“Эрэгтэй хүн сээр цохиход ямар хэцүү билээ. Эмэгтэй хүн ийм айхтар шалгаж, хуга цохино гэж бас байдаг аа. Лут юм” гэж гайхах мөн “Сээр шалгахыг ядаж эрчүүдэд үлдээ” гээд хошигнох хүн цөөнгүй. Эрчүүдээс дутахгүй сээр шалгаж, Монголдоо төдийгүй олон улсын тэмцээнд амжилт гаргаж яваа бүсгүйчүүд цөөнгүй. Тэдний төлөөлөл болгон Гансүхийн Сүгжэдзүмүүн, Пүрэвсүрэнгийн Баасанжаргал нартай ярилцлаа.
Г.Сүгжэдзүмүүн Монголдоо сээр шалгах төрлийг хөгжүүлэх, эмэгтэй шилдэг тамирчид бэлтгэхийн тулд “Эзэнгоо” клубийг үүсгэн байгуулжээ. Мөн тэрбээр сээр шалгах төрлөөр хичээллэдэг, Монгол Улсын анхны эмэгтэй аварга. Харин П.Баасанжаргал сээр шалгах төрлөөр хичээллэж буй охидын төлөөлөл. Тэрбээр хамгийн сүүлд л гэхэд Тувад болсон “Алтан мундаргатан” олон улсын тэмцээнд, орон, орны шилдгүүдтэй өрсөлдөөд VI байрт шалгарсан юм.
Г.Сүгжэдзүмүүн “Манай нөхөр сээр шалгах төрлөөр хичээллэдэг. Нөхрөө тэмцээнд оролцохыг хараад, бичлэгийг нь хийж гүйсээр байгаад сээр шалгах дуртай болсон, сонирхсон. Сээр хугарах чимээ, амжилттай шалгах мэдрэмж хамгийн гоё.
Би энэ төрлийн Монголын анхны эмэгтэй аварга. Үүний сацуу хоёр тэмцээний хүрэл медальтай. Сээр шалгах төрлөөр анх хичээллэхэд хүмүүс “Эмэгтэй хүн хүчрэх үү. Бэртэх вий дээ. Яаж ийм жижигхэн гараар сээр цохьдог юм бэ” гэж гайхдаг байсан.
Эмзэглэм, таагүй үг хэлэх хүн ч цөөнгүй байлаа. Одоо эмзэглэхээ байсан. Сээр шалгах Монголын хамгийн том тэмцээн болох “Алтан бүс” болсон юм. Тус тэмцээнд Буриадаас эмэгтэй тамирчид оролцсон юм. Тэгэхэд “Монголд яагаад эмэгтэй тамирчид бэлтгэж болохгүй гэж. Клубтэй болоод тамирчдаа бэлдэн, том тэмцээнд оролцуулах хэрэгтэй юм байна. Буриадууд амжилт гаргаад байхад бид яагаад чадахгүй гэж” хэмээх бодол надад төрсөн. Тэгээд эмэгтэй тамирчдаа цуглуулан, бэлдэж байгаа.
“Эмэгтэй хүн бүх ясаа салгаж төрдөг. Тиймээс яс хугалж болдоггүй” гэсэн яриа байдаг. Надад нөлөөлөхгүй байх гэж боддог. Нөгөө талаар сээр шалгахыг сонирхдог, хоббигоо болгочихсон учраас эцсийг нь үзнэ гэж бодож байна. Сээр, яс хугалж гэрийн хар муу энергийг гаргадаг уламжлал Монголд байсан.
Тэмцээн хэдэн үе үргэлжлэх нь оролцогчдоос шалтгаалдаг. Эхлээд нэг сээр цохино. Сээрээ амжилттай шалгавал дараагийн шатанд орно. Шалгаж чадахгүй бол шууд хасагдах дүрэмтэй.
Сээр анх шалгаж буй хүмүүс гараа ороох хэрэгтэй. Дуу нь хаана байгааг сээрээ тогшоод мэддэг. Сээрний аль ч талд нь дуу байж болно. Тэр талд нь цохих хэрэгтэй. Тэгээд техникээ зөв сурах чухал. Гарынхаа зөөлөн махаар цохих ёстой.
Би саяны “Алтан мундарга” тэмцээнд явж чадаагүй. Дараа жил “Алтан мундарга”-д оролцон, аварга болох зорилготой байна” гэлээ.
П.Баасанжаргал “Сээр шалгаад яг долоон сар болж байна. Манай хоёр ах хоёулаа сээр цохьдог. Бэлтгэл хийж байхад нь үхрийн жижигхэн сээр цохьсон. Эхний удаа цохихдоо алдсан. Хоёр дахиа цохиод хугалж байсан. Тэр үеэс хойш сээр шалгах төрөлд татагдан, хичээллэж байгаа.
Больё гэх бодол огт төрдөггүй. Амтанд нь орчихсон. Анх сээр цохиж эхлэхэд хүмүүс гайхдаг байсан. “Яасан их зоригтой юм бэ” гээд.
Би “Эзэнгоо” клубийнхээ анхны тэмцээнээс мөнгөн медаль авсан, “Эвт нударга” тэмцээний хүрэл медальтай. “Их бүрэн” тэмцээний мөн хүрэл медальтай. “Эзэн” клубийн нэрэмжит тэмцээний мөнгөн медальтай. Сая Буриад улс руу яваад “Алтан мундарга” тэмцээнд VI байрт орсон.
“Эмэгтэй хүн төрдөг учраас сээр хугалж болдоггүй, “Эмэгтэй хүн байж” гэх шүүмжлэл багагүй ирдэг. Үүнд анхнаасаа эмзэглээгүй. Одоо ч эмзэглэдэггүй. Би энэ спортод дуртай болохоор хүмүүсийн шүүмжлэлд ач холбогдол өгдөггүй.
Ямар ч сээрийг басах юм бол хугарахгүй, миний л бодол. Одоо долоо хоног бүр тэмцээн болдог. Гадуур сээр зардаг хүн зөндөө. Сарлаг, монгол үхрийн сээр 1500 төгрөг. Тэмээний сээр 2000 төгрөгийн үнэтэй.
Зарим хүн “Чи чадахгүй дээ” гэх мэт эмзэглүүлсэн үг хэлэхэд заримдаа “Больдог ч юм уу” гэж шантрах үе олон байсан. Одоо бол эцсийг нь хүртэл явахыг зорьж байна. Сая “Алтан мундарга”-д VI байрт ороод ирсэн. Дараа жил аварга болоод ирнэ гэсэн зорилготой байна” гэв.