“Эх орныхоо төлөө өрсөлдөх, шигшээ багт тоглох тамирчин хүнд юу юунаас илүү чухал, үнэ цэнтэй” хэмээн бахархан, бахдан өгүүлж буй түүнийг Гантогтохын Хандсүрэн гэдэг. 26 настай тэрбээр найман жилийн дараа шигшээ багтаа дахин дуудагдан, Монгол Улсынхаа нэрийн өмнөөс өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна.
Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх аваргын ач, улсын гарьд Б.Гантогтохын охин Г.Хандсүрэн Монголын волейболын спортын түүхэнд хэд хэдэн анхдагч амжилтын эзэн.
Тэрбээр Японы дээд лигт Монголоос анх удаа тоглон, анхны жимийг нь гаргасан анхдагч.
Дараа нь буюу 2021-2022 оны улиралд Тайванийн дээд лигийн “King Whale” багт тоглоод мөнгөн медаль авсан. Мөн тухайн багийнхныхаа хамт Филиппинийн премьер лигт өрсөлдөхдөө дэд аварга болж, монгол тоглогч хэр авьяастай, ур чадвартайг харуулсан юм. Эдгээр амжилт нь Монголын волейболчдоос мөн анхных.
Багийн спортын төрлөөр монгол тамирчин гадаадын лигт өндөр амжилт гаргах, легионер тоглогч болох боломжтойг амжилт, ур чадвараараа хамгийн сайн харуулж, үлгэрлэж яваа шилдгүүдийн нэг нь тэр яах аргагүй мөн. Түүний гаргасан жимээр Т.Хангал, Б.Батсуурь нарын цөөнгүй тоглогч алхан, гадаадын лигт тоглоод байгаа билээ.
Спортын ярилцлагын “Ялагч” нэвтрүүлэг 13 дахь дугаартаа Г.Хандсүрэнг онцоллоо.
-“Ялагч” нэвтрүүлгийн маань урилгыг хүлээж авсанд баярлалаа. Танд энэ өдрийн мэнд хүргэе.
-Баярлалаа. Тантай хоёр дахь удаагаа ярилцаж байгаадаа баяртай, таатай байна. Уулзаагүй удсан байна.
-Хоёулаа хамгийн сүүлд Бүх ард түмний наадмын үеэр уулзсан.
-Тэгсэн.
-Тэр үеэр өгсөн ярилцлагыг нь 900 мянга гаруй хүн үзээд байгаа. Удахгүй сая хандалт авах гэж байна лээ.
-Тийм үү. Ямар гоё юм бэ.
-Монголын волейболын эмэгтэй шигшээ багийнхан таван жилийн дараа олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Энэ олон жилийн дараа тэмцээнд оролцох гэж буй сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Сэтгэгдэл их өндөр байна. Өндөр хүлээлттэй байгаа. Таван жилийн дараа шигшээ багаараа олон улсын тэмцээнд оролцох гэж байгаа болохоор баяртай байна. Би 2015 онд шигшээ багт анх дуудагдаж байлаа. Тухайн үед хүүхэд байсан. Их догдолж, сандарч билээ.
2015 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд өөрийгөө нэлээд хөгжүүлэх гэж хичээлээ. Хувь хүн, тамирчин аль, аль талаас нь. Сурсан мэдсэнээ шигшээ багтаа гаргаад, амжилт л гаргахыг хүсэж байна. Амжилт л бодогддог юм байна.
Манай багийг ОУХМ Б.Хэрлэн, Л.Нарантуяа хоёр багш маань дасгалжуулж байгаа. Туслах дасгалжуулагчаар нь Н.Чулуундаваа ах маань. Дасгалжуулагчдаасаа их зүйл сурч буйдаа баяртай байна.
Удахгүй өсөж, дэвших гэж буй их ирээдүйтэй баг бүрдчихсэн байна. Их гэгээлэг, хөгжил, дэвшил харагдаж байгаа. Үүнд нь аль болох хүч, дэм болчих юм сан, сурсан, мэдсэнээ хуваалцахыг хүсэж байна.
