. Түүний сонгосон хоёр мэргэжил хоёул нийгмийн сайн сайхан, амар тайван байдлын төлөө зориулагдсан. Эгэл инээд цацруулсан дүрэмт хувцас нь зохисон энэ бүсгүй өмнө нь МҮОНТ-ийн “Өглөө” хөтөлбөрийн хөтлөгч, сэтгүүлч байсан билээ. Сул дорой нэгнийг өмөөрч хамгаалдаг асан багын хүсэл нь түүнийг ЦЕГ-ын “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч” болгосон юм. Залуу халуун насаа мэргэжилдээ шингээн үеийн залуустайгаа мөрдөс нийлүүлэн алхаж эхлэхээсээ өмнөх болон одоогийн амьдралынхаа ялгааны тухай бид түүнээс асууж, ярилцсан юм.
“Гэнэтхэн л зурагтаар гардаг сэтгүүлч хүн чинь цагдаа болоод гадаа гудамжинд эргүүл хийгээд явахаар дооглох янзаар харьцсан хүмүүс байсан. Босоо удирдлагатай, диктатур өндөр, хувь хүнээс маш их сэтгэл зүйн болон бие бялдрын бэлэн байдлыг шаардсан мэргэжилд дасан зохицох эхний нэг жил их хүнд байсан. Надад анх ЦЕГ-ын экологийн алба болон нэгэн уул уурхайн компаниас зэрэг ажлын санал ирсэн. Миний хувьд байгалийн эсрэг үйл хийх болон байгаль хамгаалагч болох хоёр сонголтын өмнө тулж, экологийн цагдаа болох замыг сонгосон нь өнөөдрийн намайг бүтээжээ" гэсэн юм.
Мөн тэр өнгөрсөн оны аравдугаар сард нэгэн оюутан залуугийн амийг аварсан тухайгаа нулимс дууслуулан хуучлахдаа, "Тэр залуугаас ирсэн талархлын захидлыг уншаад өөр ямар ч шагнал авснаас илүү баярласан. Тэр залуугийн ирээдүйг түүнд үлдээж байгаа нь гайхалтай санагдсан. Жаахан л хоцорсон бол тэр хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй эсвэл амиа алдах байсан гэж захидалдаа бичсэн байсан. Би л өөрийнхөө тухай яриад байгаа болохоос цагдаагийн алба хаагчид өдөр бүр хэн нэгнийг аюулаас холдуулж, амийг нь авардаг. Бид залуу цагдаа учраас иргэд олон нийттэйгээ улам бүр ойр ажиллаж, харилцан ойлголцохыг хүсдэг. Бүх цагдааг муу хүн гэж нийгэм битгий хараасай. Би салбарынхаа бүх алба хаагчдаар бахархаж байна” гэлээ.