Залуус бидний дунд өв соёлоо үл хайхарч, өөр зүйлийг даган дуурайх хандлага байдаг нь үнэн. Тэгвэл бид өв соёл үүх түүхээ умартаж амьдарснаар хэн болж үлдэх талаар Жалам хар монгол морин хуурын музейг үүсгэн байгуулагч, морин хуур урлаач Б.Сүхбаатартай ярилцлаа. Амьдралынхаа бүхий л цаг хугацааг морин хууртай холбож өнгөрүүлсэн тэр ямар зам туулж, юу золиосолж энд хүрсэн талаар мөн ярилцсан юм.
– Морин хуурын музей гэж олон байхгүй байх. Үүнийг нээх болсон зорилгоосоо хуваалцаач?
-Би монголын морин хуурын “Жонон хар” музейг байгуулаад явж байгаа. Музейгээ 14 жилийн өмнөөс л байгуулна гэж бодож байсан юм. Эхэндээ нэг их сүрхий гүн агуулгатай байгаагүй. Яваандаа миний хийж буй ажил үндэсний том дархлаа юм байна гэдгийг ойлгосон.
Миний өвөө надад өв дамжиж ирсэн морин хуур өгч байлаа. “Манай удмаас морин хуураар оролдож байгаа нь чи юм чинь, чамд байх ёстой” гээд л. Тэр хуурыг анх аваад “хуучин юм”-ын үнэ цэн, сайхныг мэдэрч байсан. Түүнийгээ урландаа шүтэж тахиад л байж байсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа “ер нь яагаад хуучин хөгжмийн цуглуулгатай байж болохгүй гэж”, гэж бодоод 20 гаруй цуглуулгатай болж, музейтэй болох суурь тавигдсан.
МОРИН ХУУРААР МАШИНАА СОЛЬЖ БАЙСАН ҮЕ Ч БИЙ…
-Хуучны, эртний зүйлс амар олддоггүй байх. Тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Урт цагааны хуучны эдлэл зардаг хүн дээр их л хуучны сайхан хоёр морин хуур байсан юм. Түүнийг авчих гээд л өдөр бүр очно. 2012 онд гурван сая төгрөг чинь их мөнгө байлаа шүү дээ. Мөнгөгүй гээд авч чаддаггүй. “Мөнгөтэй болно доо, алдчих вий дээ” гээд л байнга очно. Гэтэл нэг өдөр очтол нөгөөх морин хуурыг маань хүн авчихсан байсан. Худалдагч ахаас авсан хүнийх нь дугаарыг аваад ярьтал, нөгөө хүн маань мэдээж үнэ нэмж зарна шүү дээ. Долоон саяар өгнө гэж байгаа юм. Тэр үед бэлэн мөнгөгүй би өөрийнхөө машиныг зараад, дээрээс мөнгө нэмж олоод авч байлаа.
Энэ мэтчилэн бүхий л цуглуулга морин хуураа сонирхолтой түүх бүтээж олж авсан. Үнэ цэн бүтээсэн хэрэг. Хүмүүс “унаж байгаа тэргээрээ морин хуур сольж л байдаг. Тэнэг” гээд л их хэлнэ. Одоо бодоход энэ үйлийн үр байх. Тоон зурхайгаар би нэг өөрийгөө үзэхэд, хуучин юм сэргээх тавилантай хүн гэж гарсан. Нэг л мэдэхэд 400 гаруй үзмэртэй болсон байна.
МИНИЙ ЧАДАЛ ХАА ХҮРНЭ, ТЭР ХҮРТЭЛ ЯВНА
-Урлаг соёлын салбарт, ялангуяа язгуур өв соёлоо тээж амьдрах сайхан ч, олон зүйл золиосолдог юм шиг байгаа юм. Энэ хүртэл явахдаа та амьдралдаа юу золиосолсон бэ?
-Би 20 гаруй жил үүний төлөө зүтгэхдээ залуу насаа зольсон гэж боддог. Найзуудтайгаа тухтай сууж байсан нь арван хуруунд багтахаар цөөхөн дөө. Нөгөөтээгүүр гэр бүлээ ч золиосолсон. Би музей нээхээр гурван удаа оролдлого хийж, гурван удаа унасан байдаг юм. Мэдээж маш их өрөнд орсон. Үүнээс болоод гэр бүл маань салахад хүрсэн гэсэн үг. Нэг хэсэг өөрөө ч орох оронгүй явж байсан үе байгаа. Түрээсийн байранд урлангаа хийдэг. Урлан дээрээ амьдардаг. Үүнийгээ бусад ажилчдадаа хэлэхгүй, нуудаг байлаа. Маш их өрөнд ороод ирэхээр хүний үс цайгаад л явчихдаг юм билээ. Дөнгөж 30 гаруй настай залуу 100 гаруй сая төгрөгийн өртэй байсан. Өдөр бүр л хүмүүс утас цохиж мөнгөө нэхнэ. Тэр шаналлуудаас болоод би цав цагаан толгойтой болсон. Түрээсэлж байсан байрнаасаа ч хөөгдөөд, гудмаар алхаад явж байхад өөрийн мэдэлгүй нулимс бөмбөрөөд явж байсан үеүд зөндөө л байгаа. Тэр үе цаанаасаа шүлэг орж ирж байгаа юм. Нэг ийм шүлэг бий.