-Хандаа найман жилийн дараа шигшээ багт дуудагдлаа. 2015 онд дуудагдсан Хандаа, одоогийн Хандаагийн хувьд цаг хугацаа, ур чадвараас авхуулаад ялгаатай олон зүйл байгаа нь мэдээж. Хамгийн их өөрчлөгдсөн зүйл, ахиц, дэвшилээ гэвэл та юугаа онцлох вэ?
-Үс маань байна (инээв). Би юм л бол маазрах гээд байдаг юм. Хөгжилтэй байх дуртай болохоор (инээв). Ер нь хувь хүн талаасаа маш их өөрчлөгдсөн. Жишээлбэл, хүнтэй харилцах харилцааны тал дээр.
Энэ спортоо харах өнцөг мөн өөрчлөгдсөн. Спортоороо дамжуулаад нийгэмд сайн сайхныг түгээх, хүүхдүүдэд урам зориг өгөхийг бүр их хүсдэг болсон. Сэтгэл дотор нь байгаа жижигхэн дөлийг нь бадамлуулаад, гал болгочих юм сан гэсэн хүсэл яалт ч үгүй сэтгэлийн гүнд байдаг болчихдог юм байна.
-Шигшээ баг багтсаных нь дараа БНСУ-аас танд санал ирсэн гэж дуулсан. Үнэн үү?
-Үнээн. БНСУ-ын лигээс драфтад шалгуулах санал сая надад ирсэн. Би татгалзсан. Яагаад гэвэл, Монгол Улсын шигшээ баг таван жилийн дараа олон улсын тэмцээнд оролцох гэж байна. Маш чухал тэмцээнүүд биднийг хүлээж байгаа. Спорт залуу насных. Ийм чухал хариуцлагатай тэмцээнд оролцохыг, эх орныхоо төлөө шигшээ багтаа зүтгэхийг би хүсэж байна. Тиймээс надад санал тавьсан гадаадын агентад “Уучлаарай” гэсэн хариу өгчихөөд, шигшээ багтаа төвлөрчихсөн байна.
-Тэгэхээр та хувийн амжилтаас илүү шигшээгийнхээ, Монгол Улсынхаа амжилтыг чухалчилж.
-Тэгсэн. Би эх орондоо хайртай. Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг. Эх орныхоо төлөө өрсөлдөх, шигшээ багтаа тоглох тамирчин хүнд үнэхээр чухал, үнэ цэнтэй. Шигшээ баг бүрдэн, таван жилийн олон улсын тэмцээнд оролцоход нь хувь нэмрээ оруулахыг, эх орныхоо төлөө дахиад хүчин зүтгэхийг юу юунаас илүү хүсэж байна.
-Та Монгол түмний бахархал болсон Х.Баянмөнх аваргын ач, Б.Гантогтох гарьдын охин. Энэ сайхан өвөө, аав, гэр бүл нь өнөөгийн Г.Хандсүрэнг бий болоход, тамирчин, хувь хүний хувьд ингэж төлөвшиж, хүмүүжихэд нь хэрхэн нөлөөлсөн бэ?
-Миний амьдралыг чиглүүлж, зурж өгч, өнгөлж, унахад минь түшиж яваа хүмүүс бол гэр бүл минь. Хамгийн эрхэм, нандин хүмүүсээ гомдоохгүй, тэднийхээ хайр, хүндлэлийг хүлээж, дааж явах үнэхээр чухал.
Би заримдаа аавыгаа ичээдэг. Утсаар ярихдаа “За баяртай аав аа. Хайртай шүү” гэнгүүт өөдөөс “За” гэдэг байхгүй юу. “Хүүе ээ, та охиндоо хайртай гэж хэлээч ээ” гэхээр “Заа” гэдэг. “Та хайртай шүү гээд хэл л дээ” гэхээр аав өөдөөс шоолоод “За, аав нь охиндоо хайртай шүү” гэдэг. Иймэрхүү харилцааг үүсгэхийг хичээж, зорьдог л доо.
Х.Баянмөнх аваргын ач, гарьдын охин гээд хэлэгдэж байгаа ч бусадтай “Хөөе, хөөе, чи” гэж харилцаж, хандаж хэзээ ч болохгүй гэж захьдаг. “Чиний гаргасан амжилт, хөдөлмөр, цаашид гаргах амжилт, чамайг хүндлэх хүмүүсийг доромжилж буй нэг зүйл” гэдэг. Өнөөдрийн Хандсүрэнгийн цээжинд энэ захиас нь үргэлж явдаг.
