“Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт бүжиг дэглээч, урлаг судлалын ухааны доктор М.Мөнгөнцэцэгийг урьж, ярилцлаа. Түүний хувьд тасралтгүй 44 жил бүжиглэж, өв соёл, уламжлалаа олон улсад түгээн дэлгэрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэгэн билээ. Бид түүний бүжгээр амьсгалсан 44 жилийн түүх, гэр бүлийн нандин харилцаа, түүний амжилт, ажил амьдралын зарчмын талаар ярилцсан юм.
Мөнхбадрахын Мөнгөнцэцэг одоо СУИС-д бүжгийн ахлах багш, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дэргэдэх “Соёмбо” чуулгын бүжгийн багшаар ажилладаг. Мөн тэрээр ЮНЕСКО-ийн дэргэдэх Дэлхийн бүжгийн зөвлөлийн гишүүн юм. Түүний хувьд 2008 онд “Хадны сүг зураг дахь бүжиг дүрсэлгээ” сэдэвт судалгаагаар магистрын зэрэг, 2021 онд “Хадны зураг, тамганы дүрсээс монгол бүжгийн хөдөлгөөн, нэршлийн гаргалгаа” сэдэвт бүтээлээр Урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан аж.
“УС УУХ ХУВЬТАЙ ХҮН ДЭЭ” ГЭЖ ӨӨРӨӨРӨӨ БАХАРХДАГ
М.Мөнгөнцэцэг гурван настайдаа дөрвөн давхар байшингаас унаж, найдваргүй гэсэн оноштой байсан ч ховорхон хувь тохиолоор амьд гарсан тухайгаа хуваалцсан юм. Тэрээр “Би гурван настайдаа 120 мянгатын дөрвөн давхраас унаж байсан гэж аав, ээж маань хэлж билээ. Зуны халуунд наадмын үеэр цонх онгорхой байсан. Гурван настай хүүхэд дүүтэйгээ хүүхэлдэйгээрээ тоглож байгаад, дүү маань хүүхэлдэйгээ цонхоор унагаахад нь дүүдээ тусалж, хүүхэлдэйг нь авах гээд өнгийж байгаад толгойгоо дийлэхгүй унасан юм шиг…
“Хүүхдээ аваач ээ” гээд доороос хүмүүс орилолдоод л байсан юм билээ. Тэгэхэд аав, ээж хоёр маань анзаараагүй. Дөнгөж хөдөөгөөс орж ирсэн байсан гурван настай хүүхэд анх удаа дөрвөн давхарт гарсан учраас өндөр байшин гэдгийг мэдэхгүй байсан байх. Унахдаа гэрээ дотроос нь цоожлоод, түлхүүрээ халаасандаа хийсэн байсан. Аав, ээж хоёр мэдээд гарах гэтэл хаалга нь цоожтой. “Мөнгөө түлхүүр авсан” гээд ах эгч нар маань хэлж л дээ. Аав сүхээр хаалгаа эвдээд гарахад нь өөдөөс нь нэг ах цусан зам татуулаад, намайг тэврээд дөрвөн давхар руу гарч ирсэн гэсэн. Тэр ах өөрийнхөө подволкыг тайлж, ураад, гэдсийг минь ороогоод гарч ирсэн гэдэг. Намайг “Гэдэс нь хагараад хамаг юм нь гарчихсан учраас энэ хүүхэд ямар ч найдваргүй” гээд цагаан даавуунд ороогоод, нэгдүгээр эмнэлэгт моорог руу аваачсан гэдэг. Тухайн үед сувилагч нь юм уу, асрагч нь юм уу намайг авч явсан хүн мооргийн хаалга онгойлгоод ортол би даавуун дотроо хөдөлсөн гэсэн. Хөдлөхөөр нь “Амьд байна шүү дээ” гэж орилоод л, хагалгааны өрөө рүү гүйж ирээд, зүрхний аппарат залгатал зүрх нь цохилж байсан гэдэг. Тэгж хагалгаанд ороод, амьд гарсан. Өнөөдөр эрүүл саруул, өвчин зовлонгүй сайхан явж байна. Тухайн үед хугараагүй яс байхгүй байсан гэдэг. “Алтан аяганаас ус уух тавилантай байж дээ” гэж өөрөөрөө бахархдаг” гэсэн юм.
БҮЖИГ МИНИЙ ХУВЬД ЯГ Л “ХООЛ”
Түүнийг бага байхад нь “Сайн хөдөлгөхгүй бол энэ хүүхэд их богино насална” гэж хэлдэг байсан учраас аав, ээж нь Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд явуулж, бараг л өдөр, шөнөгүй бүжиглүүлдэг байсан тухай хуваалцсан юм. Өөрөө ч бүжиглэх маш дуртай байсан аж. “Хөдлөхгүй жаахан удвал оёонууд маань их өвддөг байсныг их санадаг” гэж өөрийн амьдралд тохиолдсон хэцүү бөгөөд азтай тохиолдлыг ярьсан юм.