Эвшээсэн нум хугардаггүйн адил
Эр хүн байна даа би тэсэлгүй дээ
Тавьсан сум буцдаггүйн адил
Тэнгэрийн хүү байна даа би хүрэлгүй дээ гэж.
Ямар ч байсан намайг нэг зүйл дээрээс харж байгаа гэдэгт итгэдэг. Тийм болохоор би зорьсон зүйлээсээ хэзээ ч ухарч болохгүй. Миний чадал хаана хүрнэ тэр хүртэл би явах ёстой гэж ойлгосон.
МӨН ЧАНАРЫН ЗҮЙЛИЙГ ХЭЗЭЭ Ч МӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВЧ БОЛОХГҮЙ
-Өв соёлоо, үүх түүхээ ярьдаг нэгнийгээ хэнхэг мэтээр хүлээж авдаг хандлага их байгаад байдаг. Танд анзаарагддаг уу?
-Надад энэ үед мэдээж хэцүү л байгаа. Хэн ч сонирхохгүй зүйл хийгээд, үүнээс болж хүмүүст адлагдаад л. Ер нь дэлхий нийтээр арай дэндүү “ухаалаг” болчихлоо шүү дээ. Ингэж явсаар буцаад хуучин ахуйгаа сонирхох, түүнд мөнгө зардаг болж эхлэх үед миний хийж буй зүйлийн мөн чанар гарч ирэх байх гэж боддог. Нэг хэсэг нь өв соёл ярихаар дооёолоод байдаг. Элэрсэн, баларсан, хэрэггүй зүйл гэж ойлгодог. Мөн чанарын ийм зүйлийг хэзээ ч мөнгөөр худалдаж авч болохгүй. Хийж зүйлээ углуургаас нь ойлгоогүй л бол их богино настай байна. Бид өв соёлоосоо, гоо зүй, ёс зүй, сэтгэл зүйн боловсрол гээд эрж хайгаад байгаа бүхнээ олох боломжтой. Энэ бүхэн өв соёлд шингээтэй байхад, нэг их академик зүйл ярьж, тойроод л яваад байна.
-Залуус бид өв соёлоо ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй явсаар байвал эцэстээ хэн болох вэ?
-Өв соёл гэхээр, өв гэдэг нь өвөг дээдэстэй холбогдож байна. Дээдэс гэж юу гэхээр дээд эс гэсэн утгатай үг. Бидний өвөг дээдсийн хамгийн гайхалтай зүйлс нь бидэнд тийм их барилга байшин үлдээдэггүй юм. Зөвхөн өв соёлоороо дамжуулж эд эс оюун санааны зүйлийг л үлдээдэг. Тэр нь агуу том баялаг. Гэтэл өнөөдөр бид аав ээжээсээ арван давхар байшин авахыг хүсэж, шунаж, бараг галзуурч байна шүү дээ. Бидний өвөг дээдэс бол жижигхэн хөөрөг, морин хуур зэрэг үнэт язгуур соёлоор дамжуулж өөрийнхөө энерги, генээ үлдээж байсан юм. Тэгэхээр өв соёл, үнэт зүйлээ үгүйсгэнэ гэдэг өөрийнхөө нүүр лүү нулимж байгаа гэсэн үг.
-Ингэхэд морин хуур урлах сайхан уу?
-Сайхан байлгүй яах вэ. Би бодохдоо, морин хуур урлаач хүнд баримталдаг зарчим гэж байх ёстой. Урд нь үүнийг мэдэхгүй, алдаж оносон зүйл зөндөө байгаа. Одоо бол уурласан, гунигласан, сэтгэл бүрхэг байгаа үедээ морин хуур урладаггүй. Олон зүйл хийж, үүнийхээ мөн чанарыг олоод ирэхээр арай өөр ойлголттой болж байгаа нь тэр байх. Шавь нартаа ч хэлдэг юм. Хүнд бурхан бүтээж өгч байгаа юм шүү гээд. Тийм учраас аль болох сэтгэл түвшин байх хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.