Шигшээ багт 20 тамирчин дуудагдсан. Тэднээс гараанд гарах нь хэд билээ. Гараанд гарахгүй нь хэд билээ. Бид адилхан бэлтгэл хийж, хичээл, ном, хоол ундаа зохицуулаад явж байгаа. “Би гарааны тамирчин. Би гадаадын лигт тоглодог. Чи юу юм бэ” гэж хэзээ ч болохгүй. Үүнийг би их эрхэмлэж, хамтрагчдаа, багийнхныгаа хүндэлж явдаг.
-Хүн бүхэн “Б.Гантогтох гарьдын охин юм чинь мундаг байх. Б.Гантогтох гарьдын охин оролцож байна” гээд онцгойлж хараад, амжилт хүлээхээр ямар байдаг вэ. “Тийм мундаг хүний охин юм чинь мундаг л байх” гэсэн хүлээлттэй байхаар танд заримдаа дарамт болдог уу. Сэтгэл зүйн хувьд ч юм уу?
– Багадаа тиймэрхүү зүйл мэдэрдэг байсан. Тэмцээнд оролцоход хүн бүхэн л “Аваргын ач, гарьдын охин байна” гээд харна, амжилт хүлээнэ. Одоо бүр дачихсаан. Олонх хүн намайг хараад “Яг өвөө, аав байна шүү дээ. Адилхан юм аа” гэдэг.
Намайг жаахан байхаас “Гурав дахь үе” гэж өхөөрддөг байлаа. Тэр үеэс“Би сайн байх ёстой юм байна” гэдэг мэдрэмж их авдаг байлаа. Одоо эргээд бодоход тэр бүхэн миний хүч болсон, одоо ч үргэлж хурцалдаг.
Би өөрийгөө гурав дахь үеийн тамирчин гэж боддог. Шударга л хэлье. Буурал аав, аав минь тамирчин. Би өөрөө тамирчин. Өнөөдөр би танд ингээд ярилцлага өгөөд “Монголын анхны легионер тамирчин” гээд, тодорхой хэмжээний хүндлэл хүлээгээд сууж байна.
-Японд очсоноор та өөрийгөө улам хөгжүүлсэн. Волейболоор мэргэжлийн түвшинд тоглохын эхлэл нь тэр байсан. Тэд таныг онцолж, лигийнхээ тамирчин болгоход хамгийн их нөлөөлсөн зүйл юу вэ?
-Тоглолтын ур чадвар, хэв маяг маань бусдаас өөр, өвөрмөц гэж хүмүүс надад их хэлдэг. Өөр техниктэй гэж хэлдэг хүн олон. Тэр нь магадгүй Японы лигт өрсөлдөхөд, дээшээ тоглоход нөлөөлсөн байх.
Волейболын спорт аль хэдийнэ хөгжчихсөн, олон улсад амжилт гаргачихсан Азидаа нэгт, дэлхийд шилдэг тавд багтчихсан оронд оронд очоод соёлын шоконд орж билээ. Бүх зүйл нь соёлын шок. “Өлсгөлөн бай” гэж хэлүүлэлтгүй сурч, мэдэх сэн гээд шууд өлсчихдөг юм байна лээ. “Ийм юм сураад авах сан, эд нар ингэдэг юм байна” гээд сурах бүр их хүсэл, тэмүүлэлтэй болсон.
Миний хувьд маш том боломж атгаад тэнд очсон. 100 хувийн тэтгэлэг авч, Япон руу явсан. Гурван жил сурсны үндсэнд гурван дээд сургуулиас дахиад “top athlete” урилга авсан. “Top athlete” урилга гэдэг нь миний халааснаас нэг ч төгрөг гарахгүй, би волейболоо тоглоод, тамирчнаа хийхэд л хангалттай. Тийм түвшний тэтгэлэг.
-Та Японы дээд лигт тоглосон Монголын анхны волейболчин. Тус улсын дээд лигт тоглох боломж, гарцыг хэрхэн олсон бэ?