М.Мөнгөнцэцэг “Нэг үгээр хэлбэл, бүжиг, хөдөлгөөн, хөгжим бол миний хоол гэж хэлж болно. Өдөр шөнөгүй бүжгээр амьсгалдаг. Хэдийгээр миний хажууд хань, үр хүүхдүүд, гэр бүл маань байгаа ч бүжигтэй холбоотой ямар нэгэн зүйл бодож, санаа авдаг, хардаг. Бүжиг дэглэх ёстой, найруулах ёстой, энэ тэндээс санаа авах ёстой гэж их боддог байсан. Тиймээс ч өнөөдөр бүжиг дэглээч, судлаач болж хийсэн судалгааны ажлуудаараа доктороо хамгаалсан байна” гэж ярих нь түүний амьдралыг бүжиггүйгээр төсөөлөхийн аргагүй санагдаж байлаа. Тэр амьдралынхаа салшгүй нэг хэсэг болсон бүжгээрээ 44 жил амьсгалжээ.
НӨХӨРГҮЙГЭЭР АМЬДРАЛАА ТӨСӨӨЛЖ ЧАДДАГГҮЙ
Түүний нөхрийг Д.Энхбаяр гэдэг. Тайз, дэлгэцийн найруулагч мэргэжилтэй. Тэд 1990 онд танилцаж, гэр бүл болоод хоёр охинтой болжээ.
М.Мөнгөнцэцэг “Манай хүний цэргийн алба дуусаад, халагдах цэргийн үдэшлэг зохион байгуулахад нь цэргийн ангид нь манай ангийн охид очиж, тоглолт хийсэн юм. Тоглолтын дараа нийтийн бүжигт нь орж, нөхөртэйгөө танилцсан. Бидний том охин Соёл урлагийн менежментийн мэргэжилтэй. Бага охин маань загвар зохион бүтээгч мэргэжилтэй. Манайх гэдэг айл урлагийн гэр бүл болжээ.
Анх манай хүн яг урлагаараа мэргэжил эзэмшээгүй байсан. Мэргэжлийн тогооч, уран дархан хүн. Тоглолтод явах, энд тэнд очоод бүжигчдийг харсаар дасаад “Ерөөсөө би урлаг руу өөрөө оръё” гэж бодсон юм шиг байгаа юм. Орохдоо кино драмын тайз, дэлгэцийн найруулагчийн ангийг төгссөн.
Хүүхдээ тэврээд л сургууль дээр ирнэ. Хөхүүлчхээд л аваад явна. Би тоглолтод явна, хүүхдээ аваад л дагаад явна. Би тоглолтод орно хүүхдээ хүнд харуулаад, нөхөр маань тайзны ард надад хувцсаа солиход тусална. Миний тоглолтын арын алба, уран бүтээлийн арын алба, амьдралын арын алба гээд бүх л зүйлээ нөхөргүйгээр төсөөлдөггүй байсан” гэж ярих нь түүний нөхөр ямар халамжтайг илтгэж байв.
ШАВЬ НАРТАА ХҮНЛЭГ, ЁС ЗҮЙТЭЙ БАЙХЫГ ЗАХИДАГ
М.Мөнгөнцэцэг маш олон шавьтай. Улаанбаатар хотод байгаа бүх театр, чуулгууд болон 21 аймгийн бүх сумын 80 хувьд нь шавьтай гэнэ.
Тэр 1991 онд цэнгээнт бүжгийн “Улаан сарнай” хамтлагийг хамтран, 1993 онд ХААИС-ийн дэргэдэг “Хатантуул” хамтлагийг бие даан үүсгэн байгуулжээ. Мөн 2004 онд “Nature Dance” мэргэжлийн бүжгийн студийг санаачлан, үүсгэн байгуулж, 2010 онд үүнийгээ мэргэжлийн бүжгийн компани, продакшн болгон өргөжүүлж, 2022 онд “Соёмбо” чуулгыг хамтран үүсгэн байгуулжээ. Түүний үүсгэн байгуулсан “Хатантуул” хамтлагийн шавь нар нь “Star”, “Moon dance”, “Угсаатан” зэрэг хамтлагийг үүсгэн байгуулсан байна.
“Ингээд бодохоор би ахмад багшийн эгнээнд орсон байна. Багш хүний алдар гавьяа, бахархал эргээд харахад сайхан байдаг юм байна. Би шавь нартаа “Зарчимтай, ёс зүйтэй байх ёстой. Хүнийг ойлгож, шавь нартаа энэрэнгүй зөөлөн ханддаг байх хэрэгтэй. Энэ миний шавь, энэ биш гэдэг утгаар нь бус хүн гэдэг утгаар нь хандах ёстой гэдгийг байнга хэлдэг” гэсэн юм.
Сэтгүүлч: Т.Болортуяа
Зураглаач: М.Болдхүү, Б.Ёндонжамц
Зурагчин: Д.Занданбат
Бичлэгийг дээрээс үзнэ үү.