УБТЗ-ын зүгээс хойт, урд хилийн боомтоор галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх замаар хилийн боомтын үйл ажиллагааг идэвхжүүлж, Монгол Улсын экспорт,импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг өсгөхөд онцгой анхаарч байна. Нэн ялангуяа манай экспорт, импортын тээврийн гол гарц-Замын-Үүд-Эрээн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх асуудлаар Хятадын талтай идэвхтэй ярилцаж тодорхой үр дүнд хүрээд байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард болж өнгөрсөн хөрш орнуудын хилийн төмөр замуудын зөвлөгөөнөөр Замын-Үүд – Эрээн боомтоор Хятадын талтай хоногт өргөн царигаар 15 галт тэрэг, нарийн царигаар 8 галт тэрэг солилцож байхаар тохиролцсон нь Монгол Улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал алхам боллоо. Энэхүү тохиролцоонд хүрэхээс өмнө Замын-Үүд-Эрээн өртөөгөөр Хятадын талтай хоног тутам өргөн царигаар 14 галт тэрэг, нарийн царигаар 6 галт тэрэг солилцож байсан юм.
Мөн өргөн царигаар солилцох 15 галт тэрэгний 2 нь урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг байхаар тохирсон нь экспортод гарч байгаа ачааны хэмжээ улам нэмэгдэнэ гэсэн үг юм. Галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх талаарх дээрх шийдвэрийн үр дүнд Замын-Үүд – Эрээн өртөөгөөр хоногт өргөн царигаар 15 галт тэрэг тогтмол солилцож байгаа нь төмөр замын тээврийн хэмжээ эрчимтэй нэмэгдэхэд нөлөөлж байна.
2023 онд Монголоос Хятад руу 11,7 сая тонн, Хятадаас Монгол руу 1,4 сая тонн, Монголоос Орос руу 315.2 мянган тонн, Оросоос Монгол руу 2,5 сая тонн, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросоос Хятад руу 3,5 сая тонн, Хятадаас Орос руу 1,5 сая тонн буюу нийт 21 сая тонн экспорт, импортын болон дамжин өнгөрөх ачаа тээвэрлэхээр хөрш орнуудын төмөр замуудтай тохиролцсон.Энэ нь өнгөрсөн оны төлөвлөгөөтэй харьцуулбал 5.1 сая тонн буюу 31.9 хувиар ачаа тээврийн хэмжээ нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн оны гүйцэтгэлээр УБТЗ-аар экспортын 8.6 сая тонн, импортын 4.1 сая тонн, транзит 3.1 сая тонн буюу нийт 16 сая тонн гадаад худалдааны ачаа тээвэрлэжээ.
Дашрамд дурдахад манай улсын гадаад валютын албан нөөц гуравдугаар сарын эцсийн байдлаар 3.43 тэрбум ам.доллар болсныг Монгол банк мэдээлсэн. Энэ нь өмнөх сараас 1.3 хувиар, оны эхэн үеэс 1.1 хувиар, 2022 оны мөн үетэй харьцуулахад 3.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Валютын нөөц нэмэгдэхэд хилийн боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлснийг ЭЗХЯ мэдээлсэн билээ.