-Японд хаалттай сонгон шалгаруулалтууд болдог. Тамирчдаа драфталдаг. Нэг онцлог нь, олон клубээс санал аваад би өөрөө сонгох боломжтой. Тэр үед би дөрвөн багаас урилга авсан. Тухайн үед надад төрсөн мэдрэмж, “Энэ клуб л яг юм байна даа” гэсэн нь “Брийт Хамамацү” баг байсан. V лигт гадаад, дотоодын тамирчид нийлээд 300 волейболчин байдаг. 300 тамирчнаас легионер буюу гадаад иргэншилтэй тамирчин нь 10 хуруун дотор бий. Хоёрдугаар дивизионд тэр улиралд тоглосон ганцхан легионер нь би.
Өөрөөрөө тодорхой хэмжээнд бахархаж байгаа. Монголын волейболын анхны легионер тамирчин гэдэг нэрийг гаргалаа. Өнгөрсөн жил МҮОХ-ноос батламжийг маань албан ёсоор олгосон.
Түүхэн амжилтын эзэн боллоо, Монголд оролцсон тэмцээнүүддээ бүгдэд нь финалдлаа. Оролцсон бүх гадаадын лигүүддээ финалдлаа. Цомтой, медальтай боллоо. Чамлахааргүй амжилт гэж бодож байгаа.
-Бахдам амжилт мөн байлгүй яах вэ. “Иргэншлээ солиод, манай улсын тамирчин болооч” гэдэг санал хэр олон ирээд байгаа вэ?
-Яг ийм санал дөрвөн удаа ирсэн. “Иргэншлээ солиод, Японы шигшээ багт тоглооч” гэдэг санал хоёр удаа. Нөгөө хоёр нь Японы нэгдүгээр дивионы багаас.
Тантай өмнө нь энэ талаар ярилцаж байсан. “Би Монгол Улсын шигшээ багтаа тоглоно. Би Монгол Улсын иргэншлээ юугаар ч солихгүй” гээд. Мэдээж иргэншлээ солиод, тухайн улсын нэр дээр тоглохын цаана асар их мөнгө, амьдралын баталгаа яригдаж байгаа. Залуу нас, карьер маань яригдаж байгаа.
-Ер нь иргэншлийн талаар гэр бүлийнхэнтэйгээ ярилцахад аав, ээж нь юу гэдэг вэ?
-Эхлээд би өөрөө боддог. “Яах вэ” гээд. Дараа аав, ээжтэйгээ ярилцаж, зөвлөлддөг. “Судсаар урсаж буй цус чинь Монгол нь үнэн. Ээж, аавын охин нь үнэн. Тиймээс хэрвээ үнэхээр иргэншлээ сольмоор байвал аав, ээж нь дэмжинэ” гэсэн. Буурал ааваас энэ талаар асууж зүрхлээгүй.
-Өнгөрсөн жил Тайванийн дээд лигт Монголоос анх удаа тоглоод мөнгөн медаль авсан. Тус улсад тоглох боломж хэрхэн олдов. Тэдний саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Тэр их гоё юм болсон. Анх Тайванийн шигшээ баг Японд ирсэн юм. Арван хэдэн онд билээ байз. Тэр үеэр шигшээ багийн холбогчтой нь би найз болсон байхгүй юу. Тайванийн тэр холбогч охин намайг нүдэлчихсэн байсан юм билээ. Оюутан байхад Тайвань, Филиппинийн супер лиг, топ лигээс надад санал ирсэн юм. Тухайн үед би гуравдугаар курс сурч байлаа. “Top atlethe” гэж уригдаж орчхоод өөр улс руу явбал сургуульд маань таатай санагдахгүй. Тиймээс би татгалзсан. Тухайн үед тийм зүйл болоод өнгөрч байв.
Японы V лигт легионер тамирчнаар тоглосон. “Монгол тамирчин Гантогтох Хандсүрэн” гээд ороод ирэнгүүт найз маань надтай холбоо барьсан. “Манай дасгалжуулагч чиний тоглолтыг сонирхож байна. Чамтай холбогдохыг хүсэж байна. Чамайг холбовол зүгээр үү” гэсэн. Надад итгэмээргүй санал байсан, яг үнэндээ. “Айн” гээд. Тэгээд Тайванийн дасгалжуулагчтай холбоо барьсан. Тэд миний бүх саналыг зөвшөөрсөн.
-Г.Хандсүрэнгийн тоглолтын онцлогийн талаар тэд ямар үнэлэлт, дүгнэлттэй байна вэ?
-Ер нь маш сайнаар хүлээж авч байсан. Японд ч тэр. Тайвань, Филиппинд ч мөн адил. Филиппиний лигт би Тайванийнхаа клубээс тоглосон, легионер тамирчнаар.
Шууд дамжуулалтын үеэр намайг “Japanese Mongolian atlethe”гэдэг байсан. “Japanese Mongolian Hanna” гэдэг байсан. Хандсүрэн гээд хэлэхэд хэцүү байсан юм байна л даа. Бүтэн, зөв хэлж чадахгүй. Тэд харилцааны өндөр соёлтой юм билээ. “Nickname өгч болох уу. Хэн гэж дууддаг вэ” гэхээр нь “Хандаа” гэсэн чинь аягүй эвгүй хэлээд. “Хэна” гээд дуудаж болох уу гээд. Тэгээд би Тайваньд “Хэна” гэдэг нэртэй болсон. Сонирхолтой нь, Японд намайг “Панда” гэдэг байлаа.
Би өнгөрсөн жил оролцсон бүх тэмцээндээ финалдан, мөнгөн медаль авсан. Тэгсэн чинь надад “Silver Хандаа” гэдэг нэр өгчихсөн. Тэр бодогдож байна. Тайваний дээд лигт амжилт гаргасан маань Монгол Улсад анхных гэдгээрээ онцлог. Нэг бус хоёр удаа гадаадын лигээс медаль хүртлээ.
-Гэрээгээ дуусгаад Монголдоо тоглохоор шийдэхэд нь юу хамгийн их нөлөөлсөн бэ?
-Миний хувьд маш хариуцлагатай, чухал шийдвэр байсан. Учир нь энэ жил ийм амжилт гаргасан, тэдэн оноо дунджилсан, тэдэн үе гараанд тоглосон гээд “Volleybox.net” дээр тамирчдын амжилтыг бүртгэдэг. Тэрэн дээр “Монголд тоглосон” гээд ороод ирэнгүүт манай лиг хоёр сар үргэлжилдэг. Аягүй олон хүчин зүйл гарч ирж байгаа. Дараа, дараагийн гадагшаа тоглоход.
Клубийн маань эзэн “Хандаа, энэ чиний нэг улиралд тоглох цалин биш ээ. Өнөөдөр өөрийгөө бий болгохын тулд хичээллэсэн, хөдөлмөрлөсөн 10 жилийг чинь үнэлж байгаа үнэлэмж юм шүү” гэсэн. Ямар гоё үнэлэмж вэ. Их том үнэлэл, хүндлэл. Тэр бол “Аан, за би Монголд тоглоё” гэдэг шийдвэрт хүргэсэн байхгүй юу.
Би эх орондоо тоглохыг хүсэж байна. Спортын карьертаа хамт миний амьдрал үргэлжилж байгаа. Би эмэгтэй хүн. Найзууддаа найз нь, ээж, аавдаа охин нь, дүүдээ эгч нь, ахдаа дүү нь. Тийм хүн шүү дээ. Буурал аав минь нутагтаа, Увс аймагт хөшөөгөө босгоход би нээлтэд нь очиж чадаагүй. Японд волейбол тоглож байсан. Энэ мэт амьдралынхаа үнэ цэнтэй мөчүүдэд гэр бүлийнхэнтэйгээ, эрхэм нандин хүмүүстэйгээ хамт байж чадаагүй нэг чухал зүйл байгаа байхгүй юу. Тэр хүчин зүйлүүд нөлөөлсөн. Түүнээс биш миний карьер дуусаагүй. Яг үнэндээ болих хамгийн амархан зүйл. Би хүн болгонд үүнийг их хэлдэг, зөвлөдөг.
-Ямар үгэнд хамгийн дуртай вэ?
-Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэг үгэнд их дуртай.
-Найз залуутай бил үү?
-Байхгүй ээ. “Краш байгаа юу” гэсэн чинь “Байгаа, байхгүй” гээд манай Ган-Эрдэнэ хэлдэг шиг. Байхгүй, байгаа гээд.
-Тэр ёстой хөгжилтэй бичлэг, тийм ээ?
-Би тэрийг дандаа үзэж инээдэг. Үнэхээр хөгжилтэй.
-Хүмүүс “Аваргын удам, гарьдын охиныг мундаг бөхтэй суулгаад, бөх хүүхэдтэй болох сон” гэдэг тиймэрхүү хандлага хэр их гаргадаг вэ?
-“Ахын дүү бөхийн мундаг удамтай юм чинь аятайхан л бөхтэй сууна шүү” гэх байдлаар хүмүүс над руу их чат бичдэг. Огт танихгүй ах чатаар шууд ороод ирдэг. Би дотроо нэг ийм дүгнэлтэд хүрчихээд байгаа юм. Хошин дүгнэлт л дээ. Би ерөөсөө нэг бол бөх төрүүлэх юм байна. Нэг бол волейболчин төрүүлэх юм байна. Эсвэл би өөрөө бөх болох юм байна. Ерөөсөө л ийм хэдэн сонголтон дунд амьдарч байгаа юм байна (инээв).
-Өнгөрсөн жилийн наадмын дараа хүмүүс хошин байдлаар сошиал дээр “Гарьдын охиныг Б.Орхонбаяртай суулгачихвал ёстой мундаг бөх төрнө” гээд бичсэн. Хүмүүс тиймэрхүү зүйл бичихээр эвгүй санаддаг уу. Зүгээр тоохгүй орхичихдог уу?
-Надад дархлаа суучихсан байна лээ. Сошиалд шүүлтүүртэй хандаад сурчихсан. Хэрвээ намайг мэддэг хүмүүс үзэж байвал, би хошин, хөгжилтэй байх, алиалах их дуртай. Хүмүүсийн яриагаар бол бид хоёр гэрлэсэн, гурван хүүхэдтэй. Хүмүүс шууд гэрлүүлээд, “Та хоёр ингээд суу. Та хоёрын дундаас л янзын хүүхэд төрнө. Амьд яваа утга учир чинь энэ” гэдэг. Хоол холдчихсон, ааштай үед тиймэрхүү юм бичвэл уур хүрнэ. Заримдаа хөгжилтэй байдлаар өнгөрөөчихдэг. Яах вэ дээ, Б.Орхонбаяр бид хоёр амьдрал дээр контактлаад, харилцаад байгаа юм байхгүй. Тиймээс хүмүүс тэгж ярьж л байг. Бид хоёрт ямар гэм хор болсон биш. Сошиалын л пост, коммент шүү дээ.
-Монголдоо волейболын спортоо хөгжүүлээд, тамирчны карьераа үргэлжлүүлээд явъя гэж бодож байна уу. Шигшээдээ нэг, хоёр жил тоглочхоод дахиад гадаадын лиг рүү явах төлөвлөгөө байгаа юу?
-Тамирчин явна гэдэг чинь… Бүх амьдралыг 1-10 хүртэл үргэлжилдэг гэж бодъё. Тэгвэл тамирчны үе амьдралын гурав юм уу 4, 5 дээр байдаг агшин. Тэгэхээр үүнийг бүрэн бүтэн мэдрээд өнгөрөх хэрэгтэй юм байна гэж боддог байлаа. Тэгсэн чинь үгүй юм байна. Түрүүн би хэлсэн, миний амьдрал, залуу нас явж байгаа гээд. Давхар би амьдралаа бодох хэрэгтэй. Яваандаа би үр хүүхэдтэй, гэр бүлтэй болно.
Амьдралд аягүй олон сонирхолтой зүйлүүд гарч ирж байгаа юм л даа. Тэгж бодсоны үндсэн дээр “Зөвхөн карьераа хөөлгүй мэргэжлээрээ ажиллах хэрэгтэй юм байна. Инфльюсер хийж болох юм байна” гэж бодсон.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Спортын ярилцлагын “Ялагч” нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт оролцсонд баярлалаа.
Баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан танд, хамт олонд нь маш их баярлалаа. Тухтай сайхан ярилцлаа. Аль болох энгийн, өргөн хүрээтэй, дурсамжаа хуваалцсан, сонирхолтой байдлаар ярихыг хичээлээ.